Гишүүдийн хэн нь ард түмний төлөө, хэд нь хувийн компанийн талд дуугарав
6.5 тэрбум коксжих нүүрсний нөөцтэй, дэлхийн томоохон нүүрсний ордуудын нэг Тавантолгойн нүүрсний ордын асуудал өнөөдөр улс төрийн хамгийн халуун сэдэв болоод байна. Энэ ордын тендерийг 2010 онд зарлаж, улмаар хөрөнгө оруулагчид шалгарсан ч дан ганц нэг талыг барьсан, Монгол Улс, монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэр гаргасан хэмээн улстөрчид эсэргүүцээд байгаа юм.
Тэр тусмаа нэг сайд Монгол Улсын стратегийн ордод дур мэдэн гэрээ хийж, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийн санал бодлыг сонсохгүйгээр гэрээг байгуулах гэж байсан нь өнөөдрийн маргааны гэрээний сэдэв болоод байна. Тавантолгойн ордод хувийн хэвшил /Энержи Ресурс/, төрийн оролцоо /Эрдэнэс Тавантолгой/ орж ирснээр ашиг нь юу байх юм гэсэн хамгийн энгийн асуултыг л ард түмэн асууж байгаа.
Тиймээс ММ энэ удаагийн дугаартаа УИХ-ын 76 гишүүнээс Тавантолгойг төрийн мэдэлд буюу Эрдэнэс Тавантолгой 51 хувь эзэмших зарчмаар ажиллуулах уу, эсвэл Монгол талыг хувийн хэвшлийн “Энержи Ресурс” төлөөлж хөрөнгө оруулагчидтай гэрээ хийгээд явах уу гэсэн асуултыг асуулаа. 76 гишүүний зарим нь албан томилолттой, хаана байгаа нь тодорхойгүй, өрөөндөө бүтэн өдөржин ирэхгүй зэрэг бэрхшээлтэй асуудал тулгарч байсан ч бид хүн нэг бүрийн амнаас үг унагахыг чухалчихсан юм. Гишүүд хэрвээ байр сууриа илэрхийлэхгүй бол тэр байр суурийг нь тавина. Тэд ажлын хэсгийн дүгнэлтийг харж, УИХ-аар орж ирсэн тохиолдолд байр сууриа илэрхийлнэ хэмээн мэдэгдэж байна. Нөгөө талд төр нь байна уу, хувийн хэвшил нь явуулна уу. Ашигтай л байх ёстой гэсэн ерөнхий хариулт өгөх гишүүд ч цөөнгүй байлаа. Нөгөө талд төр 51 хувиа эзэмшээд, иргэддээ хувьцааны ашгаа өгөөд, Тавантолгойгоос 20 жилийн дараа биш хөдлөөд эхлэхэд нь ашиг хүртэх байдлаар явах ёстой гэсэн байр суурьтай гишүүд илүү олонхи байлаа. Энэ дугаартаа бид эхний 36 гишүүний байр суурийг хүргэж байна. Үргэлжлүүлэн дараагийн дугаараас та үлдсэн гишүүдийн байр суурийг сонирхоорой.
Ашигтай л шийдэх ёстой
Я.Содбаатар: Бид Тавантолгойн хэлэлцээрийн явцыг анхааралтай ажиглаж байна. Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Харин тус төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсгийг байгуулсан нь анх удаа горимд өөрчлөлт орсон зүйл болж байна. МАН Засгийн газарт анх орохдоо Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар АН-тай гэрээ байгуулсан. Тус гэрээнд Тавантолгой болон Оюутолгойн орд газрын асуудлаар гэрээнд өөрчлөлт оруулахдаа өнөөдрийн хууль эрх зүйн болон эдийн засгийн төвшинг буулгахгүй гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл одоо байгаагаас нь давуулсан боломжийг Монгол Улсад авчрах ёстой. Үүнээс гадна Тавантолгойн орд газарт хувьцаа эзэмшигчдийн асуудал байна. Манай улсын иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Харин энэ 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, амилуулах, мөнгөжүүлэх нь Тавантолгойн түгжээг тайлах асуудалтай хамт шийдэгдэх асуудал гэж харж байна. Нөгөө талаас Тавантолгойн хэлэлцээрт орж байгаа консерциумд нэг хүсэлт тавьж байгаа. Тэр нь Монголын аж ахуй нэгжүүдийн оролцоог хангах чиглэлээр нэмэлт хувьцаа гаргах зэрэг үйл ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж МАН-ын бүлгийн ажлын хэсэг үзэж байгаа. Мөн Тавантолгойн орд газрыг сорчлохгүйгээр иж бүрнээр нь ашиглах нь манай улсын хувьд хамгийн чухал асуудал болоод байна. Ингэж чадвал тус орд газрын эдийн засгийн үр өгөөжийг хүн бүр хүртэх боломжтой болох юм. Өнөөдөр Тавантолгой бол УИХ-д баригдахаасаа илүү Ардчилсан нам доторх фракц бүлэглэлүүд хоорондын хэрүүл болчихсон байна.
