Томилгооноос харахад бид Тавантолгойгоо тавиад туучихлаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Та Тавантолгойн ажлын хэсэгтээ байгаа юу. Эсвэл М.Сономпил гишүүн шиг гарчихсан уу?
Байгаа, байгаа.
-Тэгвэл танай Ажлын хэсэг ер нь хуралдав уу?
Хуралдалгүй яахав, хоёр удаа үндсэн хурал хийсэн ш дээ. Эхний хуралдаанаас Дэд ажлын хэсэгтээ тодорхой чиглэл өгсөн. Харин өнөөдрийн /өчигдрийн/ хуралд Дэд ажлын хэсэг үүргийнхээ дагуу бидэнд мэдээлэл өглөө.
-Ямар мэдээлэл вэ. Ер нь Тавантолгойн төслийг УИХ хэлэлцэх нь үү?
Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцүүлэхээр Засгийн газраас УИХ-д материалаа өгсөн. Харин УИХ- ын даргын хувьд энэ материал дээр судалгаа хийлгэхээр Ажлын хэсэг байгуулсан юм. Яагаад гэвэл орж ирээд байгаа энэ төсөлтэй холбоотой тодорхой мэдээлэл хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн ямар ч мэдээлэлгүйгээр кноп дарж болохгүй биз дээ. Тиймээс энэ Ажлын хэсэг УИХ- ын гишүүдийг тодорхой мэлээллээр хангах үүрэгтэй.
Ажлын хэсэг хэзээ УИХ-д асуудлыг оруулах юм бэ. Мэдээлэл цуглуулж гүйцээгүй юү?
Гүйцээгүй. Өнөөдөр л гэхэд бид УИХ-ын гишүүдийн хувьд Дэд ажлын хэсэгтээ гурван чиглэлээр үүрэг өглөө. Эхнийх нь “Энержи ресурс”, хоёр дахь нь Засгийн газар, гурав дахь нь иргэдтэй холбоотой мэдээлэл цуглуулж өг гэсэн үүрэг л дээ.
-Нэг бүрээр нь задалж болох уу?
“Энержи Ресурс”-ын хувьд энэ компани 1.5 тэрбумын өртэй гэсэн мэдээлэл бий. Өрөндөө барьцаалж болох, бас болохгүй зүйлийг барьцаанд тавьсан гэдэг шүү дээ. Иймд яг ямар өртэй, хаана ямар барьцаа тавьсан зэрэг албан ёсны мэдээллийг нь авъя гэсэн юм. Тэрийг аваад УИХ-ын бүх гишүүнд тарааж өгнө.
Хоёр дахь асуудлын хувьд манай Засгийн газар олон улсын байгууллагаас зөвлөгөө авах боломжгүй гэдэг. Гэтэл “Энержи Ресурс”, “Шинхуа” эд нар болохоор олон улсын хөндлөнгийн гэж болох байгууллагуудаас зөвлөгөө авч энэ гэрээг хийжээ. Уг нь манай “Эрдэнэс- Тавантолгой” компанид тодорхой зөвлөгөө өгдөг нэр нөлөө бүхий олон улсын компани байдаг юм. Тиймээс УИХ-ын даргаар дамжуулж Засгийн газар, “Эрдэнэс- Тавантолгой”-д хандаж олон улсын хөндлөнгийн дүгнэлт гаргуулах үүрэг өгсөн.
Яагаад гэвэл, УИХ-ын гишүүд энэ гэрээг уншаад зөв, бурууг нь ялгах чадваргүй. Мань мэтийн хуульч ганц, нэг хүн л арав, хорин хувьтай мэдэхээс олонх нь ойлгохгүй ш дээ. Тиймээс шийдвэр гаргахын тулд мэргэшсэн байгууллагуудаас мэдээлэл авч, шийдье гэсэн. Гурав дахь зүйл нь юу гэвэл Өмнөговь аймгийн иргэдээс гомдол ирсэн. Тэр нь юу гэхээр Тавантолгойг олборлохдоо Балгасын улаан нуураас ус авч ашиглах юм байна. Энэ нуур нь өөрөө Өмнөговийн усны ганц нөөц. Тиймээс усны нөөцийг ашиглаж байгаа нь иргэдийн эрх ашигт нөлөөлнө
“УИХ-ын гишүүд энэ гэрээг уншаад зөв, бурууг нь ялгах чадваргүй. Мань мэтийн хуульч ганц, нэг хүн л арав, хорин хувьтай мэдэхээс олонх нь ойлгохгүй ш дээ.”
