Ерөнхий сайдын толгойд “хоёр толгойг залгих” бодол л эргэлдээд байна
УИХ дахь “хэт цөөнх” буюу бие даагчид даваа гараг бүр “Монгол хүний төлөө” мэдээлэл хийдэг. Энэ удаа С.Ганбаатар гишүүн аанай л Дархан яваад амжиж ирээгүй тул Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёр мэдээллээ хийв.
Тэдний хувьд “Биднийг популист ч гэнэ үү, хөгжлөөс хойш нь чангаагч ч гэнэ үү хамаагүй. Ямар ч гэсэн МАНАН-гийн шударга бус бүхнийг шүүмжилсээр л байх болно” гэсээр ээлжит мэдээллээ хийсэн юм.
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад баримтлах байр суурь, мэдээж Оюутолгой, Тавантолгой, төсөв санхүү, эдийн засгийн өнөөдрийн байдал, “Стэнд бай” хөтөлбөр хэрэгтэй эсэх гээд олон асуудал хөндсөн.
Дундуур нь ТВ-5-ын сэтгүүлчтэй хөөрхөн мэтгэлцээд авсан. Тэдний мэдээллийн дараа Ц.Даваасүрэн гишүүнийг хоргоон байж дараах асуултад хариулт авлаа.
-Өчигдөр /уржигдар/ УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди дэлгэрэнгүй үг хэлсэн. Таны хувьд түүний үгнээс аль хэсэг нь хамгийн их сэтгэлд тань хүрсэн бол. Та нэлээн сэтгэл ханамжтай алга ташиж харагдсан л даа?
УИХ-ын хүндэтгэлийн чуулган төдийгүй Монгол төрийн индэр дээрээс Энэтхэгийн Ерөнхий сайд анх удаа үг хэлсэн тэмдэглэлтэй өдөр байлаа. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа.
Тэр утгаараа ч түүхэн тэмдэглэлт гэж хэлж болно. Энэтхэг улс бол эдийн засгийн нийт хүчин чадлаар дэлхийд тэргүүлэгч орны нэг. Ерөнхий сайд Н.Модигийн илтгэлд дурдсанаар тэдний эдийн засаг өнгөрсөн онд 7.4 хувь өссөн байна. Гэтэл Монголын эдийн засаг түүнээс ч илүү өсөлттэй байгаа. Гэтэл манай эдийн засаг хямраад, гаднаас зээл тусламж горьдоод сууцгааж байна.
Өнөөдөр манай эдийн засаг, санхүүгийн байдал нэгэнт тодорхой байгаа учир Энэтхэгийн Ерөнхий сайдын амласан энэ хөнгөлөлттэй, олон жилийн дараа эргэн төлөгдөх зээлийг дэд бүтцээ сайжруулах чиглэлээр авах ёстой. Нөгөөтэйгүүр Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди манай Ерөнхий сайдын олж харахгүй байгаа зүйлийг л олоод харчихсан байгаа юм. Тэр хүн хэлсэн үгэндээ “Монголчууд та нар цагаан хувьсгал хийгээч ээ. Бид туслъя” гэдгээ илэрхийлчихлээ шүү дээ.
Энэ бол маш чухал салбар гэдгийг гадны хүн олоод харчихсан байхад манай Ерөнхий сайдын толгойд хоёр толгойг залгих бодол л эргэлдээд байна. Цагаан хувьсгал хийх тухай боддог, ажил хэрэг болгож чаддаг Ерөнхий сайдтай болсон цагт Монгол Улс эдийн засгийн хямралаас амархан гараад явчихна. Бидний хамгийн сайн чаддаг ажил бол ерөөсөө л мал аж ахуй шүү дээ. Тэндээс гарч байгаа бүх бүтээгдэхүүнийг дахин боловсруулаад, шинэ үнэ тогтоосон бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагш нь гаргаад байвал манай улс мөн ч амархан хөл дээрээ босно доо.
Мал аж ахуйн салбар бол үндсэндээ гаднаас ямар ч хамааралгүй, 100 хувь Монголчуудын баялаг шүү. Бид Цагаан хувьсгал эхлүүлэхийн тулд Энэтхэгийн сүү боловсруулах технологийг нэг тэрбум ам. долларын зээлд нь хамруулаад оруулаад ирэхэд л үндсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн гадагш нь гаргах хэмжээнд мал аж ахуйн салбар босоод ирэх боломжтой. Цаашдаа бид хямралаас гарах бас нэг салбар болгож био хүнсний салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой.