Ж.Энхбаяр: Засгийн газраас оруулж ирсэн хувилбар явахгүй болсон. Бизнесийн асуудалд улстөрчид хошуу бага дүрэх нь тустай юм. Уг нь Тавантолгойн төсөл бизнесийн зарчмаараа явах ёстой. “Эрдэнэс Тавантолгой” нь байна уу “Энержи ресурс” уу УИХ-д хамаагүй. УИХ уул уурхайн салбарт баримтлах ерөнхий бодлогоо л гаргасан, татварын орчноо тогтоосон. Тэр хүрээнд Засгийн газар ажиллах асуудал байсан. Нэг талдаа энэ бол хариуцлагын асуудал. УИХ оролцож байж Засгийн газар хариуцлага хүлээх боломжгүй. Гүйцэтгэх эрх мэдлийг авч байгаа Засгийн газарт эрх мэдэл алга.Энэ бол манай засаглалын хэлбэрийн муу шинжийг ил гаргаж байна. Миний ойлгож байгаагаар бидний хамгийн том зовлон бол эрдэс баялаг. Хүний бүтээгээгүй, нэмүү өртөг шингээгүй байгалийн баялгийг ашиглахдаа ухаалаг хандахгүй бол улс орныг сүйрүүлэх айхтар увидастай гэдгийг л мэдэрч байна. Засаглалыг улс төрийн намуудыг амархан залгидаг юм байна. Төрт ёсыг унагаадаг юм байна. Үүнийг эрдэс баялгийн хараад гэдэг юм байна гэдгийг одоо ойлгож байна шүү дээ. Тиймээс асуудлыг гурван талт хэмжээсээр харах ёстой. Хэтэрхий нэг өнцгөөс асуудалд хандаад байгаа учраас ийм талцал үүсээд байна. Намууд, УИХ-ын гишүүд, нийгэм хуваагдлаа. Энэ нь өөрөө үндэсний эв нэгдэлд нөлөөлөхүйц, нийгмийн зөрчлийг бий болгож байна. Үүнийг улстөржүүлж, дэврээж хөөргөж байгаа нь өөрөө ноцтой асуудал.
Ц.Оюунбаатар: Монгол Улсад өнөөдөр Тавантолгойгоос өөр ярих сэдэв алга л даа. Энэхүү орд газрыг монголчуудын эрх ашигт нийцсэн, Үндсэн хуулийн зургадугаар зүйл “газар түүний доорх баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн заалтын дагуу шударга, харилцан ашигтайгаар хийх ёстой юм. Тиймээс би зовж байна. Гэвч энэ асуудлаар хэт улстөржиж, бүлэглэлүүд хоорондоо талцаж байгаад харамсч байна. Би энэ асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу гурван сая иргэний эрх ашгийг дээдэлж шийдээсэй л гэж хүсч байна. Монголын талын хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс Тавантолгой”, “MMC”-ийн аль нь ч байсан хамаагүй. Аль нэг улс төрийн бүлэглэл, эсвэл намын эрх ашгийн үүднээс энэхүү асуудалд хандахгүй байгаа. Өөрөөр хэлбэл Тавантолгойн гэрээгээр улс төр хийх сонирхол алга. Мөн энэхүү гэрээ хэлэлцээрийг хийж байгаа Ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах нь чухал. Гэхдээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг шийдэхгүй бол Монгол Улс дампуурах гэж байгаа мэтээр ойлгох хэрэггүй. Энэ бол манай улсын стратегийн 15 орд газрын нэг. УИХ Тавантолгойн гэрээг нээлттэйгээр хэлэлцэх ёстой. Энэ бол ганцхан Ардчилсан намын Тавантолгой биш. Ардын намын ч Тавантолгой биш. МАНАН-гийн Тавантолгой биш гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. МАНАН Оюутолгойг яаж шийдсэн билээ. Монгол Улсыг бутаргаж, улс төр, бизнесийн хүрээнд шуугиан тарьж, олон улсын зах зээл дээр Монголын нэр хүндийг унагасан шүү дээ. Өнөөдөр яагаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь Үндсэн хуулийнхаа зургадугаар заалтыг ярихгүй байгаа юм бэ. Үүнийг л сануулж байна. Түүнээс биш хэнтэй хамтрах нь гол асуудал биш юм.
Г.Баярсайхан: Тавантолгойгоор би сүүлийн үед олон хэвлэлд байр суурь илэрхийллээ. Би ганцхан зүйлийг л хэлж байгаа. Энэ ордод төрийн оролцоо ч байх ёстой. Хувийн хэвшлийн компаниудаа ч дэмжих ёстой. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь хэд байх юм, Энержи Ресурс ч юм уу аль нэг хувийн хэвшлийн компани хэдэн хувийг эзэмших юм. Гадны хөрөнгө оруулагч хэдэн хувь дээр ямар зарчмаар ажиллах юм гэдгээ УИХ-аар ярилцаад л шийдчих ёстой.
А.Бакей: Тавантолгойн төсөл дээр хамгийн гол нь ард түмэнд ашигтай байх уу гэдэг л чухал. Тэрнээс биш төр хувь эзэмших ёстой, эсвэл хувийн хэвшилд 51 хувийг өгөх асуудал чухал биш л дээ. Төрийн өмчит компани 51 хувийг эзэмшсэн тохиолдолд ард түмэнд наалдах ашиг нь юу байх юм гэдгийг бид маш сайн ярилцлах ёстой. Ард түмэн энэ ордоос баялаг эзэмших ёстой. Ажлын хэсэг, УИХ-аар сайтар ярилцаад хувийн хэвшил нь авч яваад хөгжүүлнэ гэж байгаа бол тэдэнд л өг. Хэрвээ төр 51 хувийг эзэмшээд эндээс иргэддээ баялаг хуваарилна гэж байгаа бол тэгээд л шийдчихнэ. Хамгийн гол нь УИХ-аар асуудлыг олон талаас нь ярилцаад талууд сууж байгаад ярилцаад шийдвэр гаргамаар байна. Төр 51 хувийг эзэмшихийг дэмжинэ.