гэж Өмнөговийнхон гомдол гаргасан. Үүнийг анхаарахгүй өнгөрч яавч болохгүй. Тиймээс энэ талаар бие даасан дүгнэлт гаргах ёстой гэж үзсэн юм.
-Цахим ертөнцөд явж байгаа таамгийг би танаас асууя. “Засгийн газар батлах гэж байсан гэрээг УИХ өөр дээрээ татаж авсан мөртлөө огт хэлэлцсэнгүй. Одоо Ажлын хэсэг нь энэ гэрээг хэлэлцэх шаардлагагүй гэж дүгнэвэл яах вэ. Яагаад гэвэл, Ажлын хэсэгт орсон гишүүд нь Тавантолгойн гэрээг анхнаас нь шүүмжилж, эсэргүүцэж байсан “Мөрөөдлийн баг”-ийнхан байна ш дээ” гэх шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?
Нэг л зүйлийг би тодорхой хэлье. Би МУИС- ийг төгссөнөөс хойш олон улсын байгууллагад 15-16 жил хуулийн зөвлөгөө өгсөн. Бас Японы Элчин сайдын яаманд хуулийн зөвлөгөө өгч олон улсын эрх зүйгээр мэргэшсэн хүн. Энэ гэрээ байтугай, үүнээс том гэрээнүүд дээр зөвлөгөө өгөөд ажиллаж явсан туршлага надад бий. Энэ бол миний албан ёсны хийж байсан ажил.
Харин эрүүгийн чиглэлийн асуудлаар ядарсан хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байсан минь бол албан бус ажил байсан юм. Би ийм л хүн. Юугаараа мөрөөдлийн, юугаараа мөрөөдлийн биш гээд байгааг нь хэлж мэдэхгүй нь. Бусад маань ч адилхан. УИХ-д 50 мянган хүний санал авч орж ирсэн Л.Эрдэнэчимэг гишүүн бол “Монос” гэдэг том компанийг үүсгэн байгуулсан чадалтай хүн. Манай С.Ганбаатар байна. Олон мянган санал авч УИХ-д орж ирсэн.
Би юу гэх гээд байна гэхээр УИХ-ын гишүүдийг ингэж олон нийтийн сүлжээгээр янз бүрийн байдлаар харагдуулах гэж байгаа нь аргаа барсан л үйлдэл. Чамд Ажлын хэсгийн зорилгоо хэлсэн шүү дээ. Тавантолгойн гэрээн дээр шууд кнопоо дараад яв гэвэл мэдлэггүй, мэдээлэлгүй хүмүүс буруу л шийдвэр харгана. Өөрөөр хэлбэл, бодит мэдээлэл авч чадаагүй хүн бусдын нөлөөнд автах хандлагатай байдаг.
Хүн мэдэж байгаа зүйл дээрээ л зөв шийдвэр гаргадаг. Тэгэхээр гурван том хавтас дүүрч байгаа зузаан гэрээг УИХ-ын гишүүн шууд хараад кнопоо дарж болохгүй. Ядаж тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Тиймээс л Дэд ажлын хэсэг байгуулж УИХ- ын гишүүдийг зөв мэдээллээр хангая гэж байгаа юм. Тэр Дэд ажлын хэсэгт мэргэшсэн, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс орсон.
-Дэд ажлын хэсэг гэдэгт яг хэн, хэн байгаа билээ?
Яагаав өмнө нь Зам, тээврийн сайд байсан, одоо УИХ-ын даргын зөвлөх хийж байгаа А.Гансүх Дэд ажлын хэсгийг ахалж байгаа ш дээ. Бусад хүний хувьд УИХ- ын даргын захирамж дээр тодорхой бий.
-Ингэхэд “Шударга ёс” эвсэл энэ төсөл дээр ямар байр суурьтай байгаа юм бэ. Эвслийг бүрдүүлэгч хоёр намын нэгийнх нь дарга энэ төслийг оруулж ирсэн Монгол Улсын сайд М.Энхсайхан шүү дээ?