Монголын давуу тал бол Цагаан хувьсгал хийж, био хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх ёстой гэдгийг Энэтхэгийн Ерөнхий сайд манай Ч.Сайханбилэгээс түрүүлээд харчихсан л байна. Тийм учраас Энэтхэгээс авах нэг тэрбум ам. долларын зээлийг био хүнсний чиглэл болон дэд бүтэц рүү хандуулж ашиглаасай гэж бодож байна.
-Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад мэдээж эсэргүүцсэн, татгалзах байр сууринаас хандах уу. Яагаад ингэж асуув гэхээр та гурвыг “УИХ дахь хэт цөөнх. Бүх асуудалд эсрэг байр сууринаас ханддаг” гэдэг ойлголт газар аваад байгаа л даа?
Гол нь бид гурав юуны төлөө өөрсдийнхөө нэр төр, магадгүй ирээдүйг золиослон үнэнийг хэлж, тэмцээд байгааг л ойлгох гэж оролдох хэрэгтэй юм л даа. Би хар залуугаасаа хуучнаар МАХН өнөөдрийн МАН-ын гишүүн явсныг хүмүүс мэдэж л байгаа. Тэгээд Оюутолгойн талаар үнэнийг хэлснээсээ болоод л ад үзэгдэж, шахагдсаар байгаад л гарсан шүү дээ.
Гэтэл өнөөдөр Оюутолгой ямар байдалтай байгаа билээ. Энэ долоо хоногт УИХ-аар Монгол Улсын 2016 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн хэлэлцүүлэг хийгдэнэ. Энд эдийн засгийн өсөлт, төсвийн үзүүлэлтүүдийг яаж авсан байгаа талаар яръя.
Төсвийн хүрээний мэдэгдлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2014 оны гүйцэтгэлээр 7.8 хувьтай гарсан. Энэтхэгээс илүү эдийн засгийн өсөлттэй хэрнээ хамаг баялгаа гадагшаа ачуулаад хамгийн харамсалтай нь нөгөө баялгийнх нь мөнгө шууд Монголоос гараад явчихаж байгаа болохоор бид валютын хомсдолд ороод, эдийн засаг хямраад байна.
Өөрөөр хэлбэл Оюутолгойн гадагшаа ачигдаж байгаа баялаг Монголын ДНБ-нд тооцогддог хэрнээ валютын орлого нь тэг заагаад байгаад л хамгийн хорлонтой нь байгаа юм. Өнөөдөр Оюутолгойн нийт борлуулалтын орлогын тавхан хувь нь Монгол Улсын валютын орлогод орж байна. Төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх 2016 онд Засгийн газрын нийт өрийн хэмжээ 14.8 их наяд төгрөг болно гэсэн байна.
Хүмүүс санаж байгаа бол 2014 оны төгсгөлд МАНАН-гийн Засгийн газар байгуулагдахад өр авахгүйгээр улсаа хөгжүүлнэ гэж байсан намууд ямар өр хүлээж авсан гэвэл 10.5 их наядын өртэй засаг хүлээж авсан. Гэтэл одоо дахиад дөрвөн их наядаар өрийг тэлэх зорилт тавьчихаад байж байна. 2017-2018 оны төсвийн төсөөллийг харвал бараг л 2015 оныхоос буурах үзүүлэлт харагдаж байна.
Бүтцийн өөрчлөлт хийх нэрээр баахан танаж, хасах л юм харагдаж байгаа. Хамгийн гол нь танах ёстой дэд сайд зэрэг албан тушаалтнуудынхаа толгойг илээд чаддагаараа нөгөө л гүйцэтгэх ажилтнуудыг ажилгүй болгох, цомхотгох юм явж байна. Бидний тооцоогоор 9-13 яам ажиллахад Монгол Улсыг хангалттай залж, чиглүүлээд байх боломжтой.
Гэтэл “МАНАН” яг л өөрсөддөө зориулсан, бялуу хуваах байдлаар төр, засгийн ажилд хандаж, маш их үргүй зардал гаргаад байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд цалин, тэтгэвэр нэмэх тухай ганц ч өгүүлбэр харагдахгүй байна. Одоо зургаахан сарын дараа 2016 оны сонгуулиар амьсгалах гэж байхад “МАНАН”-ынхан өнгөрсөн сонгуулиар юу амлаж байсныг бид л эргэж сануулах учиртай.