Төр 51 хувийг эзэмшихийг дэмжинэ
Д.Батцогт: Тавантолгойн асуудлаар бид улс орныхоо эрх ашгийг бодож, шийдвэрээ гаргах ёстой. Тавантолгой дэлхийн хэмжээний орд. Монголын ард түмэн хувьцааг нь эзэмшдэг. Өнгөрсөн сонгуулиар бүх намууд амлалтдаа Тавантолгойн асуудлыг тусгасан. Ардчилсан нам “Төрийн эзэмшил 51 хувиас доошгүй байна” гэсэн бол “Шударга ёс” эвсэл 100 хувь ард түмний мэдэлд байлгана, МАН 50 хувиас дээш төрийн эзэмшлийн хувь хэмжээг байлгана гэж амласан. Ийм амлалт өгсөн учраас ард түмэн сонголтоо хийж, энэ УИХ бүрдсэн. Тэгэхээр бид амлалтаа биелүүлэх үүрэгтэй. УИХ-аас өмнө нь гарсан тогтоол, шийдвэрүүд ч бий. Бид Засгийн газраас өргөн мэдүүлж байгаа гэрээний төслийг хуульд нийцүүлэх үүрэгтэй. Хуульд нийцүүлээд, ард түмэн, улс орныхоо язгуур эрх ашгийн үүднээс шийдэх ёстой. Түүнээс биш гацаая гэж байгаа УИХ-ын гишүүн нэг ч байхгүй. Засч, янзлах ёстой гэдгийг л хэлж байгаа. Дэмжээд явуулъя, ингэхдээ төрийн эзэмшлийг 51 хувь байлгая. Үлдсэн 49 хувь дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хамтраад ажиллацгаая. Ийм байдлаар шийдвэр гаргаад, гэрээгээ урагшлуулах ёстой. Гэрээнд монголын компани төслөө 100 хувь эзэмшээд, хөрөнгө оруулагчид зөвхөн менежмент хийхээр байгаа юм шиг боловч бодит байдалд бүх эрхийг шилжүүлсэн гэрээ байна лээ. Одоогийн орж ирсэн төслөөр ард түмэнд ногдох зүйл байхгүй байгаа. 1072 хувьцааны үнэ цэнэ, ач холбогдлыг Засгийн газрын гишүүд бас буруу л тайлбарлаж байгаа. Ард түмэнд том намууд бүгд амлалт өгсөн. Бид энэ сонголтыг өнөөдөр нулимах эрхгүй.
З.Баянсэлэнгэ: Тавантолгойн орд газрын тэр баялгийг бид ярьж байгаа. Тэр баялаг газар доор байхдаа ард түмний мэдэлд байгаа атал газрын хөрсөнд гараад ирэхээр ард түмэн эзэн нь биш, гаргаж ирсэн хүмүүсийн мэдэлд байх ийм зүйл л явагдаад байна. Тэгэхээр бид энэ асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх ёстой. Гэхдээ ямар хувилбараар хэнд ашигтай, үр өгөөжтэй, хуулиа зөрчихгүй явуулах нь хамгийн чухал. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой юу гэвэл ёстой. “Эрдэнэс Тавантолгой”-г үр ашиггүй ажиллаж байгаа гэдэг ч богино хугацаанд Чалкогийн өрийг дараад явж байна. Тиймээс бид энэ явж байгаа асуудлыг цаашид илүү хурдацтай, үр өгөөжтэй яаж шийдвэрлэх вэ гэдэг гаргалгааг зөв харах ёстой. 1072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах хувилбараар явах учиртай. Өөрөөр хэлбэл, ард түмний мэдэлд баялгаас хишиг хувь хүртээх асуудал 100 хувь байх ёстой. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай. Эцсийн дүндээ Шийдлийн Засгийн газар олон намын төлөөлөлтэй учраас ард түмний төлөөх хувилбарыг дэмжих учиртай.
Ц.Баярсайхан: УИХ-ын өмнө нь гаргасан шийдвэрийн дагуу ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, төр 51 хувиа эзэмшээд явсан нь дээр.
Х.Тэмүүжин: Том төсөл явах хэрэгтэй. Эдийн засаг нам зогслоо, улс мөнгөгүй болчихлоо. Бизнес хумигдаж, ажлын байргүй болж байна. Тийм болохоор Оюутолгой, Тавантолгойгоо хөдөлгөх ёстой. Том ордуудаа дагаад жижиг ордуудаа ч гэсэн хөдөлгөх цаг болсон.
С.Одонтуяа: Одоо ажлын хэсгийн мэдээллийг бүрэн сонсоогүй байна. Ажлын хэсгийн мэдээлэл бидэнд ирээд, сонсохоор энэ асуудал тодорхой болно. 100 хувь гэж үзэх юм уу, 51 хувь гэж үзэх үү гэдгийг шийдэх байх. Миний хувьд бол хууль тогтоомж зөрчиж байгаа заалтуудаа засварлаад, аль болохоор хурдан шийдэх нь зөв байх гэж бодож байна. Ер нь бол эдийн засгийн асуудалд маш их санаа зовж байгаа. Хоёр жилийн өмнө би хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө эдийн засгийн онц байдал тогтоох ёстой. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх алхмуудыг хийхгүй бол дөнгөж уугиж байгаа асуудал түймэр дэгдээх хэмжээнд очоод байна шүү гэдгийг удаа дараа хэлж байсан. Бүлгийн хурал дээрээ ч хэлдэг. Тэгэхээр энэ том эрсдэлийг тооцох ёстой гэж үзэж байгаа. Мөн асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэлэлцэхдээ маш хурдан, цаг алдалгүй, хоосон улстөржилгүй, эдийн засгийн өнөөгийн байдалдаа тааруулаад яаравчлах хэрэгтэй. Энэ бол гурван жилийн биш 30, 60 жилийн гэрээ учраас их нухацтай хандах ёстой гэж бодож байна.
Р.Амаржаргал: Монгол Улсад Оюутолгой, Тавантолгойгоос өөр олон эдийн засгийн салбар байна. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гэх мэт үйлдвэрлэлийн шинж чанартай зүйл бий. Тиймээс бид зөвхөн энэ хоёр төсөл байгаа мэт зүйлийг ярихгүй байх нь чухал. Гэхдээ уул уурхайн салбар Монгол Улсыг хөгжүүлж, иргэдийн амьдарлыг дээшүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр уул уурхайн салбар монголчуудыг хэрэлдүүлж, муудалцуулж, хагаралдуулж байна. Тиймээс энэ хоёр толгой шийдэл нь үү, асуудал нь уу гэдэг зүйл гарч ирээд байна. Энэ том төсөл шийдэл нь байгаасай гэж би үзэж байгаа ч үнэн хэрэгтээ асуудал болоод байна. Бид асуудлаа шийдэж чадахгүй бол бид орхичих хэрэгтэй. Тиймээс шийдлээ олтол асуудлыг хойшлуулах ёстой. Гэхдээ Тавантолгойн асуудал “Энержи ресурс”-тэй, ресурсгүй явчих ёстой. Миний бодлоор гишүүд хэл амаа олохоос нааш энэ асуудал хөдлөхгүй гэж бодож байна.