МАХН бол байр сууриа илэрхийлчихсэн. Харин энэ долоо хоногтоо багтаад “Шударга ёс” эвслийн бүлэг байр сууриа илэрхийлэхээр бэлтгэж байна. Маргааш / өнөөдөр/ эвслийн бүлэг хуралдаж, нэгдсэн шийдлээ гаргах байх. Тиймээс би МАХН-ын байр суурийг л хэлье. МАХН бол өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэйгөөр УИХ-д орсон. УИХ-д орохдоо “Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өгье. Оюутолгойн 51 хувийг авъя” гэсэн.
Тэгэхээр аливаа зүйлийг хуульд нийцүүлж л ажиллах ёстой. Тиймээс бид Тавантолгойг ард түмэнд өмчлүүлэх тухай хуулийн төслөө боловсруулж, үзэл баримтлалыг нь хийгээд бүгд бэлэн болсон. Одоо техникийн шинжтэй зарим асуудлыг нь шийдэх үлдсэн. Ирэх долоо хоног гэхэд УИХ-ын гишүүн миний бие нэр бүхий гишүүдээрээ дэмжүүлээд төсөлдөө санал авахаар Засгийн газарт илгээнэ. Хариу нь ирэхээр УИХ-д өргөн барина.
-Тавантолгойн лиценз чинь бүхэлдээ төрд байгаа биз дээ. Ард түмэнд өмчлүүлнэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ?
Тавантолгой бол төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд. Энэ ордыг “Молекул” Батбаяр, Сү.Батболд нар өөрсдөө авчихсан байсан юм. Тэгээд ард түмэндээ буцааж өг гэж шахахад 4.5-7 хувийгнь аваал. үлдсэн хэсгийг нь төрд шилжүүлсэн. Харин төрийн мэдэлд шилжүүлсний дараа “Эрдэнэс-Тавантолгой” компанийг байгуулж ард түмэндээ 1072 ширхэг хувьцаа өгсөн юм.
-Тэгээд ард түмэндээ өгчихсөн юм биш үү?
Энэ бол Тавантолгойн ердөө л 20 хувь нь. Бид бол ард түмэн 100 хувь өмчилье гэж байгаа. Ингэхдээ оператор компани хөлсөлж аваад ажиллуулъя. Орлого, зарлагаа, захиргааны зардлаа хасаад үлдсэн цэвэр ашгийг нь 100 хувь ард түмэндээ хуваагаад өгье гэж байгаа юм. Тавантолгой гэдэг чинь 300 тэрбум ам.доллар шүү дээ. Бид ийм том мөнгөний тухай ярьж байна. Үүнийг хоёр сая хүнд хуваалаа гэхэд л нэг хүнд 1.5 сая ам.доллар ногдож байна. Ийм мөнгийг иргэн Бат, Дорж, Дулмаад өгье. Энэ хүмүүс маань Кувейтийн иргэд шиг болог л дээ. Ингэж иргэддээ өгөхгүй бол болохгүй нь.
-Яагаад?
Чи сая “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал хэн болсныг харсан уу. Удирдах зөвлөлд нь хэн, хэн байдгийг бод. Бид Тавантолгойгоо алдах гээд байна ш дээ. 20 хүн хувааж авах гэж байсан ордыг 2.5-3 сая хүндээ тэнцүү хуваая л даа.
-Та энэ хуулийн төслөө МАХН-ын мөрййн хөтөлбөрийн дагуу гээд байх юм. Уг нь сонгуульд орохдоо МАХН-ын биш эвслийн хөтөлбөртэй ороо биз дээ. МҮАН ямар бодолтой байгаа юм бол?
Би харин “Шударга ёс” эвсэл байр сууриа нэгтгээгүй байгаа гэж хэлсэн ш дээ. Манайхны хувьд Их хуралдайгаараа хэлэлцэж, нийт ард түмнийхээ саналыг авсан. Ингээд Тавантолгойг 100 хувь ард түмэндээ, Оюутолгойн 51 хувийг авъя гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд сонгуульд МҮАН-тай эвсч орохдоо энэ саналаа “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөр болгосон. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийн автор нь МАХН байхгүй юу.