"Давхар дээл"-ийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо
"Давхар дээл" тайлах асуудал уналаа
2014.05.02

"Давхар дээл"-ийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо

"Давхар дээл" тайлах асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар уналаа. Энэ  талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо.

Р.Бурмаа: Ард түмний элчийг хэн нэг  удирдлагын хүсэл, эрмэлзлээр халж, сольдоггүй

 -Энэ хуулийн төслийг анхнаас нь дэмжиж байсны хувьд УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт унасныг юу гэж ойлгож, харж байна вэ?

Харамсалтай нь, энэ хуулийг батлахгүй гэдэг шийдвэр гаргалаа

-Монгол     Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд  хэлэлцээд шийдвэр гаргасан байсан. Харамсалтай нь, энэ хуулийг батлахгүй гэдэг шийдвэр гаргалаа. Үүнд харамсч байна. УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж байгаа нь хяналт тавихад сөргөөр нөлөөлдөг.

Ийм ч учраас энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэдэг миний байр суурь хэвээрээ. Энэ асуудлыг шийдэж болох байсан. Зарим чиг үүргийн сайд нар УИХ- ын гишүүн байж, жагсаалтаар сонгогдсон гишүүд нь сайдаар ажиллаад цаана нь үлдэх сайдыг нь хоёр үе шаттай шийдэж болох байсан юм.

Тухайлбал, Үндсэн чиг үүргийн гурван сайд "дан дээл"-тэй хоёр сайдыг оруулаад, эхний ээлжинд дөрвөн сайдыг сольсон Засгийн газрын тал хувьд өөрчлөлт ороогүй учраас огцрохгүй. Ийм маягаар УИХ- ын гишүүдийн дийлэнх нь хурлынхаа үйл ажиллагааг хэвийн явуулдаг, Засгийн газрын үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжийг санал хураалтаар хаалаа.

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай сайд нартай холбоотой асуудалд чуулган хэрхэн дүүрэн суудгийг ч харлаа. Олон чухал асуудал ярьж байх үед суудал нь онгорхой сайд нарын саналыг татгалзсанаар тооцогддог. Үүнээс болж олон асуудал унаж байсан. Өглөө нь картаа хийгээд ирцэнд орчихоод үдээс хойш нь хуралдаанд суугаагүй байхад эсрэг санал гарч асуудал нь унаж байсан. Яаман дээр ажилтай, сайд нар завгүй гэдэг нэрээр УИХ-ын үйл ажиллагаанд оролцдоггүй. Маш их тасалдаг.

Үүнийг засах, ухаалаг төртэй болох Ерөнхийлөгчийн санал, санаачилгыг дэмжээгүйд их харамсч байна. Ерөнхийлөгч УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллаад төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах гэсэн юм. Асуудлыг маш нухацтайгаар олон хоног авч хэлэлцэн байхад олонхиороо хүч түрэн унагалаа.

-Намаасаа эсрэг байр суурьтай байна гээд таныг АН-аас хөөх асуудал яригдаж байгаа?

-Намаас хөөнө гэдэг дүрэм журамтай. Энэ дагуу Үндэсний зөвлөлдөх хороо, намын Их хурал хуралдаж шийдэх байх. Намын удирдлагын цөөхөн хэдэн хүний шийдвэр дохио зангааг дагасангүй гэдгээс болж, миний УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах гэж байгаа бол тийм юм байхгүй.

Ард түмний элчийн хувьд би төрийн хуулийг дээдлэн сахиж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж төрийн сүлдэнд тангараг өргөсөн. Тэр тангарагтаа үнэнч яваа. Тэгж ч ажиллах болно. Тийм болохоор ард түмний элч төлөөлөгчийг хэн нэгэн намын, удирдлагад байгаа албан тушаалтнуудын хүсэл, эрмэлзлээр халж, сольдоггүй. Үүнийг хатуу хэлчихье.

 С.Бямбацогт: Эрх баригчид аргагүй л  вакум байна даа.

Харамсалтай нь, эрх мэдэл, албан тушаалдаа эрх баригчид их дуртай байна.