Ж.Батзандан: Тавантолгойн хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид Монгол Улсын хуулиа дагаж мөрдөх ёстой.Стратегийн ордуудын ашиглалт, олборлолт, эзэмшлийн асуудал дээр УИХ шийдвэрээ гаргана гэж хуульд тодорхой заасан байгаа. Тэгэхээр УИХ-ын эрхэд хамаарч байгаа асуудлыг Засгийн газар шийдэж болохгүй. УИХ-ын 76 гишүүн бол Монголын ард түмнийг төлөөлж байгаа. Энэ асуудлыг УИХ-ыг тойруулах замаар хэлэлцвэл хууль зөрчсөн үйлдэл болно. Эх орноо гадаадынханд үнэгүй худалдана, ард иргэдээсээ асуулгүйгээр дуртай шийдвэрээ гаргаж болохгүй. 6.3 тэрбум тонн гэж тооцоолоод нэг тонн нүүрсийг 30 доллараар бодоход 180 тэрбум долларын хөрөнгө газар доор байна. Энэхүү хөрөнгийг тооцоо судалгаагүй зөвхөн гадаадынханд найр тавьсан байдлаар шийдвэрлэхийн эсрэг байгаа.
Д.Ганхуяг: Хоёр тал дэлхийд томд тооцогдох ордыг харилцан ашигтай хамтран ашиглах тохиролцоог зохицуулах зорилготой гэрээний төсөл болохоор аль аль талд нь ашиг байж таараа. Гэвч УИХ-д өргөн баригдсан гэрээний төслөөр улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордын эзэн буюу хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд, Засгийн газарт оногдох ашиг маш бага байна гэж ойлгосон. Тавантолгойн орд бол Оюутолгойн ордоос ялгаатай нь улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон. Энэ утгаараа хуульд заасны дагуу энэ ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэн нь өнөөгийн байдлаар Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгж, Монголын Засгийн газар буюу "Монголын тал гэх" юм. Гэтэл гэрээний төслөөр бол 60 жилийн хугацаанд ноогдол ашиг гэж авахгүй, энэ ашгийн оронд жил бүр борлуулалтын орлогын 2.5 хувьтай тэнцэх түрээсийн төлбөр авах бололтой. Ер нь ордоо хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахад нэгд ордоо барьцаалж зээл авч болно, эсхүл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийнхаа тодорхой хувийг хөрөнгийн биржээр хаалттай болон нээлттэй хэлбэрээр арилжиж болно.
Л.Эрдэнэчимэг: Энэ хувилбараар батлаад явуулбал 80 хувийг нөгөө талд өгнө. Маш ашиггүй гэрээ болно. Гэрээг өөр өөрөөр тайлбарлаад хүмүүсийн толгойг эргүүлээд байна. Тэрнээс биш Эрдэнэс Тавантолгой байвал ийм ашигтай байна. “Энержи Ресурс” орвол ийм ашигтай байна гээд үзүүлчихээр хүмүүс ойлгочихно. “Энержи ресурс” компанийн Тавантолгойн дээрх бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, бэлэн мөнгө бараа материал энэ бүхэн нь 570 сая ам.долларын барьцаанд байгаа. Дээр нь 600 сая ам.долларын бондод ММС, Люксенбург болон Хонгконг дахь охин компаниудын хувьцаа тэр чигтээ барьцаанд байгаа. Өнөөдөр нүүрсний үнэ хямд, 80 ам.доллараас доогуур байгаа нөхцөлд тухайн компани дараачийн 2-3 жилийн хугацаанд ашгаа олж, барьцаанаас гарах ямар ч боломжгүй байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.долларт хүрч байж л эднийх ашигтай ажиллаж, эхний өр төлбөрөө гүйцээх юм билээ. Гэтэл 2017 онд буюу хоёр жилийн хугацаанд бүх өрөө төлж дуусгасан байх ёстой ч боломжгүй. Тэгэхээр энэ хугацаанд компани бүх зүйлээ алдаад дампуурах эрсдэлтэй гэж ажлын хэсгийн гишүүд харж байгаа. Тавантолгой дээр маш богино хугацаанд шалгаруулалт явагдсан. Тиймээс одоо шалгарсан компаниудад зориулсан шалгаруулалт явсан гэж харж байгаа. Миний хувийн бодол бол дахин тендэр зарлаад, олон улс орны компаниудыг оролцуулаад үзэх шаардлагатай болов уу гэж харж байгаа.
М.Зоригт: Тавантолгойг анхнаасаа л УИХ-аар дэмжих ёстой гэсэн саналыг би дэмжиж байсан. Энэ байр суурь дээрээ л байгаа. Стратегийн том ордуудаас төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн тохиолдолд хувь эзэмшинэ гэсэн заалт бий. Тиймээс Тавантолгойн орд дээр төр 51 хувийг эзэмшээд, түүнийгээ төрийн өмчит компанийн хүрээнд ажиллуулж, ард түмэн тэндээс ашиг олох ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Х.Болорчулуун: Бүх намууд 2012 оны сонгуулийн өмнө төр төрийн болон төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордоос 51-ээс дээш хувийг хувь эзэмшинэ гээд мөрийн хөтөлбөртэй хүртэл тусгасан. Та мөрийн хөтөлбөрүүдийг нь хараарай. Ард түмэн стратегийн ордоос хувь хүртэх, төр 51 хувийг эзэмшиж тэндээсээ баялаг хүртээнэ гэсэн заалт байгаа. Гэтэл өнөөдөр төр эзэмшихгүй ээ, нэг хувийн компанид өгнө өө гээд хэрэлдэж байна. Норвеги зэрэг улсад төр хувь эзэмшдэг жишиг бий. Ардын нам, АН хоёулаа энэ ордоос болж хэрэлдэж байгаа. Сар шинийн үеэр баахан хууль бөөндөж батлах үеэр стратегийн ордуудаас төр хувь эзэмшихгүйгээр 0-5 хувийн тусгай татвар авч болно гэсэн хууль баталчихсан. Тэр хуульдаа одоо өөрсдөө ороогдоод Тавантолгойг хэрүүлийн алим болгож гүйцлээ. Засгийн газар маш хариуцлагагүй гэрээг хийх гэж байсан. Тиймээс дахиж Засгийн газарт итгэж чадахгүй. Энэ ордыг УИХ-аар хэлэлцэх ёстой гэж харж байгаа.
