Халаасанд багтах шийдвэр
Аливаа улс орны ядуурлын түвшинг тогтооход усыг нэгэн гол хүчин зүйл болгож авч үздэг
2014.09.05

Халаасанд багтах шийдвэр

Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг  Зохицуулах зөвлөл хуралдаж,  Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг өөрчлөх шийдвэр гаргасан билээ. Усны үнийг нэмсэн ч усыг ашиглах, хэрэглээ, хамгаалалт сайжраагүй цагт асуудал шийдэгдэхгүй.

Тиймээс санаа амар суух хэрэггүй. Ялангуяа цэвэр усаа жорлонд татдаг бидний хувьд сурах зүйл их байна. Усны нөөц ирээдүйд хомсдох нь ойлгомжтой ч бодлого хөтөлбөр гаргах хэрэгтэй гэж улс төржүүлж хэтэрхий томоор шийдэх гэж оролдон дороо дэвсэх бус, өнөөгийн хэрэглээ, зуршил, амьдрах орчиндоо анхаарах хэрэгтэй байна.

Усны хэрэглээ

Аливаа улс орны ядуурлын түвшинг тогтооход усыг нэгэн гол хүчин зүйл болгож авч үздэг. Нэг хүн өдөрт 50-аас доошгүй ус хэрэглэж байвал хэвийн гэж үздэг. Хэрэв 20 литр лүү буучихвал ядуурлын түвшинд хүрдэг. Улаанбаатар болон бусад хот суурин газрын орон

сууцанд амьдардаг нэг хүн өдөрт дунджаар 200-250 литр ус хэрэглэдэг. Энэ нь хөгжингүй орнуудтай харьцуулахад тийм ч их хэрэглээ биш.

Харин малчид болон гэр хороололд амьдардаг иргэд өдөрт 3-8 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Ингээд усны хүртээмжийн талаас нь аваад үзэхээр Монголын хүн амын 30 орчим хувь нь усны хүртээмжийг авч чаддаг гэсэн тоо гарна. Энэ бол бага тоо. Түүнээс гадна усны хүртээмжийг авч үзэхдээ хүмүүс хэр холоос усаа авч байна гэдэг үзүүлэлтийг авч үздэг. Тэгэхээр бидний эхний зорилт бол хүн амын усны хүртээмжийг нэмэгдүүлэх.

2005-2015 оныг НҮБ-аас усны хүртээмжийг нэмэгдүүлэх 10 жил болгон зарлаж Монгол улс усны хүртээмжийг 60 хувьд хүргэх зорилт тавьсан. Гэхдээ ганцхан жил үлдээд буй өнөөгийн нөхцөлд 40 хувьд ч хүрээгүй байна

Сүүлийн үед дэлхий дахин усны үргүй хэрэглээг багасгая гэсэн хандлагатай болж байна. Саяхан Малайзад болсон усны экспоны үеэр тус улсад бороо их ордог учраас борооны усаа тосч байшингийнхаа дор усан санд цуглуулаад ахуйн хэрэглээндээ ашиглаж байгаа туршлагыг харсан. Манайх шиг нүсэр том шугам сүлжээгээр айл болгонд ус хүргэдэг нь тун ховор. Хэрэглэхдээ зүгээр урсгаж хэрэглэдэггүй, төмпөнд тосч байна. Бид бас санаа авах хэрэгтэй.

Том бодлого боловсруулж баахан хууль гаргахаасаа илүү гэр бүлийн орчинд хүүхдийг зөв хүмүүжүүлэх нь чухал. Хоёрдугаарт тоолуур тавих нь эдийн засгийн чухал хөшүүрэг. Айл болгонд тоолуур тавьж, нэг литр усны үнийг нэг төгрөгт хүргэн хүмүүсийн халаастай нь яриад эхлэвэл усны зөв хэрэглээний менежмент бий болно.

Энэ бүхнээс харахад ойрын 10-20 жилд нийт ус хэрэглээ 3-4 дахин, өөрөөр хэлбэл 1,5-5 км куб ус хэрэглэх шаардлагатай болно. Тэгэхээр энэ их хэрэгцээг Монголын усны нөөц даах чадалтай юу гэдэг асуудал гарч ирнэ.

Гэр хорооллын иргэд хамгийн өндөр үнээр ус авдаг ч ус үнэтэй байна гэж гомдоллодог хүн байхгүй. Харин ч үр дүнтэй хэрэглээ бий болно. Хар усыг харамлах цаг болсон. Хүмүүс сард дунджаар 40-100 мянган төгрөгөөр утсаар ярьдаг хэрнээ усанд 2000 төгрөг л зарцуулдаг.

