УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.05.01
С.Ганбаатар: "Давхар дээл тайлах" хуулийн төслийг би дахин өргөн барина
УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс сайд нарын давхар дээлийг тайлахад хатуу байр суурьтай буйгаа удаа дараа мэдэгдэж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Засгийн газрын албыг давхар хашихгүй байх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр бие даагчид нэгдсэн байр суурьтай байж чадаагүй төдийгүй хоёр нь "урвасан" санал өгсөн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар дэмжсэн, дэмжээгүй хоёр санал өгсөн нь олны гайхширлыг төрүүлэв. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
-Та анхнаасаа уг хуулийн төслүүдийг дэмжиж байсан. Гэтэл УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжсэнгүй. Яагаад ийм байр суурьт хүрэх болов?
-Өнөөдөр Монголын парламентын түүхэн дэх хамгийн тэнэг, хамгийн гунигтай шийдвэр гарлаа. Үүнд "давхар дээлийг" тайлах нь зөв үү гэсэн санал хураалтад зөв гэсэн санал өгсөн. Харин хоёр хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг тус тусад нь санал авсныг буруу ойлгоод эсрэг санал өгчихсөн юм.
-Хагас жилийн турш талцаж, судлаж, хэлэлцсэн асуудал өнөөдөр уначихлаа. Тэгэхээр энэ асуудал ойрын хэдэн жилдээ дахин сөхөгдөхгүй л болов уу. Энэ тал дээр таны бодол?
-Би давхар дээл тайлах нь зөв гэдэг байр суурьтай хатуу зогсоно. Монголын улс төрчид энэ ичиж үхмээр байдлаа ард түмнийхээ өмнө тайлбарлах байх гэж бодож байна. Энэ асуудал дуусаагүй, дахин өргөн барих болно.
-Бие даагч хоёр гишүүн давхар дээлийг тайлахгүй гэсэн санал өглөө. Тэднийг Ерөнхий сайд өнөөдөр хүлээн авч уулзсан. Тэд ямар асуудал ярилцсан юм бол?
-Энэ талаар тэднээс өөрөөс нь асуу. Яагаад байр суурьнаасаа эсрэг санал өгснийг би мэдэхгүй байна.