Тавантолгойн гэрээг засч янзлах ёстой
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2015.05.11

Тавантолгойн гэрээг засч янзлах ёстой

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Жил бүр энэ асуудлыг хэлэлцдэг ч эргээд тавих хяналт хариуцлага тооцох механизм байхгүй байгааг шүүмжилсээр ирсэн. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Засгийн газар жил бүр УИХ-аар ирэх оныхоо Үндсэн чиглэлийг батлуулж байгаа. Мөн өмнөх оныхоо Үндсэн чиглэлийг хэлэлцэж, дүгнэдэг. Саяхан бид 2014 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг ярьсан. Тэгэхэд биелэлт нь хангалтгүй, хариуцлага байхгүй байна. Энэ асуудлыг арай өөрөөр ярьдаг байвал яасан юм бэ гэх асуудлыг гишүүдийн дийлэнх нь ярьж байгаа.

Одоо дахиад л нэг Үндсэн чиглэлийг ярьж байна. Баахан зорилт тавиад явж байх шиг. Ирэх жил биелэлт нь ямар байна вэ гэдгийг хэлэлцээд, дахиад л шүүмжлэх байх. Тэгэхээр бид огт ярихгүй байж болохгүй л дээ. Ярихгүй, төлөвлөхгүй, дүгнэхгүй байж болохгүй. Гэхдээ үүнд хариуцлагын механизм оруулаад, арай өөр хэлбэрт оръё гэдэг зүйл байгаа юм. Хоёрдугаарт, сонгууль дөхөж байгаатай холбоотой тодорхой зүйл бас яваад байна.

-Тухайлбал, ямар байдлаар шийдэж, хэлэлцэж болохоор байна?

Тухайлбал, 2014 оны Үндсэн чиглэлийг хэлэлцэхэд, тавьсан зорилт бүрээрээ биелэлтийн хувь нь гарч ирж байгаа. Биелээгүй бол яагаад вэ, хэний буруутай үйлдлээс болов гэдгийг тодруулж болно. Нэгэнт буруутан байгаа бол хариуцлагын асуудлыг ярьж болно. Тэгж байж л асуудал илүү урагшаа явна шүү дээ.

-Үүнээс гадна Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх хөтөлбөр байнгын хороогоор дэмжигдсэнгүй. МАН-ынхан өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдсэн. Мөрийн хөтөлбөрт танай, манай гэсэн байдлаар хандах нь зохисгүй гэх шүүмжлэл гарч байгаа?  

2012 онд парламент байгуулагдаад, Засгийн газраа байгуулсан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ мөрийн хөтөлбөрт намуудын амлалтыг тусгадаг. Одоо сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор намууд амлалтаа яаж биелүүлэв гэдэг асуудал яригдаж байгаа. Үүнийг ярих нь зөв. Мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай байна вэ гэдгийг тодорхойлоод, тааруу байгаа зүйлүүдийг биелүүлэх үүрэг чиглэл өгч ажиллах нь зөв. Одоо бүх юмыг л завааруулах тал руугаа орчихлоо.

-Улстөржүүлээд үү?

Харин тийм. Улстөржилт хэрээс хэтэрч байна. Хөдөө орон нутагт сонгогчидтойгоо уулзахад “Та нар наад улстөржилтөө багасгаад, төрийн ажлаа хийгээч” гэдэг. Гэтэл бүх зүйлийг улстөржүүлээд, сонгууль руу чиглэсэн байдлаар асуудалд хандаж, хэрүүл хийх гээд байдаг болчихжээ.  

-МАН өөрөө засагт хамтарсан. Тэд өөрсдийнхөө ажиллаж байгаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс татгалзаад байгаа юм шиг. Засаг шинээр байгуулагдсан ч өмнөх Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг УИХ хүчингүй болгоогүй шүү дээ?  

Ардын нам өөрсдөө хүлээн зөвшөөрөн энэ Засгийн газарт хамтарч ажиллахаар орж ирсэн. Тиймээс 2012 онд батлагдсан мөрийн хөтөлбөрийг дэмжээд явахаас өөр аргагүй. Энэ  зөвхөн Ардчилсан намын мөрийн хөтөлбөр биш. Бүх намуудын мөрийн хөтөлбөрөөс хамгийн сайнуудыг нь тусгаж аваад, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болгож, баталсан.

