Б.Саранчимэг: Үнэтэй зүйл үнэтэй л байх учиртай. Усны үнэ нэмэгдэх нь зөв
НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын дарга Б.Саранчимэгтэй
2014.06.19

Б.Саранчимэг: Үнэтэй зүйл үнэтэй л байх учиртай. Усны үнэ нэмэгдэх нь зөв

НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын дарга Б.Саранчимэгтэй ярилцлаа.

-Монгол улс усныхаа хэрэгцээний 90 орчим хувийг газрын гүний уснаас хангадаг. Гэтэл гүний ус нь нийт нөөцийн хоёр хүрэхгүй хувийг бүрдүүлдэг. Ийм нөхцөлд манай орон цаашид усны ямар бодлого, менежмент хэрэгжүүлэх ёстой вэ?

-Юуны өмнө танай хамт олон маш чухал асуудлыг хөндөж байгаад баяртай байна. Ус гэдэг бол бидний оршин буй үндэс өөрөөр хэлбэл улс орны амин чухал асуудал.

Гэтэл тэр бүр төр засгийнхан маань анхаарч дорвитой бодлого явуулахгүй байгаад үнэхээр харамсдаг. Би хэдий яг энэ чиглэлийн мэргэжилтэн биш ч НИТХ дэх Экологийн хороо ахалдгийн хувьд хэдэн жилийн судалгаа, эрдэмтдийн санал үндэслээд хэдэн санал хэлэх хэрэгтэй байх.

Нэгдүгээрт, бид нэн тэргүүнд гадаргын ус ашиглах асуудлыг судалж, ажил хэрэг болгох хэрэгтэй. Манай улсаас өөр ингэж гүний усаа бүх зүйлдээ ашигладаг улс дэлхийд ховор.

Хоёрдугаарт, усны суурь үнэ тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үнэтэй зүйл үнэтэй л байх учиртай гэдэг зарчим. Гэтэл бид өнөөдөр гүний хязгаарлагдмал нөөцтэй усаа литр литрээр нь жорлондоо татан урсгаж байна.

Гуравдугаарт, УИХ дээр их яригдаж маргаан дагуулдаг урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах. Усны эх сав газруудыг хамгаалах асуудал.

Дөрөвдүгээрт, хэдэн жилийн өмнө яригдаж байсан ч бид говьруу ус татах асуудлыг одоо дахин шинжлэх ухааны үндэслэл нийтийн эрх ашгийн үүднээс дахин авч хэлэлцэх нь зүйтэй санагддаг.

-Усны талаар олон хууль тогтоомж, хөтөлбөр, хариуцдаг байгууллагууд нь байна. Гэтэл өдий болтол усны ажил урагшлахгүй байна. Үүний шалтгаан нь юу байна вэ? Бидний арга барилд байна уу, эсвэл өөр шалтгаан уу?

-Олон байгууллагууд байгаа нь үнэн. Гэхдээ энд нэгдсэн бодлого, уялдаа холбоо гэдэг зүйл үгүйлэгдэж байна. Эхлээд энэ салбарын мэргэжилтнүүд маань нэгдэж, дараа нь шийдвэр гаргагчдад хүчтэй дуу хоолойгоо хүргэх цаг болсон.

-Хүчтэй дуу хоолой гээд та сая дурдлаа. Саяхан усны суурь хураамжийг нэмэгдэх болоод иргэдийн их бухимдалтай тулгарлаа.

-Улс маань эдийн засаг, уул уурхай гээд их ашиг бас хөрөнгө оруулалтын асуудал ярьдаг. Гэтэл бид хэчнээн мөнгөтэй боллоо гээд уух усгүй болвол яаж амьдрах вэ гэдэг асуудлыг орхиод байна. Үнэндээ усгүй бол уул уурхай ч өнөөдөр зогсоно шүү дээ.

Харин энэ усны суурь үнэ тогтоох асуудал бол бид усыг үнэлэх, арвилан гамнах асуудлыг эдийн засгийн хөшүүргээр тавьж байгаа нэг чухал зүйл.

Ядаж л бидний бага нөөцтэй гүний усыг уул уурхайд тонн тонноор нь шороо угаахад зориулж байгаа шүү дээ. Гэтэл тэр усаа бид суурь үнэгүй буюу ҮНЭГҮЙ ашиглуулж байна. Нэмж хэлэхэд одоогийн бидний төлж буй усны төлбөр бол зөвхөн ашиглах, түгээх зардал багтдаг.

-Усны үнийг нэмэхдээ хэрхэн нэмбэл зүйтэй вэ? Зарим хүн усны үнийг нэмэх болвол иргэдэд жилийн өмнөөс мэдэгдэх ёстой гэж үзэж байна. Та НИТХ дэх байнгийн хорооны даргын хувьд ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-Юуны өмнө бид иргэдийн сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй. Яагаад Монгол улсын усны асуудал ийм чухал гэдгийг бид сайн таниулж чадвал иргэд маань өөрсдөө л энэ зүйлийг биднээс илүү ярьж хүсч эхэлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.

Энэ зарчмын дагуу бид хүмүүсийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх ажлуудыг хийхээр гол зорилгоо болгоод ажиллаж байна. Мэдээж үүнд цаг хугацаа, санхүүгээс шалтгаалаад хамрах хүрээ далайц маань бага байхыг үгүйсгэхгүй.

Хороо маань Нийслэлийн Байгаль хамгаалах газартай нягт уялдаж ерөнхий бодлогоо боловсруулан ажилладаг.

Хороо маань Нийслэлийн Байгаль хамгаалах газартай нягт уялдаж ерөнхий бодлогоо боловсруулан ажилладаг.

Усны хувьд ярихад өнгөрсөн сард “Ундны усны аюулгүй байдлын хөтөлбөр”-г НИТХ-ын хурлаар батлуулсан. Үүнд онцолж хэлэхэд манайд гүний усны өрөмдлөг хийдэг маш олон компани байна.

Гүний усанд аюулгүй байдал гэдэг маш чухал. Иймд тэдний нэгдсэн бүртгэл, хараа хяналтыг сайжруулах асуудалд ажлууд хийгдэж байна. Мөн усны эх үүсвэрийг хамгаалах ажлуудад анхаарч шат дараатай ажлууд зохион байгуулж байгаа.

Төлөөлөгчийнхөө хувьд өнгөрсөн онд хэдэн жилийн судалгаандаа үндэслээд иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор “Ногоон ном”оо хэвлүүллээ.