Ш.Түвдэнбалжир: Хар усыг харамлах цаг болсон
Монголын байгаль орчны парламентын гишүүн Ш.Түвдэнбалжиртай ярилцлаа.
- Томоохон гол, мөрний сав газруудад урсацын тохируулга хийж, усан цогцолбор барих ажлыг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцдэг гэсэн ойлголт байдаг. Харин таны хувьд ямар бодолтой байна вэ?
Би хувьдаа эсэргүүцдэггүй, дэмждэг.
Гадаргын усны хувиар ашиглаж болох хамгийн үр дүнтэй хувилбар бол Хэрлэн гол. Бид энэ их усныхаа нөөцийг далайн шорвог устай холиод орхичихдог. Хэрлэн голоор нэг секундэд 25 000 литр ус гадагш гардаг. Ялангуяа шар усны үер, борооны үерийн үед үүнээс хэд дахин илүү ус зүгээр л урсаад гарчихдаг. Тэгсэн хэрнээ усны нөөцийн хоёр хүрэхгүй хувийг бүрдүүлдэг гүний усаа хайр найргүй зарцуулаад байж болохгүй. Ирээдүй хойчоо бодох хэрэгтэй. Бид маргаашгүй юм шиг амьдарч байна.
Тиймээс миний хувьд Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын тогтоолоор 2016 оноос эхлэн газрын гүний усыг ашиглаж болохгүй гэж шийдсэнийг маш зүйтэй, цагаа олсон шийдвэр гэж үздэг. Дорноговь, Дундговь аймгууд ч ийм тогтоол гаргаасай гэж бодож байна.
Ирээдүйд уул уурхайг усаар хангах нэг арга зам бол “Хэрлэн говь” төсөл. Олон жил яригдаж байгаа ч тухайн үедээ улс төржилтийн золиос болсон төсөл. Хэрэв тэр үед Хэрлэн гол дээр цогцолбор бариад эхэлчихсэн бол олон зүйлийг амжуулах байлаа. Цогцолбор барьж урсацын тохируулга хийснээр илүүдэл усыг байгаль, экологи, үйлдвэрлэлд ашиглаад зогсохгүй ургамал, амьтныг хамгаалж чадна. Учир нь үерийн ус ургамлын үндсийг тасдаж, амьтдыг хөнөөдөг хортой.
Хэрлэн говь төслийн дагуу Хэрлэн голын усны нөөцийн дөнгөж хоёр хувийг нь Говь руу хоолойгоор татаж ашиглах учиртай. Түүнээс биш Б.Бат-Эрдэнэ аваргын яриад байгаа шиг Хэрлэнг хэрчээд Говь руу урсгах гээд байгаа юм биш. Хэнтийчүүдэд гай биш, тус болно. Учир нь Говь руу урсгасан усныхаа оронд мөнгө авна.
Гэхдээ сүүлийн үед Хэнтийчүүд асуудлыг ойлгож, нааштай ханддаг болсон. Хэрлэн говь төслийг хэрэгжүүлвэл ямар ашигтай байх талаар жишээ хэлье. Хэнтий аймгийн нийт төсөл 51 орчим тэрбум төгрөг. Үүнээс тавхан тэрбумыг аймаг өөрөө бүрдүүлдэг. Харин зөвхөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг усаар хангавал 60 тэрбум төгрөгийн нөөц ашигласны төлбөр авах болно. Илүүдэл усаа ингэж ашиглаж болно. Дэлхийн бараг бүх улс ийм цогцолборуудыг барьчихсан байна.
Улс төржилтөөс болоод ажил урагшлахгүй байна.
- Тэгвэл улс төржилтийн цаана ямар ашиг, сонирхлын зөрчил байна вэ?
Хоёр намын, хоёр нэр дэвшигчийн хувийн амбицаас өөр юм байхгүй. Хоосон эх оронч царайлж хүмүүсийн тархийг угаадаг.
- Усны талаарх хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд хангалттай гарсан ч яагаад хэрэгжихгүй байна вэ? Бас нөгөө улс төржилтөөс болсон уу?
Ихэнх нь амьдралаас тасархай учраас. Дэмжинэ гэх боловч дэмжиж байгаа зүйл огт байхгүй. Өнөөдөр Хэрлэн голын ТЭЗҮ-ийг хийнэ гэж байгаа ч хийх мөнгө нь алга. Уг нь олон улсын зах зээлд хувьцаа гаргахад худалдаад авах том төсөл шүү дээ.
Гэхдээ би нэг зүйлийг ихэд олзуурхаж байна. Хэнтий аймгийн иргэд “Хэнтий ус - консорциум” гэдгийг байгуулсан. Тэдэнд Засгийн газраас мөнгө хэрэггүй, зөвхөн дэмжлэг хэрэгтэй. Олон улсын зах зээлээс бонд хэлбэрээр мөнгө босгох боломжтой. “Хэнтий ус консорциум” бол хэдхэн жилийн дотор зардлаа нөхөх төсөл. Одоогоор дүрмийн санд нь тэрбум орчим төгрөг цугласан. Төслийн баг Монголын гурван сая орчим иргэн бүр сар болгон 100 төгрөгөөр уг төслийн хувьцааг авбал сард 300 сая төгрөг цуглах боломжтой гэсэн сайхан санааг дэвшүүлсэн. Зардлаа нөхсөний дараа иргэд хувьцааныхаа үр ашгийг хүртэж эхэлнэ. Сард 100 төгрөг өглөө гээд амьдрал дордохгүй.
- Өнөөдөр усны асуудлыг хэтэрхий олон байгууллага хариуцдаг гэдэгтэй санал нийлэх үү?
Усны нэгдсэн бодлого алга. Учир нь олдохгүй 29 сав газрын захиргаадыг байгуулчихсан. Энэ чинь яаж усаа хамгаалах вэ гэдгээсээ илүүтэй яаж уснаас өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг бодлого явуулдаг Голландын менежмент. Манайхаас өөр усны бодлогын яамгүй газар цөөхөн.
Гэр хорооллын иргэд хамгийн өндөр үнээр ус авдаг ч ус үнэтэй байна гэж гомдоллодог хүн байхгүй.
- Таны бодлоор усны үнийг хэрхэн нэмбэл зүйтэй вэ?
Ус хэмнэдэг технологи ашигласан ус ашиглагчийг урамшуулах заалтууд сүүлийн хуулинд орсон. Хувь хэрэглэгчдийн хувьд зөвхөн нэг цонхоор харж нэмж болохгүй. Ундны ус үнэгүй байх нь зүйтэй. Харин ахуйн хэрэглээний усыг өдөрт 100 литрээс дээш хэрэглэвэл илүү хэрэглэсэн усыг нь үнэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт ваннанд ашигласан усаа жорлондоо ашигладаг технологийг ашиглах нь зүйтэй.
Усны үнийг нэмснээр иргэд хохирохгүй. Гэр хорооллын иргэд хамгийн өндөр үнээр ус авдаг ч ус үнэтэй байна гэж гомдоллодог хүн байхгүй. Харин ч үр дүнтэй хэрэглээ бий болно. Хар усыг харамлах цаг болсон.
Усыг их хэмжээгээр хэрэглэдэг, хаа сайгүй хаядаг, дахин ашигладаггүй аж ахуйн газрууд усны үнэ нэмэхийг эсэргүүцдэг.