С.Эрдэнэ: Энэ гэрээ хууль ёсны хүчин төгөлдөр эцсийн баримт бичиг биш
УИХ-ын гишүүн, ХАХНХ- ын сайд С.Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.
-Өнгөрөгч бямба гаригт АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын 2020 он хүртэлх байгуулсан гэрээ олны анхаарлыг татаж байна. Гэрээний тал дээр танай намын гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа харагдсан. Та ямар бодолтой явна вэ?
2012 оны сонгуулийн дараа АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй эвсэл байгуулан хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээг баталгаажуулсан гэрээ гэж ойлгож байна.
-2012-2016 он хүртэл байгуулсан гэрээ нь байхад заавал дахин гэрээ үзэглэх шаардлага байсан юм уу?
Үнэндээ өнөөдөр улс төрийн нөхцөл байдал тогтвортой биш байгаа. Тиймээс байгуулсан гэрээгээ баталгаатай байлгах, бүх шатандаа харилцан боловсон хүчний давхардал үүсгэхгүй байх тал дээр харилцан бие биенээ хүндэтгэхшаардлагатай гэдгийг баталгаажуулсан гэрээ юм. Түүнээс биш 2016, 2020 | оны улс төрийн сонгуульд улс төрийн шийдвэр гаргах хэмжээний гэрээ гэж би үзэхгүй байгаа. Угаасаа тийм ч гэрээ биш.
Учир нь АН-ын үндсэн дүрэмд “Бусад намуудтай эвсэл болох, улс төрийн шийдвэр гаргах тохиолдолд АН-ын ҮЗХ хуралдаж эцсийн шийдвэр гаргана” гэж заасан. Тиймээс ҮЗХ хуралдаагүй байгаа үед наана нь албан ёсны гэрээ шийдвэр гаргах эрх байхгүй.
Үнэндээ өнөөдөр улс төрийн нөхцөл байдал тогтвортой биш байгаа.
-АН-ын анхдагчид болох Улсын баатар Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар нар уг гэрээг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Танай намын гишүүдээс эсрэг байр суурийг илэрхийллээ шүү дээ?
Хувь хүн байр сууриа илэрхийлэх нь манай намын хүмүүсийн бүрэн эрх. АН дотоод ардчилалтай нээлттэй нам. Э.Бат-Үүл, Баабар нар гэрээг аль өнцгөөс харж үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Гэрээний тухай товчхон хэлбэл энэ гэрээ хууль ёсны хүчин төгөлдөр эцсийн баримт бичиг биш.
Албан ёсны шийдвэрийг дээр хэлсэнчлэн Ардчилсан намын ҮЗХ л гаргах эрхтэй гэдгийг хэлэх нь зүйтэй. Эхний ээлжинд энэ гэрээн дээр гарын үсэг зурагдаад, зөрчилтэй, шүүмжлэлтэй заалтууд орсон байж болно. Гэхдээ уг гэрээг албан ёсны гэрээ байх уу, албан ёсны улс төрийн шийдвэр гэж үзэх үү гэдгийг ҮЗХ шийднэ.
-Энэ гэрээ ҮЗХ-гоор орно гэсэн үг үү. Танай намын ҮЗХ хуралдалгүй хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Одоо ч гэсэн хэзээ хуралдах нь тодорхойгүй байгаа?
АН-ын сонгуульд орох мөрийн хөтөлбөр, баримт бичгийг батлах, улс төрийн шийдвэрийг гаргах эрх бүхий газар нь ҮЗХ. Цаана нь Ардчилсан намын Их хурал гэж байна. Энэ гэрээг АН, МАХН-тай эцсийн байдлаар тохирсон баримт бичгийг үзэглэсэн гэж ойлгож болохгүй.
-АН, МАХН-тай гэрээ байгуулснаар МАН-ын хаяанд гэрээ барьчихлаа гэж үзэх хүмүүс байна л даа?
Би гэрээнд гарын үсэг зурж байхад таны асууснаас арай өөр зүйл бодож байсан. Харин ч энэ Засгийн газрыг унагаачихъя, АН-ыг элгэдээд сөхрүүлчихье гэсэн сөрөг хүчний үйл ажиллагаанд томоохон цохилт өгсөн үйлдэл болох байх гэж харж байлаа. Гэтэл манай зарим гишүүд энэ гэрээг өөр өнцгөөс тайлбарлаад эхэллээ.
Миний харснаар МАН-д 2012 онд байгуулсан гэрээндээ аль аль нам нь үнэнч шүү гэдгийг харуулсан гэрээ л гэж бодоод байгаа. МАН-ын 26 гишүүн дээр манай намаас нэг, МАХН-аас нэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулъя гэдэг дээр гарын үсэг зураад л явчихсан байна шүү дээ. Дахиад ийм зүйл гарахгүй шүү, 2012 онд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэдгийг баталгаажуулсан гэрээ. Түүнээс 2020 оныг шийдвэрлэсэн гэрээ биш ээ.
-ҮЗХ-гоор ороогүй болохоор чухал биш гэрээ гэж үзэж болох нь ээ. Гэхдээ гэрээ гэдэг үг чинь өөрөө ямар утга тээдэг билээ дээ?
Гэрээний төсөлд 2016 оны сонгуульд эвсэл болж үзэх үү, үгүй юу гэдгийг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэнэ гэсэн байгаа. Заавал эвсэнэ гэж тусгаагүй. Энэ мэтчилэн гэрээг анхааралтай уншаад үзвэл тайлбарууд бий. Энэ бол миний л ойлголт. Би ч гэсэн алдаатай зүйл хэлж байж болно. Миний хэлсэн үг бүхэн туйлын үнэн байх албагүй. Дахин хэлэхэд энэ АН-ын эцсийн шийдвэр биш.