Барилгачид хаачив?
Төмөр краны нүргэлсэн чимээ, хөлсөө урсгах барилгачид хаачив?
Тэд хаана байна вэ. Таван сар дөхчихсөн энэ үед бүтээн байгуулалт ид өрнөх ёстой байтал нэг л эл хуль, чимээгүй байх чинь. Барилгачид гэртээ ажилгүй сууж байна.
Жаран мянган ажлын байрыг бий болгодог барилгын салбар хямралын шуурганд өртөв бололтой. 2012 онд өнөөдрийнх шиг эл хуль байсныг санаж байна.
Үйлдвэр байгуулж, 17 тэрбум төгрөгийг улсаас авсаны хэрэг гарахгүй.
Гэхдээ тэр үед хийх ажилгүйдээ бус, Нийслэлийн захиргааны хүнд сурталтай холбоотойгоор ажил зогсч байсан. Гэтэл өнөөдөр Нийслэлийг маш нээлттэй, ил тод хүнд сурталгүй болсоныг барилгынхан ам уралдан хэлж байгаа мөртлөө ажилгүй суух нь юуных вэ.
2014 онд хувийн хэвшлийн эх үүсвэрээр 1,5 их наяд төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 1,3 их наяд төгрөг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус тус бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлсэн байдаг.
Гэтэл энэ жил улсын төсвөөр бариулж буй барилга бараг алга. Барилгачдыг ганц ажилтай байлгаж байгаа нь гэр хорооллын дахин төлөвлөлт. Томоохон компаниуд л дахин төлөвлөлтөд орж байгаа болохоос биш жижгүүд нь өнөө маргаашгүй хаалгаа барихад ойрхон байна. Материал үйлдвэрлэгчид, өчнөөн олон жижиг аж ахуй нэгжүүд дагаад зогсч байгаа бөгөөд тавилга, хөшиг, замын хар нийлүүлэгчид, туслан гүйцэтгэгчид, засалчид бүгд ажилгүй байна.
Ялангуяа барилгын материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрийн хашаан дотор хураалттай хэвтэж байгаа нь үнэхээр харамсалтай.
Өнгөрсөн 2013 оноос монголын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж техник технологийн асуудлыг шийдэхээр 130 тэрбум төгрөгийг 32 компанид зээлээр өгчихсөн мөртлөө нөгөө гараараа 257 барилгын ажлыг зогсоож царцаасан.
Тэгээд л төр нь өөрөө барилгынхаа компанийг унагаагаад байгаа ажээ. Нэг гараараа зээл өгөөд, нөгөө гараараа төслүүдийг царцааж, ямар ч үр ашиггүй эдийн засгийн бодлогыг явуулж, хөгжилд саад хийсээр байгаа нь ил боллоо.
Төр сонор соргог байдлаа дээшлүүлж, импортын цементүүдийг оруулахгүй байх тал дээр анхаарахгүй бол Хөтлийн цемент шохойн үйлдвэрийн цемент хэнд ч хэрэггүй болно.
Үйлдвэр байгуулж, 17 тэрбум төгрөгийг улсаас авсаны хэрэг гарахгүй. Дотоодын зах зээлээ хамгаалах бодлогыг явуулах хэрэгтэй гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлж байгаа юм.
Хэрвээ улс төржихгүй, эрх ашгийн тэмцэлдээнгүй, дотооддоо эв нэгдэлтэй бол засаглалын хямрал, эдийн засагт, хүн ардын амьдралд тийм ч хүндээр нөлөөлөхгүй байх боломж бий.
Одоо компаниудын хувьд ганц итгэл найдвар төрүүлж байгаа нь Оюутолгой, Тавантолгой.
Одоо компаниудын хувьд ганц итгэл найдвар төрүүлж байгаа нь Оюутолгой, Тавантолгой.
Асуудалтай ч гэсэн цорын ганц эдийн засаг сайжрах нөхцөл нь болчихоод байгааг олон эдийн засагчид хэлж байгаа. Барилгын салбарт хөрөнгө оруулах гэсэн гадны тоглогчдыг ч гэсэн харахад төр засгийн тогтвортой бодлогыг голчилж, мега төслүүдийг эхлүүлэхийг хүлээж суугаа юм.
Тиймээс улс төржиж, шоудахаа болиод төслүүдээ урагшлуулбал хөрөнгө оруулалт сэргэж, эдийн засгийн хямралаас гарах боломж бүрдэнэ. Монголчуудын жаран хувь нь цалингаараа өрхийн орлогоо бүрдүүлдэг учраас ажилтай, орлоготой байх нь хамгийн чухал болоод буй. Монголд нэг ажилтай хүн гурван ажилгүй хүнийг тэжээдэг гэсэн судлагаа бий.
Нэг барилгачин ажилгүй суухад түүний цаана тэр өрхийн амьжиргаа улам бүр суларсаар байгаа гэдгийг бодоод үзээрэй.
Эцсийн дүндээ Ардчилсан нам, Ардын нам хоёр хоёулаа сонгуулиар ажилтай орлоготой, сэтгэл дүүрэн Монгол хүнийг сайхан амьдруулах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө үхэн хатан зүтгэнэ гэж амласныг сануулья.