С.Дэмбэрэл: Миний байр суурь тодорхой байгаа. Нэгдүгээрт, төр Тавантолгойгоос алтан хувьцаа эзэмших ёстой. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого гэдэг дээр “Төрийн өмчит компаниуд нүүрс, зэс ухах биш ерөнхий гэрээлэгчээр ажиллана” гэдэг цоо шинэ зарчмыг суулгаад өгчихсөн юм.Тэгэхээр төрийн үүрэг тодорхой байгаа биз. Хоёрдугаарт, Компанийн тухай хуульд алтан хувьцаа эзэмших боломж харагдаж байгаа. Тэгэхээр төр “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компаниараа дамжуулаад уул уурхайн салбар дахь төрийн бодлого стратеги хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг хянахын тулд хориг тавих эрхтэй. Нэг ширхэг алтан хувьцаа эзэмшихэд л хангалттай. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой” компани Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод заасны дагуу ерөнхий гэрээлэгч болно. Операторууд нь хэн байх юм гэдэг нь тодорхой болох ёстой. Монголын үндэсний компаниуд консерциум байгуулж болно. Гадаадын хөрөнгө оруулагчдын консерциум байж болно. “Эрдэнэс Тавантолгой” ерөнхий гэрээлэгчийн хувьд тэдэнтэй гэрээ хийнэ гэсэн үг. Дараа нь Таван толгойн арван хувийг эзэмшиж байгаа компаниуд бий. Тэд бол энгийн хувьцаа эзэмшигчид. Яах гэж Таван толгойгоос хувьцаа худалдаж авсан бэ гэвэл ордыг ашиглалтад ороод эдийн засгийн эргэлтэд орсон тохиолдолд үр шим хүртэхийн тулд шүү дээ. Тиймээс тэр компаниудад боломж олгохын тулд туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд тэргүүн ээлжинд орох эрхийг нь өгөх ёстой. 1072 хувьцаа бол давуу эрхтэй. Тиймээс та бид Таван толгойн давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид юм. Үндсэн хуульд УИХ нь ард түмнийг элч байна гээд заагаад өгчихсөн биз дээ. Тиймээс ард түмэн саналаа УИХ-аар дамжуулаад өгчихсөн. Ард түмний элч хуралдаад асуудлыг шийднэ. Таван толгой ашиглалтад ороод тодорхой хэмжээнд боломж үүсэнгүүт ард түмэн хувьцааныхаа ашгийг хүртэх боломжтой. Тэрнээс наана худлаа шүү дээ. “Эрдэнэс Таван толгой” хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаагүй байгаа тохиолдолд хувьцааны үнэлгээ тодорхойгүй.
С.Ганбаатар: УИХ-ын тогтоол шийдвэрүүдэд 51 хувь гэсэн асуудал гарчихсан байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид энэ талаарх санал бодол тусчихсан. Ялсан намуудын 2012 онд нэр дэвшиж өрсөлдөж байсан мөрийн хөтөлбөрт яг энэ талаар ярьж байсан. Тавантолгой дээр төр хувь эзэмшихгүй гэж байгаа бол намууд ард түмнээсээ уучлалт гуйх ёстой. Бид хуурсан юм гээд хэлчих. Төрөөс бизнест оролцож болохгүй гэж олон жил “донгодлоо”. Төр оролцохгүй байж болно. Бас оролцох эрх нь нээлттэй. Гэхдээ төрөөс зохицуулахгүй байна гэж хэзээ ч байхгүй. Заавал зохицуулалт хийх ёстой. Үндсэн хуульд заачихсан. Төр бизнес хийхгүй байж болно. Гэхдээ өмчгүй байна гэсэн үг биш. Төр өмчтэй байж болно. Гэхдээ түүнийгээ өөрөө удирдахгүйгээр явж болно. Тиймээс 51 хувийг төр эзэмших ёстой гэдгийг дэмжиж байгаа. Төр ашигтай ажиллуулж чаддаг тохиолдол олон бий. Эрдэнэт гэхэд л Төрийн өмчит компани. Хувийн хэвшил ажиллуулж байсан бол яах байсан бол. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр 1978 оноос хойш төрийн албан хаагчдын хоол, мөнгийг даалаа. Гэтэл Оюутолгойг хар. ГОК шиг ашиг өгөхгүй байна. Норвеги уул уурхайгаараа ард түмнээ сайхан амьдруулж байна. 100 хувь ордоо төр нь эзэмшдэг. УИХ-аар хэлэлцэхийг ч би дэмжиж байгаа юм. Олон талаас нь ярьж байж л иргэдийн эрх ашгийг хангана. Хэдэн зуун тэрбумын өмчтэй ордыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй гэж зүтгээд байгааг би ойлгохгүй байгаа. Хувийн хэвшлийг ад үзээгүй шүү. Төрийн оролцоо л байх ёстой гэж хэлээд байгаа хэрэг.
Р.Бурмаа: Эдийн засаг хүнд байна гээд яарч дутуу дулимаг гэрээ хийх нь оновчтой биш. Тавантолгой бол ард түмний хувь эзэмшдэг орд. Засгийн газрын хурал дээр гэрээний төслийн талаар шүүмжлэлтэй байгаа заалтуудаа хэлсэн. Нэлээн олон зүйл заалт дээр шүүмжлэлтэй хандсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй байх. УИХ дээр хэлэлцэх үед байр сууриа илэрхийлнэ.