“МАНАН”-гийн хуурамч амлалт, жинхэнэ популизмд цэг тавих ёстой. Энэ долоо хоногт Эрүүгийн хууль, Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хууль нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстой.
Мөн Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэх юм билээ. Уг хуулийн төсөлд зорилго, үр дүн тодорхой бус байгаа. Үүнийг тодорхой болгох шаардлагатай. Монгол Улс ОХУ-аас эрчим хүч экспортлож хэрэгцээгээ хангадаг. Дотоодоосоо хэрэгцээгээ 100 хувь хангадаг болоход усан цахилгаан станц барьж байгуулах нь гол гарц юм.
Эдгээрээс гадна Эрүүгийн хууль, Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хууль нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстой. Хуулийн байгууллагыг бусдыг дарамтлах байдлаар ашиглах болсон. Бизнесийнхэн дарамтад их орж байгаагаа байнга ярьдаг. Тийм учраас уг хуульд маш нухацтай хандах ёстой.
-Ер нь ингэхэд эдийн засаг нь 7.8 хувийн өсөлттэй гарсан хэрнээ Монгол Улс яагаад хямраад, ард түмний амьдрал мэдэгдэхүйц сайжрахгүй байна вэ?
Тийм. Энэ бол хамгийн гол асуудал. Гол нь Монголоос гадагшаа урсаж байгаа баялгийн мөнгө эргээд орж ирдэггүй, гадны гар хөл болсон хэдхэн этгээдүүдийн дансанд бөөн бөөн мөнгө ороод нийт Монголын баялгийн мөнгө гадныхныг хагартал баяжуулаад байгаад гол хохирол нь байгаа юм. Мөн баялгаар орж ирсэн жаахан мөнгөө сонгуулийн шоу болгоод 1.5 саяар нь тарааж өгнө гээд жинхэнэ популист амлалт хийсний гай, балаг өнөөдөр ч арилаагүй байгаа.
Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд “Чалко”-гоос зээлсэн мөнгийг өнөөдөр ч төлж бараагүй сууцгааж байна. Нөгөөтэйгүүр Монголбанкнаас гаргасан гурван их наядын “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг анхнаасаа зөвхөн барилгын салбарыг дэмжих зорилгоор өгснөөс болоод импорт асар их нэмэгдэж, валютын урсгал гадагшаа чиглэж, үндсэндээ Монголд орж ирсэн жаахан валют буцаад гараад явчихсан.
Тухайн үед 3-4 тэрбум байсан валютын нөөц яг ийм л хэдхэн замаар ховх сорогдоод алга болчихсон. Ерөөсөө л дээрх хэдхэн шалтгааны улмаас өнөөдрийн эдийн засгийн хямрал эхэлсэн. Одоо тэгээд байдал бүр хүндэрч байх шиг байна. Удахгүй хэлэлцэх Төсвийн хүрээний мэдэгдэлд шинэ хөрөнгө оруулалт огт байхгүй гэсэн байна лээ.
Уг нь энэ “МАНАН”-гийн чинь сонгуулийн амлалт дээр “Улс орныг цэцэглүүлэн хөгжүүлнэ” гээд цагаан дээр хараар палийтал нь биччихсэн л байгаа шүү дээ. Гэтэл өөрсдөө ингэж жинхэнэ популизм хийдэг мөртлөө бид хэдийг популист гээд байдгаа мартах хэрэгтэй. Одоо бид эдийн засгаа сонгуулийн амлалтаар нураадаг, тэгээд буцаагаад Олон улсын валютын сангийн “амь тариа”-гаар торгоодог байдалтай долоо дахь жилтэйгээ золгоод явж байна.
Цаашдаа ч ийм байдлаар хэдэн жил ч явж болзошгүй. Нэг нь ялдаг, удалгүй “Бид ганцаараа хүчрэхээ больлоо” гээд гонгинодог. Тэгээд нийлж аваад ямар ч хараа хяналтгүй, нийлээд хулгайлдаг, тэгээд улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихээд Олон улсын валютын сангаас бадар барьдаг ийм байдал үргэлжлээд байвал Монголын гадаад өр хэзээ ч төлж дийлэхгүй хэмжээнд хүрнэ шүү. Товчхондоо Грекийн араас л яваад байна.
