Байгуулсан гэрээг хууль бус гэж үзэв
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар мэдээлэл хийв.
2014.10.20

Байгуулсан гэрээг хууль бус гэж үзэв

Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үзэг зурсантай холбогдуулан нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн АН-ын Нарийн бичгийн дарга П.Нүрзэд нар дөнгөж сая мэдэгдэл хийлээ.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэлэхдээ "Энэхүү гэрээ хууль бус гэж үзэж байна. АН-ын ҮЗХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаагүй. Нийслэлийн АН-ын хорооноос шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Энэ талаар нийслэлийн АН-ын хороо хуралдаж, хууль бус гэрээний талаар шүүхэд хандах болно.

Энэ гэрээний хамгийн гол аюул нь энэхүү гэрээ нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гээд заачихсан байгаа. Намын даргын хувьд ичсэн хүн хүн ална гэж болж байна. Ийм гэрээг байгуулахын тулд нийслэлийн Ардчилсан намын даргатай зөвлөх ёстой. Надтай бол юу ч яриагүй" гэв. Түүнчлэн "АН-ын дарга Н.Алтанхуяг сүүлийн үед эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд увайгүй үйлдлийг их хийж байна.

АН-ын гишүүд дэмжигчид битгий хэл жирийн хүний ч ой санаанд багтамгүй үйлдлийг ихээр хийх боллоо.Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаа авч үлдэхийн тулд долоон сайдыг золиосолсон. Одоо АН-ыг улс төрийн золиос  болгож байна. Намынхнаас хэнтэй нь ч яриагүй, хувийн шийдвэр гаргаж МАХН-тай гэрээ байгууллаа. Гэтэл Н.Алтанхуягт ийм эрх байхгүй.

Энэ гэрээнд АН-д ноцтой хохирол учруулах гурван заалт байгаа. Гэрээний 3, 9, 14 дүгээр зүйл нь манай намд ноцтой хохирол учруулна. Тиймээс нийслэлийн АН-ын хороо энэ асуудлаар хуралдах болно" гэдгийг хэлсэн юм.