Тэгэхээр нэг намын мөрийн хөтөлбөр биш. 2012 онд сонгогдсон парламент ирэх дөрвөн жилд ийм ийм ажлуудыг хийнэ гээд баталсан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд парламентад байгаа бүх намууд, УИХ-ын гишүүд хичээж ажиллах ёстой.

-Үүнээс гадна анхаарлын төвд Тавантолгойн асуудал яах аргагүй байна. УИХ-аар хэзээ мөдгүй асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргана гэх хүлээлт үүсээд байна. Ямар байдлаар шийдэх нь ч анхаарал татсаар байгаа. Та ямар хүлээлттэй байна вэ?

Тавантолгойн асуудлаар бид улс орныхоо эрх ашгийг бодож, шийдвэрээ гаргах ёстой. Тавантолгой дэлхийн хэмжээний орд. Монголын ард түмэн хувьцааг нь эзэмшдэг. Өнгөрсөн сонгуулиар бүх намууд амлалтдаа Тавантолгойн асуудлыг тусгасан. Ардчилсан нам “Төрийн эзэмшил 51 хувиас доошгүй байна” гэсэн бол “Шударга ёс” эвсэл 100 хувь ард түмний мэдэлд байлгана, МАН 50 хувиас дээш төрийн эзэмшлийн хувь хэмжээг байлгана гэж амласан. Ийм амлалт өгсөн учраас ард түмэн сонголтоо хийж, энэ УИХ бүрдсэн. Тэгэхээр бид амлалтаа биелүүлэх үүрэгтэй.

УИХ-аас өмнө нь гарсан тогтоол, шийдвэрүүд ч бий. Бид Засгийн газраас өргөн мэдүүлж байгаа гэрээний төслийг хуульд нийцүүлэх үүрэгтэй. Хуульд нийцүүлээд, ард түмэн, улс орныхоо язгуур эрх ашгийн үүднээс шийдэх ёстой. Түүнээс биш гацаая, больё гэж байгаа УИХ-ын гишүүн нэг ч байхгүй. Засч, янзлах ёстой гэдгийг л хэлж байгаа. Дэмжээд явуулъя, ингэхдээ төрийн эзэмшлийг 51 хувь байлгая. Үлдсэн 49 хувь дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хамтраад ажиллацгаая. Ийм байдлаар шийдвэр гаргаад, гэрээгээ урагшлуулах ёстой.

-Гэхдээ нөгөө талаас Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Эрдэнэс Тавантолгой” Тавантолгойн орд газрын лицензийг 100 хувь эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшлийн хувь хэмжээг хөндөх, өөрчлөх шаардлага байхгүй гэх тайлбар байна?

Би ч бас эхлээд тэгж бодож байсан. Гэрээтэй нарийн танилцахаар асуудал өөр байгаа. Монголын компани төслөө 100 хувь эзэмшээд, хөрөнгө оруулагчид зөвхөн менежмент хийхээр байгаа юм шиг боловч бодит байдалд бүх эрхийг шилжүүлсэн гэрээ байна лээ. Эндээс “Эрдэнэс Тавантолгой”-д ямар ч эрх мэдэл байхгүй, үүрэг ч ногдохгүй. Тавантолгойн гэрээг ийм байдалтай хийчихээд, дахиад хэдэн сонгууль дамнуулж улстөрчдийн ярьдаг сэдэв болгомооргүй байна.

Бид гадны хөрөнгө оруулагчдыг түлхээгүй. Хөрөнгө оруулагчид орж ирээд ажилла. Гэхдээ 49 хувь дээр ороод ир. Ард түмний эрх ашиг гэдэг үүднээс бид хяналтын 51 хувийн багцаа ард түмнийхээ мэдэлд байлгая л гэж байгаа. Засгийн газар үүн дээр зөрөх хэрэггүй. Тодорхой хэмжээний буулт хийгээд, зарим нэг өөрчлөлтийг хийгээд явах нь зөв байх.

-Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг ямар байх бол. УИХ-ын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “30 жилийн дараах 2500 төгрөгийн ногдол ашиг хэрэггүй” гэсэн байсан. Энэ хэр бодитой дүгнэлт бол?  

Одоогийн орж ирсэн төслөөр ард түмэнд ногдох зүйл байхгүй байгаа. 1072 хувьцааны үнэ цэнэ, ач холбогдлыг Засгийн газрын гишүүд бас буруу л тайлбарлаж байгаа. Ард түмэнд том намууд бүгд амлалт өгсөн. Зарим нь 1.5 сая төгрөг бэлнээр өгье, зарим нь сая төгрөгийн хувьцаа өгье гээд. Энэ дагуу ард түмэнд өгсөн хувьцаа. Ард түмэн ч бас ирээдүйд Тавантолгойн төсөл маш их хэмжээний мөнгө олно. Дэлхий нийтээрээ үүнийг сонирхож байна.

Бид энэ баялгийн эзэн учраас эндээс хувь хүртээд, сайхан амьдрах юм байна гэж итгээд, сонголтоо хийсэн. Бид энэ сонголтыг өнөөдөр нулимах эрхгүй. Жилийн дараа сонгууль болно. Тэр үед бид сонгогчид дээрээ очоод, энэ асуудлаар дүнгээ тавиулна. Тэр дүн тавихаар хэн хариуцлага хүлээх юм. Засгийн газар сонгогчдын өмнө хариуцлага хүлээхгүй. Яг ард түмнээс сонгогдсон, УИХ-ын гишүүд хариуцлага үүрэнэ. Тиймээс бид ард түмний өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, шийдвэрээ гаргах хэрэгтэй.

-1072 хувьцааг амилуулах, ашигтай байлгах бодитой ямар боломж байна вэ?

Төрийн 51 хувьдаа байж байвал тэндээсээ ашгаа хүртээд, ногдол ашгаа хуваарилаад, ард түмэндээ хувь хүртээх бүрэн боломжтой. 

-Одоо УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхийдөө гэрээний төсөл УИХ-аас баталсан хууль, тогтоомжуудтай хэрхэн нийцэж байгааг шалгаж байгаа гэсэн?

Тэрнээс гадна бас санал боловсруулж орж ирэх байх. Би тэгээсэй гэж хүсч байгаа. УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжээд, хэлэлцэх явцдаа өөрчлөлт оруулаад, батлах ёстой л гэж бодож байна.

-УИХ шуурхай ажиллаж чадах болов уу? 

Шуурхай байлгахын тулд л ажиллах хэрэгтэй. Түүнээс биш явуулахын тулд явуулж болохгүй. Явуулъя гэж явуулаад, бөөн алдаа, дутагдал гаргаад. Араас нь бөөн улстөржилт, хэдэн сонгууль дамнасан хэрүүл тэмцэл болгож болохгүй. Оюутолгой шиг болгочихож болохгүй биз дээ. Оюутолгойг бид өнгөрсөн хоёр, гурван сонгууль дамжиж ярилаа шүү дээ. Тэгсэн байж, сургамж авахгүй, дахиад л алдаа дутагдалтай юм оруулж ирчихээд, тэрийгээ батлуулах гэж зүтгээд байх хэрэггүй.

Хэдийгээр удахгүй сонгууль болох гэж байгаа ч сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ. Энэ улс цаашдаа хөгжиж, дэвжинэ. Ард түмэн сайн, сайхан амьдрахыг хүсэж байгаа. Тэрний тулд бид өнөөдөр Тавантолгойн асуудлыг нухацтай хэлэлцээд, хамгийн сайн хувилбараар шийдэх хэрэгтэй. Тэгж чадвал хожим нь энэ үеийн парламент ард түмэндээ үнэлэгдэх байх. Харин чадахгүй бол магадгүй үеийн үед л хараагдана шүү дээ. 

-Ярилцсанд баярлалаа.