-Та түрүүн энэ долоо хоногт хэлэлцэх Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого их чухал гэж хэлээд орхичихлоо. Энэ талаар жаахан дэлгэрүүлэхгүй юу?
Монгол Улс эрчим хүчээр ОХУ-аас хараат бус байхыг шийдэх маш чухал асуудал л даа. Өнөөдөр бидэнд бие даасан эрчим хүчний систем байхгүй шүү дээ. Бид ОХУ-ын “Гусиный озеро”-ын 220 вольтын шугамд холбогдож эрчим хүчнийхээ тэнцвэрийг хангадаг улс. 1990-ээд оны эхээр Оросууд тэр шугамыг таслахад Улаанбаатар эрчим хүчээр хэрхэн доголдож, хороолол хорооллоор нь цахилгаан тасалж байсан гашуун түүх бидэнд бий. Тэр хэцүү үед Японоос тусламж авч Улаанбаатараа тэр чигээр нь хөлдөөчихөлгүй нэг юм хавартай золгож байсан.
Энэ удаагийн Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт “Эрчим хүчний системийн горим тохируулах дотоод эх үүсвэрийг бий болгоно” гэж байгаа ч чухам яг ямар эх үүсвэрээр, яаж шийдэх талаар юу ч алга байна лээ. Хараат бус эрчим хүчний нэгдсэн системтэй болно гэж байгаа нь тун зөв ч шийдэх арга нь тодорхойгүй, ямар зардлаар шийдэх гэж байгаа нь нууц байна. Уг нь эрчим хүчний системийн аюулгүй байдлыг хангах, дотоод эх үүсвэр нь ерөөсөө л усан цахилгаан станц шүү дээ.
100 мгв-аас дээш хоёр блоктой усан цахилгаан станцтай болж гэмээнэ сая Монгол Улс эрчим хүчний горимоо өөрсдөө тохируулах чадалтай болно. Энийгээ ерөөсөө бичээгүй. Харин сэргээгдэх эрчим хүчээр дотоодын хэрэгцээний 30 хувийг хангаж чадвал томоохон дэвшил болно. Мөн нүүрснээс гарч байгаа хорт утааг таван хувь багасгана гэсэн байна лээ. Хэрвээ биелвэл бас л сайн зорилт.
Тийм учраас хэлэлцүүлгийн явцад бид эдгээр зүйл дээр голчлон анхаарлаа хандуулна. Монгол Улс бие даасан эрчим хүчний системтэй болох нь тусгаар улсын томоохон хүчин зүйл, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа учир бид энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгөх ёстой. Бензин шатахуун, эрчим хүчээр хараат байснаараа бид ямар их валют гадагш нь урсгаж байгааг цаг алдалгүй шийдэж чадвал Монгол улсын хөгжил дэвшил тэр хэмжээгээр урагшилна.
Сүүлийн үед бие даагчид Тавантолгойн асуудлаар төдийлөн дуугарахгүй байх чинь “МАНАН”-гийн шийдвэрийг харзнаад байгаа хэрэг үү?
Бид таг дуугүй болчихсон зүйл байхгүй. Тавантолгойн гэрээнд бас л Оюутолгойн алдааг давтаж, баялгаа гадагш нь ачуулаад ашиг орлого нь ч Монголын банк санхүүгийн системээс гадуур явах л заалт явж байна лээ.
Бид нар бүгдээрээ л Монголын баялгийг дээрэмдэх гэсэн гадны тонуулчид, тэдний гар хөл болсон энэ нэг хэдхэн юмнуудтай тэмцэхгүй бол үнэнийг хэлсэн цөөхөн хүмүүс нь хохирч, янз бүрийн нэр хоч зүүгээд яваад байж таарахгүй. Гэхдээ Тавантолгойг “Эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй” явуулахаас өөр зам байхгүй.
-Өнөөдөр Оюутолгойн нэг өдрийн борлуулалтын орлого нь таван сая ам. доллар байгаа нь үнэн үү?
Оюутолгой зөвхөн энэ 2015 онд нийтдээ 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ. Тэгэхээр өдөрт ямархуу хэмжээний борлуулалт хийж байгааг тооцоолоод бодчиход амархан болов уу.