С.Үнэн: Хэрвээ санхүүжилт нэмэгдвэл гэр хорооллын иргэдэд дулааны шугам сүлжээг өгч чадна
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнтэй усны хангамж, хэрэглээ, үнийн талаар ярилцлаа.
-1,3 сая хүн амтай нийслэл хотын ус хангамжийн талаар ярина уу.
Техник, технологийн дэвшил, боловсон хүчний чадавхи, салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэх гээд мэдээж олон асуудал бий. Сүүлийн үед манай усны салбарт ажиллаж буй эрдэмтэд, компаниуд нэг л зүйлд санаа зовж байгаа нь усны нөөцийн асуудал. Улаанбаатар хот дэлхийд цор ганц гэж хэлж болохоор усан хангамжийн сонин системтэй улс.
Бүх усаа гүний уснаас л авч хэрэглэдэг. Судлаачдын үзсэнээр хотын усны нөөц дөрвөн том эх үүсвэртэй. Тэрэлж, Мах комбинат, гуравдугаар цахилгаан станцын орчим байрлах эх үүсвэрээс Ус сувгийн удирдах газар нийт 174 гүний худгаас усыг олборлодог.
Усаа аваад усан сангуудад хуримтлуулж, боловсруулж, ариутгаад, халдваргүйжүүлэн цэвэршүүлээд усан сангуудаас дамжуулж хүргэдэг. Бид хүний биед ямар ч хор нөлөөгүй, өвөг дээдсээс заяасан зөөлөн сайхан амт, чанартай устай азтай ард түмэн.
-Танайх ямар учраас усыг ариутгадаг юм бэ. Хлормоны амт заримдаа амтагддаг нь халдваргүйжүүлсэн гэсэн үг үү?
Усыг олборлох явцад шугам хоолой, тоног төхөөрөмжөөр дамжих, гадны нөлөөлөл орох магадлалтай учир халдваргүйтэл, цэвэршүүлдэг юм. Нэг
гол асуудал нь 1959 оноос хойш ашиглагдаж буй шугам сүлжээ нь өөрөө усаа бохирдуулах эрсдэлтэй болчихсон.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг дэлхийн 66 орчим улс хэрэглэдэг. Тийм сайн арга биш ч өөр шалгарсан арга одоохондоо гараагүй. Өндөр хөгжилтэй оронд бол мөнгөжүүлэх, алтжуулдаг. Хлоржуулсан амт нь хүний биед ямар ч нөлөөгүй тунгаар хийгддэг.
-Танай газар өнгөрсөн жил 13 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тэгэхээр усны үнийг доод түвшинд барьж байгаагаас ийм байна гэж ойлгох уу?
Ус суваг 1 литр усыг олзворлоод, зөөгөөд орон сууцны конторт 26 мөнгөөр өгдөг. 1 төгрөгийг дөрөв хуваасны нэг гэсэн үг. Ингээд НӨАТ нэмэгдээд 29 мөнгө, орон сууцны конторын зардал нийлээд нийтдээ 32 мөнгө л болдог. Энэ үнийг өөрчлөхгүй бол газрын гүний усаа хайр гамгүй хэрэглээд дууслаа.
-Дүр зураг ойлгомжтой. Газрын гүний усаар 90 гаруй хувийг хангаж байгаа. Гэтэл газрын гүний ус маань нийт усны нөөцийн 2 хүрэхгүй хувийг эзэлдэг. Одоо ямар нэгэн юм хийхгүй бол усны хомсдолд орох аюултай гэдгийг экспертүүд хэлж байгаа ч дорвитой ажил хийгдэхгүй байна. Таны бодлоор ямар менежмент хийх ёстой вэ?
Хууль, дүрэм журам байгаа ч хэрэгжүүлэх асуудал таг. Салбарын мэргэжилтнүүд, байгууллагууд сайн ажиллаж, чадах чинээгээрээ олон нийтэд болон албан тушаалтнуудад анхааруулж байгаа ч хүч хүрэхгүй байна.
Цэвэрлэх байгууламж
Уг нь гадаргын усандаа шилжиж Туул голны усны цогцолбор барих, Тэрэлж уулын бэлчир байгуулья гэх зэргээр шийдэх гарц байгаа ч санхүүжилт дээр гацдаг. Нийтдээ 300-400 сая долларын өртөгтэй төсөл учир эдийн засаг хүнд үед их тоо сонсогдож байгаа байх. Гэхдээ одооноос эхэлж анхаарахгүй бол 10 жилийн дараа хомсдолд орох учир бага багаар эхлүүлэх ёстой.
Мөн хоёрдох том бүтээн байгуулалт нь цэвэрлах байгууламжийг сайжруулах явдал. Шинэ хорооллууд үүсгэж, шугам сүлжээнд холбохгүй бол гэр хорооллынхон хэцүүднэ. Ус суваг ажиллахын тулд санхүүтэй байх ёстой. Бид баяжих гэж мөнгө авахгүй. Шугам сүлжээгээ янзалмаар байна.
Хүмүүс сард дунджаар 40-100 мянган төгрөгөөр утсаар ярьдаг хэрнээ усанд 2000 төгрөг л зарцуулдаг. Ингээд ус сувгийн газар өнгөрсөн жил 13 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ онд 17 тэрбум төгрөгний алдагдалтай ажиллах гэж байна. Усны үнэ нэмэхгүй байгаатай л холбоотой.
-Гэр хорооллынхон усыг хамгийн бага хэрэглэдэг хэрнээ орон сууцны айлуудаас илүү өндөр үнээр авдаг. Усны хүртээмж ямар байна вэ?
Бид хятадуудаас 5-8 дахин, Оросуудаас 6 дахин, Европын орнуудаас 20 дахин, Япон, Канадаас 12 дахин хямд үнээр усаа хэрэглэж байна. Орон сууцныхаа хэрэглэгчдийн 1 литрийн үнийг 1 төгрөг болгох хэрэгтэй. Гэр хороолол өрөвдөлтэй амьдралд байгаа 1 төгрөг болголоо гээд гомдол ирдэггүй шүү дээ.
Хэрвээ үнээ нэмээд санхүүжилт нэмэгдвэл Ус сувгийн удирдах газар гэр хорооллын иргэдэд шугам сүлжээг өгч чадна. Одоо мөнгөгүй учраас яаж ч чаддаггүй.Яагаад гэхээр усаа хямдхан зараад байна.