З.Энхболд: Тавантолгойн орд гэдэг нь зургаан тэрбум 400 сая тонн нүүрстэй.Дэлхийн хамгийн хямдхан олборлож болох, коксжих нүүрсний орд. 400 саяыг нь Ухаа худагт өгөхөөр зургаан тэрбум нь үлдэж байгаа юм. Тавантолгой чинь Ухаа худаг, Баруун, зүүн цанх гээд таван хэсгээс бүрдэнэ. Тэрнээс нэгийг нь MSC авчихсан. Зургаан тэрбумын нөөцтэй компаниас 10 хувь нь ард түмний мэдэлд байгаа.Эндээс ямар зүйл үлдэх гэж байна вэ гэхээр Засгийн газар, ард түмэнд хоёр хувийг л өгөөд үлдсэн 98 хувийг нь тэд өөрсдөө авах гээд байна. Гаргаж ирсний хөлсөнд авна. Хөрсийг нь хуулаад гаргаж ирсний төлөө ийм харьцаагаар хуваана гэсэн. Би хувьцаа эзэмшигчийн хувьд зөвшөөрөхгүй. Засгийн газар миний өмнөөс ийм гэрээ хийхийг би зөвшөөрөхгүй. Тиймээс л хувьцаа эзэмшигч иргэдээсээ асууя гэж байгаа юм. Зүгээр газар дор байсан нүүрсийг газар дээр гаргасны төлөө хоёр хувь авах уу. Жил бүр 30 саяар зөөхөд хоёр хувь гэхээр 25 сая ам.доллартай болно. Энэ компанийн өр 500 сая орчим. 500 саяыг 25 сая хуваахаар 20 жил. Эрдэнэс Тавантолгойг 60 жилээр хоёр хувиар нь зарвал эхний 20 жил буюу 2035 он хүртэл ногдол ашиг 0 хувь. 2036 оноос 2.5 сая ам.долларыг хувааж авна. 2.5 сая ам.долларыг хоёр сая 150 мянган хувьцаа эзэмшигчид хуваахад 1.25 ам.доллар болж байна. Монгол төгрөгөөр 2500 төгрөг.Авсан хүнд ажиллуулахгүй байх эрх нь бий.
Х.Баттулга: Том төслүүд явж байгаа юу гэвэл явж байгаа. Эрдэнэс Тавантолгой чинь төрийн өмчит компани. Ажил нь явж байгаа компани. Хориг тавьж тоглоогүй. Бид хоригоо үндэслэлтэй ярих гээд байна. Хэдэн жилийн дараа үнс болно гэх юм. Яаруулаад л байдаг. Тэгвэл хэдхэн жилийн дараа үнс болох юм бол 60 жилээр гэрээ хийж яах юм. Нүүрсний хэрэглээ байнга байна. Тавантолгой бол улсын төсвөөр хайгуул хийгдээд нөөцийг нь тодорхойлсон орд. 6.5 тэрбум нүүрсний ордоосоо 200 саяыг нь барьцаалаад зээл авахад ч бид жилд 20 сая тонныг гаргаад 10 жилд л төлөөд дуусчихна. 6.5 тэрбум нүүрснийг тонныг нь 30-50 ам.доллараар тооцоход 325 тэрбум төгрөг болно. Харин энэ ордыг сонирхож байгаа ордууд бол хамгийн их нь 45 тэрбум хөрөнгөтэй Шинхуа. Энэ ордыг явуулснаар MMC, Шинхуа гэсэн компаниудын хувьцаа л өснө. Нүүрсний салбарт том акул болгох ажлыг бид хийнэ. Бидний хувьцаа өсөхгүй. “Энержи Ресурс”, Шинхуа гэсэн хувилбараар явахад 20 гэр бүл тасартлаа баяжина. Бидний яриад байгаа хувилбараар 20 жилийн дотор Монгол Улс хөгжих хувилбар юм. Намын харьяалалаар ажилд тавьдаг, тэд компанийг нь ашиггүй ажиллуулахаар эргээд төрийн буруу гэж болохгүй. Төрийн өмчит компани ашигтай ажиллаж болдог. Тиймээс төрийн өмчит компанийн оролцоо байх ёстой. УИх-ын дарга бүрэн эрхийн хүрээнд УИХ руу оруулж ирснээс хойш гэрээ дөрвөн удаа өөрчлөгдлөө. Нэгнийх нь фактыг гаргаад тавихаар биш байна дараагийн гэрээ гээд л. Тэр гэрээнд зурсан бол гэмт хэрэг болно.
Б.Гарамгайбаатар: Ажлын хэсгийн дүгнэлт эцсийн байдлаар гарч ирээгүй учраас тодорхой тоо, баримт ярихад хэцүү байна. Яригдаж байгаа гол зүйл гэвэл 1072 ширхэг хувьцааны асуудал. Шинхуа групп “Энержи ресурс”-ыг сонгосон гэдэг асуудал нэлээд ноцтойгоор яригдаж байна. Яагаад гэвэл Монгол Улс өөрийнхөө төлөөлөл болгож оруулж байгаа төрийн болоод хувийн хэвшлийг сонгох эрх байхгүй нь мэдээлэл өгсөн хүмүүсийн амнаас унасан үг. Хөрөнгө оруулалтын асуудал нь нэлээд маргаантай байгаа. Жишээлбэл, Энержи ресурсын Таван толгойн Ухаа худагт байгаа хөрөнгө оруулалт нь хэдий хэмжээний хөрөнгөөр боссон юм. Тэр хөрөнгө оруулалтаа хэд дахин өсгөж энэ жагсаалтад орж ирж байгаа юм гэдэг нь маргаантай. Мөн гуч, гучин жилээр сунгах асуудал шүүмжлэл дагуулж байгаа. ММС-гийн доод талд Энержи ресурс 51 хувийг нь, Шинхуа 49 хувийг нь авна гэсэн гэрээний ерөнхий зураглал орж ирсэн. Хэвлэл мэдээлэл, олон улсын санхүүгийн байгууллагуудын тайлан мэдээг ажлын хэсэг судалж үзэж байгаа гэж бидэнд тайлбар өгсөн. Ингэж Энержи ресурстай холбоотой санхүүгийн учир ойлгогдохгүй зарим мэдээлэл байна гэж үзэж байгаа юм. УИХ дээр зайлшгүй үзэх, судлах ёстой нөхцөл байдал үүссэн учраас ажлын хэсгийг ажиллах боломжийг гаргах ёстой.