-Монгол төр үнэхээр данхайсан байна. Нөгөө муу ард түмэн, татвар төлөгчид улам жижгэрээд байдаг. Төсвийн орлого нь бүрдэхээ байсан. Үндсэндээ ард түмэн, татвар төлөгчид төрийг тэжээж чадахаа больчихлоо. Энэ үедээ ухаалаг төрдөө хурдан шилжье гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилсан байх. Харамсалтай нь, эрх мэдэл, албан тушаалдаа эрх баригчид их дуртай байна. Аргагүй л вакум байна даа гэж хэлэхээс өөр арга алга.

 С.Ганбаатар: Хамгийн тэнэг, хамгийн гунигтай шийдвэр гарлаа

-Хуулийн төсөл батлахыг дэмжиж санал өгсөн гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

"Давхар дээл"-ийг тайлах түүхэн боломж өнөөгийн парламентад олдсон.

-Өнөөдөр Монголын парламентын хамгийн тэнэг, хамгийн гунигтай шийдвэр гарлаа. Эхлээд гишүүд маань "давхар дээл"-ийг тайлах нь зөв гэсэн санал өгсөн. Дараа нь тайлахын эсрэгээр нь санал өгчихлөө. Ойлголтын зөрүү гарсан учир ийм байдал үүслээ. "Давхар дээл"-ийг тайлах түүхэн боломж өнөөгийн парламентад олдсон. Тайлах нь зөв гэдэг байр сууриндаа бат зогсч байгаа. "Давхар дээл"-түүд ичмээр энэ байдлаа Монголын ард түмэнд тайлбарлах байх.

-Бие даагч гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарыг Ерөнхий сайд хүлээн авч уулзсан гэдэг мэдээлэл байна. Энэ талаар мэдсэн үү?

-Энэ талаар мэдээлэл алга. "Давхар дээл"-ийг тайлах нь зөв гэж Дарханы сонгогчдынхоо өмнөөс санал өгсөн. Асуудал дуусаагүй. Дахиж өргөн барих биз.

 Д.Батцогт: Нийгмийн захиалгыг бантан болгож хувиргаж байна шүү дээ.  

Монголын парламентын түүхэнд бараг гарч байгаагүй үзэгдэл байх.

-Монголын парламентын түүхэнд бараг гарч байгаагүй үзэгдэл байх. Энэ бол инээдтэй явдал. Нийгмийн захиалга болсон хуулийг ярьсаар байгаад сүүлдээ юу ч биш, бантан болгож хувиргаж байна. "Давхар дээл"-ийг тайлах гэж санал өгсөн гишүүд УИХ, Засгийн газрыг салгаад гаднаас нь байгуулж өөрсдөө үлгэр жишээ болоод явах ёстой гэсэн зарчмын үүднээс санал өгсөн байх. Түрүүчийн санал хураалтад ч ийм бодолтой санал өгсөн. Сая ч гэсэн энэ зарчимдаа үнэнчээр санал өгсөн.

 Я.Содбаатар: АН Ерөнхийлөгчөө эсэргүүцэж байгааг үйлдлээрээ харууллаа

Монгол төр Алтанхуягийн ч бай, хэний ч үед аль болох зөв тал руугаа илүү сайжирч байх ёстой.

 -УИХ-ын түүхэнд анх удаа баталж байсан хуулиа эцсийн хэлэлцүүлэгт унагаалаа  л даа. Энэ бол Монголын төр ухаалаг алхам руу явъя, 24 жилийн алдаа оноогоо засаад сайжруулъя гэснээсээ ухарсан зүйл боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилга гаргаад хамгийн эхэлж оруулж ирсэн хуулийг нь өөрийнх нь "төрөн" гарсан АН унагаж байна. Тиймээс АН-аас төрж гарсан Ерөнхийлөгчөө эсэргүүцэж байгаагаа энэ үйлдлээрээ харууллаа. Монгол төр Алтанхуягийн ч бай, хэний ч үед аль болох зөв тал руугаа илүү сайжирч байх ёстой.

Зөв хандлага руугаа сайжирч, олон түмний итгэлийг авч ажиллах ёстой алхмыг хийхгүй гэж АН зүтгэж байгаагийн илрэл. Ер нь Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан, улс төрийн хүчнүүдийн санал санаачилга унаад байх юм бол цаашдаа яах юм бэ гэсэн асуудал гарч ирнэ шүү дээ. Ерөнхийлөгчийн Шилэн дансны 'төслийг АН- ынхан унагасан. АН-ынхан зөөлөн суудалдаа хэтэрхий мансуурч байна даа гэж харж байна.