Ч.Мөнхзул: Бохир усны шинэ стандартууд гаргана
БОНХЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ч.Мөнхзул
2014.06.05

Ч.Мөнхзул: Бохир усны шинэ стандартууд гаргана

БОНХЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ч.Мөнхзултай ярилцаж  усны  асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

- Одоогийн байдлаар яамнаас усны нөөц, устай холбоотой ямар концепци, зарчим  баримтлах шаардлагатай  байна вэ?

Байгаль орчны хуулийн шинэчлэлийн хүрээнд 2012 онд Усны тухай хуулийг УИХ-аар шинэчлэн батлуулсаныг та бүхэн сайн мэдэж байгаа. Энэхүү хуулинд  Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн гэж заасан байгаа. Тиймээс улс орны хөгжлийн түлхүүр болох усны салбарын бодлого, төлөвлөлт хамгийн чухал бөгөөд тэргүүлэх эгнээнд байх учиртай.  Ерөнхийдөө ашиглах боломж нөөцийн хүрээнд менежментийн төлөвлөгөө боловсруулж, зөвшөөрлийн механизмаар дамжуулан ус ашиглалтыг зохицуулах; Сэлэнгэ, Туул, Орхон зэрэг тоомоохон голууд дээр урсацын тохируулгатай усан сан байгуулж олон зориулалтаар ашиглах төслийн үе шатны ажлыг яаралтай гүйцэтгэх; газрын доорхи усны нөөцийн хяналт шинжилгээ, мониторингийг өргөжүүлэх, боловсронгуй болгох; холбогдох нормативыг үндэслэн ус хангамжийн регионал  хайгуул судалгаа, зураглал гаргах; Говь хээрийн газрын доорх цэнгэг  усны ордыг зөвхөн хүн амын унд ахуйн зориулалтаар ашиглах; усны хэмнэлттэй хэрэглээ, дахин ашиглалтыг дэмжих, алдагдлыг бууруулах, ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх; усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг хэрэгжүүлэх;  хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлэх чадавхийг бүрдүүлэх  зэрэг бодлогыг нэн тэргүүнд тавьж байгаа.

- Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

Ус ашиглалтын хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байна. Усны нөөцийн зүй бус ашиглалт,  хэрэглээ нь усны нөөцийн бохирдол, хомсдолыг бий болгож байна. Иймд усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх хөшүүрэг болох иргэд, аж ахуйн нэгжийг хаягдал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах дэвшилтэд технологи нэвтрүүлэхийг хөхүүлэн дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагын дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг шинээр боловсруулж УИХ-аар 2012 онд батлуулсан. Уг хуулийн 7.3 дахь хэсэгт Ус бохирдуулсны төлбөрийн орлогыг Байгаль хамгаалах санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна гэж заасан. Үүнтэй холбогдуулан ус ашигласны болон бохирдуулсны төлбөр ногдуулах, хураах, зарцуулах төлбөрийн нэгдсэн систем, арга хэлбэрийг тогтоох шаардлага байгаа.

- Устай холбоотой ямар нэгэн шинэ стандарт гарах уу?

“Усны тухай”, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл үйлчилгээнээс гарах хаягдал усны байгальд нийлүүлэх зөвшөөрөгдөх дээд хэмжээ, төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандартыг шинэчлэн боловсруулах шаардлага урган гарсан.

Сүүлийн жилүүдэд арьс шир, ноос ноолуур, нефть боловсруулах, хог хаягдал шатаах, бордоо, хими цэвэрлэгээ,  эмийн үйлдвэр зэрэг хүнд, хөнгөн үйлдвэр, спирт, архи, дарс, ундаа, чихэр, сүү, загас боловсруулах зэрэг хүнсний үйлдвэрлэл болон бусад иргэн аж ахуйн нэгжийн үйлчилгээнээс гарах бохир усны найрлага дахь бохирдуулагч бодис, химийн элемент их хэмжээгээр агуулагдах болсонтой холбогдуулан ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандартын төслийг холбогдох мэргэжлийн хүмүүстэй хамтран боловсруулж байна. Энэхүү стандарт нь байгаль орчныг бохирдлоос хамгаалах, эрүүл аюулгүй орчинд хүмүүсийн амьдрах нөхцөлийг хангах, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж болохыг тогтоосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтээс гарах хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох зорилготой.

Нөгөө хоёр дахь стандарт болох хаягдал усны байгальд нийлүүлэх зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох стандартын төслийг өмнө нь батлагдсан “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэошүүлсэн бохир ус, техникийн ерөнхий шаардлага” MNS 4943:2011 стандартыг өнөөгийн шаардлага, олон услын ижил төстэй стандартыг судлах, харьцуулах, шаардлагатай зүйлийг тусгах замаар шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулж байна.

- Төрийн мэдээлэл цахимжиж эхлээд байна. Харин  байгаль орчны салбарт маань мэдээллийн нэгдсэн сан байдаг уу?

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу манай Цаг уур орчны шинжилгээний газрын Байгаль орчны мэдээллийн төвийн www.icc.mn гэсэн сайт дээр манай салбарын мэдээллийн сангуудыг байршуулсан байдаг.

Мөн БОНХЯ-аас2014 оныг “Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил” болгон зарласантай холбогдуулан  төлөвлөгөө гарган тодорхой ажлуудыг хийж байгаа.

Байгаль орчны салбар мэдээллийн нэгдсэн сантай болно.

Харин усны мэдээллийн сангийн тухайд энэ нь байгаль орчны салбарын хамгийн чухал мэдээллийн сан байх ёстой. Урьд нь анхдагч мэдээ гаргадаг байгууллагууд өөрсдийн хэмжээнд янз бүрийн санг байгуулж ирсэн. Тухайлбал хуучин Усны газарт зөвхөн газрын доорхи усны нөөцийн тайлан бүртгэл, 2003 болон 2007 оны гадаргын усны тоо бүртгэл, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний газарт гадаргын усны сүлжээ, өртөө, харуулын хяналт шинжилгээний ажлын хүрээнд гарган авсан статистик мэдээ, “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Туул, Орхон голын сав газрын мэдээллийн сангийн зөвхөн дизайныг боловсруулсан, Ашигт малтмалын газарт 1974-2004 оны газрын доорх усны нөөцийн ордын талаарх мэдээллийг цахим санд оруулсан зэрэг ажлууд хийгдэж байсан. Тиймээс эдгээр мэдээллийг нэгтгэн төвлөрүүлэх, олон нийтэд ил тод хүртээмжтэй байлгах, түүнчилэн иргэн аж ахуйн нэгж байгууллагын хооронд холбогдох мэдээллээ хуваалцах боломж олгох зорилгоор вэб орчны газарзүйн мэдээллийн системд тулгуурласан улсын усны нэгдсэн мэдээллийн сангийн дизайныг боловсруулах ажлыг өнгөрсөн жил эхлүүлж, энэ оны 3 дугаар сараас Байгаль орчны мэдээллийн төвийн мэдээллийн санд байршуулсан байгаа. Гэхдээ бүх мэдээллийг хараахан оруулж амжаагүй, нэмэлт олон мэдээллийг оруулах хэрэгтэй байгаа.

Ярилцсанд баярлалаа.