Байр сууриа илэрхийлэхгүй
Н.Батцэрэг: УИХ энэ асуудал дээр ажлын хэсэг томилоод ажиллуулж байгаа. Ажлын хэсгийн судалсан, нягталсан, хуульд нийцэж байгаа гэж үзсэн, Монгол Улсын эрх ашиг яаж хангагдаж байгаа юм. Хэлэлцээрийн явцад хийсэн тооцоо судалгаан дээр хийсэн дүгнэлтийг үзэж байж өөрийнхөө байр суурийг илэрхийлэх хэрэгтэй байх. Түүнээс биш ажлын хэсэгтээ зэрэгцээд хувийн байр суурь гэж ярих нь зохимжгүй. Нэгэнт УИХ-аар хэлэлцэнэ гэж байгаа учраас ажлын хэсгийн дүгнэлтийг үзэж байж л санаа оноогоо ярих хэрэгтэй. Түүнээс өмнө хүн бүр хувийн байр сууриа илэрхийлнэ гэвэл зохимжгүй хэрэг.
Б.Бат-Эрдэнэ: Одоогоор энэ талаархи асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй. Асуудал тодорхой болохоор болно.
О.Баасанхүү: Ажлын хэсэгт байгаа учраас байр сууриа илэрхийлэхгүй. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.
А.Тлейхан: Би Сөүлд томилолттой байна.
Н.Батбаяр: Энэ асуудлаар одоогоор ямар ч хэвлэлд ярилцлага өгөхгүй байгаа. Эхлээд асуудал тодорхой болог. Тэгээд ярина.
Р.Гончигдорж: Асуудал одоогоор тодорхой биш учраас байр сууриа илэрхийлмээргүй байна. Судалж үзээд, УИХ дээр ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад ирсэний дараа ярьж болно.
Н.Номтойбаяр: Одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй.
Д.Лүндээжанцан: Энэ асуудлыг судалж байгаа. Ямар нэгэн байр суурь илэрхийлэхэд эрт байна. Засгийн газрын хувилбарыг дэмжсэн гишүүд
Засгийн газрын хувилбарыг дэмжсэн гишүүд
М.Сономпил: Тавантолгой тойрсон маргаан их олон жил үргэлжилж байна. УИХ-ын 268 дугаар тогтоол гарч, Засгийн газарт чиглэл өгсөн. Тавантолгойг ямар хэлбэрээр ашиглах вэ гэдгээ ярьж байгаа хэрэг. 2010 онд тендер зарлагдсан. Тавантолгойн одоогийн явж байгаа хувилбараар л тендер зарласан. Гэтэл зарим нь ажлын хэсгийн ахлагчийг буруутгаад л явж байх жишээний. 51 хувийг MMC гэж компанид өгчихлөө гэж буруутгаад байх юм. Ажлын хэсэг болоод Засгийн газар тогтоолын дагуу л асуудлыг хийж оруулж ирсэн. Тэр үед бодлогоо яаж тодорхойлсон бэ гэхээр хувийн хэвшилд тулгуурлаж улс мөнгө гаргахгүйгээр ордыг ашиглах ёстой гэж үзсэн. Зөв бурууг ялгахаас илүүтэй явагдсан процесс нь өөрөө энэ юм. Үүний дагуу Засгийн газар УИХ-д оруулаад ирэхээр энэ чинь биш ээ, төр 51 хувь байна аа гээд байна. УИХ энэ тохиолдолд өмнөх тогтоолоо хүчингүй болгох ёстой. Тэгээд дахин тендер зарлаад явах ёстой. Эхний хувилбараар буцаад өөрчлөгдөх учраас ордын ажил явахгүйд хүрлээ. Олон улсын тендер зургаан сарын өмнө зарлагддаг. Тиймээс өнөө жилийн хувьд орд явахгүй юм байна. Би эмзэглэж байгаа. Том төслүүд явах ёстой. Эдийн засаг хүндрэлтэй байна. УИХ-аас гаргасан ажлын хэсэгт би байсан. Гэтэл ажлын хэсэг Засгийн газрын оруулж ирсний эсрэг шал өөр юм яриад эхэлсэн учраас би нэрээ татсан. Ажлын хэсэгт орохгүй гэдгээ хэлсэн. Буруу зөв зүйл байгаа бол УИХ-аар хэлэлцэж болно. Тэрнээс биш явж байгаа нэрийн дор тэс хөндлөн болгохыг зөвшөөрөхгүй. Төрийн 51 хувьтай, 49 хувь дээр гадаад, дотоодын том компаниуд орж ирнэ гэвэл худлаа. Төр илүү хувь эзэмшсэн компанийг хөрөнгө оруулагчид сонирхох уу. Өөрийн хүнээ тавьдаг, улс төрийн халаа сэлгээ хийгддэг орд дээр маш их эмзэглэж хандана.
Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн төсөл дээр хөрөнгө оруулагчдыг татах, энэ төслийг хөдөлгөх зорилготой шийдвэрийг УИХ 2012 онд гаргасан. Тэр тогтоолд хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээр хийж, үр дүнг УИХ-д танилцуулна гээд заачихсан. Тиймээс уг асуудлыг УИХ-д оруулж ирж хэлэлцүүлэх нь зөв. Гэхдээ үүнийг УИХ-ын 76 гишүүн хэлэлцэх эсэх асуудлыг дэмжсэний дараагаар ажлын хэсэг байгуулагдах ёстой. Түүнээс биш УИХ дээр хэлэлцэх эсэхийг судалдаг ажлын хэсэг гэж урьд өмнө байгуулагдаж байгаагүй. Ингэж УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж болохгүй. Харин УИХ-ын дарга З.Энхболд хувь хүнийхээ хувьд өөртөө зөвөлгөө авч байж болно. Гэхдээ надад бол ажлын хэсгийн дүгнэлт яаж гарах нь тодорхой учраас сонин биш. Хэлдэг үгээ чуулганы хуралдаанд хэлж байр сууриа илэрхийлнэ. Хоёрдугаарт нэг зүйлд ойлгохгүй байгаа. Яагаад 49 хувийг хувьчлахаар болчихов. Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуульд Тавантолгой 100 хувь төрийн мэдэлд байхаар. Гэтэл одооТавантолгойн 49 хувийг хувьчлахаар ярьж байна. Тэгэхээр энэ бол агуулгаараа 2012 оны УИХ-ын тогтоолын төсөлтэй зөрчилдөж байгаа юм. Миний хувьд Засгийн газрын хувилбарыг дэмжиж байгаа.
Ц.Оюунгэрэл: Эрдэс баялгаа эргэлтэд оруулж, экспортын төмөр замтай, үйлдвэртэй болохын тулд хувийн хэвшлийнхнийг ашиглах ёстой гэж бодож байна.Төр өөрөө хийе гэхнээ хөрөнгө оруулах мөнгө нь одоогоор алга. Тэгэхээр хөрөнгө оруулагчдад даатгахаас өөр аргагүй. Гэрээнд ордоо зөвхөн түрээслээд, өмч нь төрдөө хадгалагдаад явна гэж маш тодорхой, маш ойлгомжтой заасан байна лээ. Надад бол аль, аль талдаа хэрэгтэй гэрээ байна гэж санагдсан. Тийм учраас Засгийн газрын өргөн барьсан гэрээг их боломжийн гэрээ байна гэж хувьдаа үнэлээд байгаа шүү. Гэрээний төслийг уншихад Тавантолгойн орд зуун хувь төрийн өмчид үлдэж байгаа нь ямар ч хүнд хоёргүй утгаар шууд ойлгогдохоор байсан. Зуун хувь төрийн өмчид үлдэнэ гээд гэрээнд тусгасан байтал ордын 51 хувийг төрд үлдээх ёстой гэж байгаа нь ойлгомжгүй шийдвэр юм. УИХ дээр орж ирвэл Тавантолгойг явуулна гэж санал өгнө.“Энержи ресурс” яагаад хөрөнгө оруулагч болж харагдаад байна вэ гэвэл олон улсын хөрөнгийн зах зээлд IPO-гоо гаргачихсан компани. Өөрөөр хэлбэл, олон улсын хөрөнгийн бирж дээр өөрийн гэсэн нэрээрээ бүртгүүлээд, өөрийн нэрээрээ хөрөнгө босгох эрхээ авчихсан байхгүй юу. Тэр эрхийг олж авна гэдэг асар өндөр шалгууртай. Дэлхийн хөрөнгө оруулагч итгэж мөнгөө өгөх хэмжээний, олон улсад бүртгэлтэй компани өнгөрсөн 25 жилийн дотор бий болсон нь өөрөө бахархалтай асуудал юм л даа.
Ц.Дашдорж: Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөр Тавантолгой 100 хувь төрийн мэдэлд байх заалттай. Гэхдээ Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь буруу. Энэ бол цэвэр бизнесийн асуудал. Тиймээс бизнес хийх гэж байгаа бол тэд л ажлаа хийх ёстой.
Ж.Батсуурь Хамтарч 3асаг байгуулахдаа эдийн засгийн хүндрэлтэй үед том төслүүдээ хөдөлгөж хөрөнгийн эргэлт болгоё, хүндрэлээс аль болох хохирол багатай гарах арга замыг хамтдаа хайж хэрэгжүүлье. Сонгуулиа түр мартаад улстөржих, амбицлахаа түр азнаад улс орон ард түмнээ бодъё л гэж ярилцаж тохиролцсон шүү дээ. Эхлээд сүрхий явчих янзтай байсан. Энэ хаврын чуулган эхэлснээс хойш байдал төвөгтэй болчихлоо. Ялангуяа Тавантолгойн хувьд бүр ойлгомжгүй болох төлөвтэй. Миний хувьд Эдийн засгийн байнгын хорооны даргын хувиар биш Монгол Улсын иргэн, эдийн засагчийнхаа хувьд бодлоо хэлж болох юм. Миний ойлгож байгаагаар хувь төрийн МЭДЭ-лиценз нь байгаа Таван толгойн орд газарт Засгийн газраас зарласан сонгон шалгаруулалт тэнцсэн хамтарсан концерциум хөрөнгө оруулалт хийж ажиллах гэрээг Засгийн газартай байгуулах тухай л асуудал. УИХ тийм зөвшөөрлийг нь өгчихсөн. Гэрээ нь ерөнхий агуулгын хувьд бол 30 жилий хугацаатай, лицензийн сунгалтаар 20 жилээр хоёр удаа сунгах боломжтой, бүх татвар хураамжаа хуулийн дагуу төлөөд явах тийм л гэрээ гэж ойлгогдож байгаа. Нарийн тооцоо, нөхцлүүдийг нь мэргэжлийн хүмүүс ажиллаад хийсэн байх ёстой. Бүх хариуцлагыг Засгийн газар ард түмний өмнө, УИХ-ын өмнө, УИХ-ын хариуцах үүрэгтэй. Харин УИХ-аар хэлэлцэхдээ УИХ хэдхэн гол зарчмыг баримаар санагдаж байна. Энэ асуудлыг хэлэлцэхэд улстөржихөөс аль болох зайлсхиймээр байна.