"Давхар дээл"-ын хууль 2016 оноос хэрэгжих санал дэмжигдсэнгүй
Байнгын хорооны хуралдаан
2014.04.29

"Давхар дээл"-ын хууль 2016 оноос хэрэгжих санал дэмжигдсэнгүй

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "Давхар дээл"-ний хууль буюу Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдгээр хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хийхээр товлосон байсан ч хуралдааны ирц бүрдээгүйн улмаас хэлэлцүүлгийг хойшуулаад байсан юм. Өнөөдрийн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэлэлцэж буй хуулийн төсөл нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас санал хураалтад оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогтын гаргасан уг хуулийг 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөх саналаар санал хураалгахад хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь дэмжиж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авч чадсангүй.

Санал хураалтад УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан нар намын нэгдсэн байр сууриас сөрөг санал өгсөн тул УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан хоёр гавьяа байгууллаа” хэмээн бухимдсанаа илэрхийлээд амжив. Учир нь хуралдаанд 18 гишүүн оролцсоноос гуравны хоёр нь буюу 12 гишүүн дэмжиж саналаа өгсөн бол хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2016 он байхаар тусгаж болох байсан юм.

Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.