Үйлдвэрлэлийн процесс явагдах нэг гол нөхцөл бол ус. Одоогоор эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа ч уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг дагаад үйлдвэр дэх усны

хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан. Харин хүн амын хэрэглээг 1,5-2 дахин өсгөх шаардлага бий.

Харин хөдөө аж ахуй дахь усны хэрэглээ малын тооноос хамаардаг. Усалгаатай газар тариалангийн хувьд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам 100 мянган га-д хүргэх зорилт тавьсан. Манай усны нөөц үүнээс илүүг авах даац байхгүй.

Тиймээс нэгдүгээрт хүн ам болон эдийн засагт хэрэгтэй байгаа усны хэрэгцээг хангах шаардлага гарч ирж байна. Хоёрдугаарт тэгш бус хувиарлалттай усны нөөцийг зүй зохистой ашиглах арга замыг боловсруулах хэрэгтэй болж байна. Гуравдугаарт усны зөв менежмент, өөрөөр хэлбэл зөв бүтэц, зохион байгуулалт хийх хэрэгтэй гэдгийг Монголын усны үндэсний төвийн дэд захирал Ш.Ганзориг хэлж байсан.

Чухам эндээс бусад нарийн зүйлүүд гарч ирнэ. Улаанбаатарын орон сууцны нэг хэрэглэгч хоногт 190 орчим литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан. Гэтэл энэ бол бодит тоо биш. Энгийн жишээ аваад үзье. Нэг хүн өдөрт дунджаар хоёр литр ус уудаг, өдөрт гурван удаа өтгөн шингэнээ зайлахдаа 30 орчим литр ус асгадаг, усанд орвол 50 литрийг хэрэглэнэ. Гэтэл энэ маань 190-д хүрэхгүй байна. Бусад 100 гаран литр ус хаачсан гэдэг ноцтой асуудал. Усны алдагдал хоёр зүйл дээр гардаг. Нэгдүгээрт хуучирсан шугам сүлжээнээс алддаг, хоёрдугаарт цэвэр тооцооны алдагдал. Гаднаас ирсэн усыг орон сууцны конторууд айлуудад хувиарладаг. Харин Ус сувгийн удирдах газраас тооцоо гаргахдаа олборлосон усаа хүнийхээ тоонд хуваадаг. Өөрөөр хэлбэл бодит хэрэглээ, статистик тоо хоёр хол зөрөөтэй.

Дээр нь нэмээд хэлэхэд хүмүүсийг усаа хэмнэ гэж хичнээн уриалаад ч, шүдээ угаахдаа стакандаа ус хийж бай гэж хичнээн сургасан ч үр дүн гарахгүй. Харин зүгээр л нэг литр усыг нэг төгрөгөөр үнэлээд тоолуур тавих хэрэгтэй. Хүний халаастай нь яриад эхлэвэл зөв менежмент болно. Ус сувгийн удирдах газар ч алдагдалтай ажиллахаа болино. Бий болсон мөнгөн хуримтлалыг ус дутагдаад буй газруудад, үйлдвэрүүддээ ус нийлүүлэхэд зарцуулах боломж бүрдэнэ. Ийм л энгийн менежмент. Хүмүүс аяндаа ойлгоод эхэлнэ. Усыг их хэмжээгээр хэрэглэдэг, хаа сайгүй хаядаг, дахин ашигладаггүй аж ахуйн газрууд усны үнэ нэмэхийг эсэргүүцдэг. Хандлагаа өөрчлөхгүй бол Монголд долоон жилийн дараа усны хомсдол үүснэ.

Шийдэл

Энэхүү нийтлэлийнхээ хүрээнд зөвхөн дотоодынхоо эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонссон юм.

Л.Алтангэрэл: Усыг зохистой ашиглахад хийх эхний алхам бол усны үнийг нэмэх

Нийслэлийн ЗАА-ны Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Алтангэрэл: “Төв цэвэрлэх байгууламжид хоногт 170-190 мянган куб метр усыг цэвэршүүлээд юунд ч хэрэглэхгүй Туул гол руу юүлдэг. Уг усыг ТЭЦ-үүдийн технологийн хэрэгцээнд ашиглавал хоногт 80 мянган куб метр ус хэмнэх болно” гэв.

Тэрээр усны барилга байгууламжийн инженер мэргэжлээр 23 жил ажиллаж байгаа юм.

Г.Долгорсүрэн: Ойрын 2-3 жилд шинэ цэвэрлэх байгууламжтай болно гэж бодож байна

Туул голын Сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн:

“Улаанбаатар орчимд Туул голын эргээр 150 орчим жижиг, том гүний худгаас Улаанбаатарчууд насосоор соруулж хэрэглээгээ хангадаг.

