Р.Бурмаа: Давхар дээлийн хууль батлагдвал би хамгийн түрүүнд хэрэгжүүлнэ
2014.12.15

Р.Бурмаа: Давхар дээлийн хууль батлагдвал би хамгийн түрүүнд хэрэгжүүлнэ

Өмнөх Засгийн газрын үед УИХ-ын гишүүн Р.Бурмаа  давхар дээлийн асуудлыг хамгийн их шүүмжилж байсан. Гэтэл өнөөдөр өөрөө давхар дээл “өмсөөд” байгаа. Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас аль нэг дээлээ “тайлах” эсэх талаар тодрууллаа. 

-Та өмнө нь давхар дээлтэй сайдыг эсэргүүцэж байсан.  Одоо өөрөө давхар алба хашиж байна?  

-Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албыг давхар хашиж байгааг тодорхой хэмжээнд хязгаарлахын тулд Ерөнхийлөгч хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ хуулийн төсөл Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь дан дээлтэй буюу гаднаас байх ёстой гэж дэмжигдээд хамгийн сүүлийн мөчид унасан.

Хэрвээ тэр хууль батлагдсан бол ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих байсан.

Давхар дээлийн асуудлаар тууштай ярьж, олон түмэнд хүрсний ачаар энэ үзэл баримтлал хуульгүй байгаа ч хэрэгжиж байна.

Тухайлбал, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийнхээ цөөнгүй хувийг гаднаас томилсон. 

Тиймээс энэ асуудал хий дэмий яригдаагүй, амьдралд хэрэгжиж байна гэж харж байна. Хэрвээ энэхуулийн төсөл өргөн баригдаад ороод ирвэл би хамгийн түрүүнд дэмжиж, өөрөө хэрэгжүүлнэ.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр таныг УИХ-ын гишүүний ажлаа өгнө гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ ташаа мэдээлэл үү?

-Энэ асуудлаар би санал солилцсон. Манай эмэгтэй гишүүд Д.Оюунхорол гишүүн бид хоёрыг дэмжсэн.

Өмнөх Засгийн газарт гурван эмэгтэй гишүүн ажиллаж байсан бол энэ удаад хоёр болж буурсан. Хоёр ч гэсэн байх ёстой гэдэг дээр бүгд санал нэгдээд биднийг дэмжсэн.

УИХ-ын түвшинд эмэгтэйчүүдийн эзэлсэн байрыг бууруулж болохгүй.
 

УИХ-ын түвшинд эмэгтэйчүүдийн эзэлсэн байрыг бууруулж болохгүй. УИХ-ын гишүүнээс татгалзах асуудлыг ганцаараа шийдэж болохгүй гэж эмэгтэй гишүүд захиж байгаа.

Тиймээс энэ саналыг хүндэтгэн үзэж байна. Би Монгол, Германы бүлгийн дарга, гурван байнгын хорооны гишүүнчлэл, Авилгын эсрэг бүлгийн дарга гээд бүх ажлуудаа өгч байгаа. Тэгэхээр Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийнэ.

-Таны хариуцсан яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн томилгоо хийгдэх үү?

-Дэд сайд нар яах тухай би мэдэхгүй байна. Энэ асуудлаар ажлын хэсгүүд хуралдаж байгаа. Шийдвэр нь гараагүй байна.

Гэхдээ манай яам хоёр яам болон салж байгаа учраас бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Одоогоор манай яамны бүтэц батлагдаагүй байна.