Р.Бурмаа: Давхар дээлтэй сайд нар ажлаа яаж хийдгийг ирцээс нь харж болно
Ардчилсан намынхан дотроо нэлээд зөрчилтэй байсан. Тэгвэл өчигдөр болсон бүлгийн хуралдаанаар үүнийгээ шийдвэрлэж намын гишүүд нэгдсэн байр суурьт хүрсэн хэмээн бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн.
Гэсэн ч эрх баригч намынхан ойлголцсон гэсэн нь худал боллоо. Учир нь өнөөдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хороонд давхар дээл тайлах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон Р.Бурмаа нар дахин намынхаа эсрэг кноп дарлаа.
Хэрэв Ардчилсан намын хоёр гишүүн дэмжсэн бол уг хуулийн төсөл 3/2-оор босох боломжтой байсан юм. Мөн хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс санал сонсоход
Р.Бурмаа гишүүн “Энэ хууль 2014 оны долдугаар сараас эхлэн хэрэгжих ёстой. Би Ардчилалын төлөө 25 жил зүтгэхдээ энэ төрийг чадамжтай байлгахын төлөө ажиллаж ирсэн. Гэтэл өнөөдөр УИХ-ын дээд байгууллага болон гүйцэтгэх засаглал нь чадамжгүй болсон байна. Учир нь энэ бүхэн "давхар дээл"-тэй сайд нараас болж байна. Тэд төрийн ажлыг цалгардуулж байгаа.
Ганцхан жишээ дурдахад давхар дээлтэй сайд нарын УИХ-ын чуулганд суусан ирцээс ажлаа хэрхэн хийж байгааг харж болно. Үүнээс болж Монголын төрийн ажил цалгардаж байна. Гэтэл алдаа дутагдлыг нь хэлсэн ядарсан эмэгтэй гишүүнээ Ардчилсан нам дарамталж, дээрэлхэж намаас хөөнө гэх мэтээр ярьж байна. Энэ үнэхээр хэдэн он бэ гэж хэлмээр байна.
Үнэндээ чиг үүргийн сайд нар нь үлдлээ гэхэд цаана нь долоон гишүүн листнээс сонгогдсон байна. Тэд нараас үлдэж болно. Тэглээ гээд Засгийн газарт өөрчлөлт орохгүй.
Өнөөдөр төрийг тогтвортой байлгахын тулд УИХ нь өөрөө тогтвортой ажиллах ёстой. Бүх сайд давхар дээлтэй болчих юм бол парламент утга учраа алдаж чадамжгүй болно. Засгийн газарт хяналт тавьж чадахаа болино. Өнөөдөр Засгийн газрын оруулж ирж байгаа хуулиуд хичнээн хуультай зөрчилтэй байгаа билээ. Гэтэл УИХ-ын гишүүд кабинетын зарчим гэдэг үүднээс амаа үдүүлээд сууж байна. УИХ-ын гишүүнийхээ кнопыг дарж байхдаа амаа үдүүлсэн байдлаар л хандаж байгаа шүү дээ.
Тиймээс Ерөнхийлөгч энэ хуулийг төслийг өргөн барьсан. Би Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байгаа. Байнгын хорооны өмнөх хурал дээр Засгийн газрын гишүүдийн 50 хувь "давхар дээл"-тэй байя гэдэг саналыг гаргасан. Энэ бол их эрүүл санал. Энэ саналыг нь Д.Эрдэнэбат дарга буцааж татсан. Ийм зүйлээ тооцоолох ёстой. Өнөөдөр буцах газаргүй болчихоод байхад нэгийгээ дайрч, доромжилж болохгүй.
Өөрөө хариуцлагаа хүлээ. Үнэндээ чиг үүргийн сайд нар нь үлдлээ гэхэд цаана нь долоон гишүүн листнээс сонгогдсон байна. Тэд нараас үлдэж болно. Тэглээ гээд Засгийн газарт өөрчлөлт орохгүй. Долдугаар сарын 1-ээс өмнө гурвыг нь өөрчилчих. Үүний дараа дөрвийг нь өөрчлөөд асуудлаа шийдэх боломж байсан" гэв.