Чухам үүнээс болж Туул голын маань урсац багассан. Туул гол дээр усан цогцолбор барих ажлыг яаравчлах хэрэгтэй” хэмээв.

Тэрээр усны  мэргэжилтэй бөгөөд нийтдээ 31 дэх ажиллаж байгаа ажээ.

С.Чулуунхуяг: Хандлагаа өөрчлөхгүй бол Монголд долоон жилийн дараа усны хомсдол үүснэ

ШУТИС-ийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын эрхлэгч С.Чулуунхуяг“Бодлого гэхээсээ илүү устай холбоотой хууль, дүрэм, журмаас бүрдсэн эрх зүйн баримт бичгүүд бий. “Ус” хөтөлбөр ч гэж байдаг. Нийтдээ 50 гаруй хуулиар усны асуудлыг зохицуулдаг. Гэхдээ юм хэтэрхий олшрохоор аль ч үгүй болдог. Усыг аль болох хэмнэлттэй хэрэглэх технологи хөгжчихсөн байна.

Технологи биднээс хур борооны усыг та уух уу, эсвэл биеэ угаах уу, нэг бол талбай услах уу гэдгийг асуудаг болчихож. Бохир усаар гурилаа ч зуурна, барилгаа ч барина. Технологи ийм өндөр түвшинд байна шүү дээ. Тиймээс бид энэ чигт л явах хэрэгтэй. Ер нь манайх газрын гүний усны нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Шар ус, хур борооны усыг тодорхой хэсэгт хаших замаар гүний усыг нэмэгдүүлж болно. Бид үр хойчдоо усны нөөц үлдээх хэрэгтэй. Мөнгөнөөс чухал маргааш гэж өдөр бий шүү дээ” гэсэн юм.  

Тэрээр ус хангамжийн инженер мэргэжлээр 30 жил ажиллаж байна.

Ш.Ганзориг: Удахгүй Монгол улс гадаргын усыг түлхүү ашиглах шаардлага зайлшгүй гарна

Монголын усны үндэсний төвийн дэд захирал Ш.Ганзориг: Саарал

усыг хэрхэн ашиглах тухай хууль нь гараад дөрвөн жил болчихоод байхад саарал усны стандарт батлагдаагүй л байна. Яамдууд юмаа хийхгүй байна.

Эрдэнэт үйлдвэрийн хувьд усны дахин ашиглалтаас усныхаа 60-70 хувийн хэрэгцээг хангадаг. Оюу Толгой ч цаашдаа энэ зарчмаар ажиллах бөгөөд 16 хувийг гүний уснаас, 84 хувийг дахин ашиглалтаас авна гэсэн тооцоог би өөрийн биеэр гаргасан. 

Тэрээр усны барилга байгууламжийн инженер 29 дэх жилдээ ажиллаж байна. 

Д.Оюунчимэг: Монголчууд усыг дэндүү цамаан хэрэглэдэг ард түмэн

УБТЗ-ын Дохиолол холбоо, мэдээлэл, эрчим хүчний албаны ус хангамжийн инженер Д.Оюунчимэг: “Ер нь сүүлийн үед дэлхий

дахин усны үргүй хэрэглээг багасгая гэсэн хандлагатай болж байна. Саяхан би Малайзад болсон усны экспод оролцоод ирсэн. Малайзад бороо их ордог учраас борооны усаа тосч байшингийнхаа дор усан санд цуглуулаад ахуйн хэрэглээндээ ашиглаж байна. Манайх шиг нүсэр том шугам сүлжээгээр айл болгонд ус хүргэдэг нь тун ховор. Хэрэглэхдээ зүгээр урсгаж хэрэглэдэггүй, төмпөнгөөр тасдаж авч хэрэглэдэг. Харин ундны усыг маш өндөр үнэтэй, зөөврөөр авдаг. Гэхдээ тэр нь ямар ч амтгүй. Монголын онгоцонд суугаад Монгол ус уухад ямар амттай санагдсан гээч. Малайчуудтай харьцуулахад Монголчууд усыг дэндүү цамаан хэрэглэдэг ард түмэн” гэв.

Тэрээр усны барилга байгууламжийн инженер бөгөөд 13 дах жилдээ ажиллаж байна.

Эдгээр салбарын мэргэжилтнүүд энэ чиглэлээр хууль эрх зүй болон олон төсөл хөтөлбөр боловсруулахад оролцож, энэ талаар амьдралынхаа нэгээхэн цаг хугацааг зарцуулж яваа билээ. Тиймээс ухаант уншигч та нэгийг бодож, хоёрыг сэтгэж амьдралын үндэс болсон усаа хайрлан хамгаалахыг уриалж байна.

Таны хайр энгийн зүйлээс л эхэлнэ.