С.Эрдэнэ: Төрөө дээдэлдэг ард түмэн бол Монголчууд
“Focus talk” ярилцлагын цагаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо.
Ярилцлагын хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал болоод өнөөдөр улс төрийн эргэн тойронд болж байгаа асуудлыг хөндье гэж зорилоо.
- Хамгийн түрүүнд ард иргэдийн сонорт хүрээд байгаа асуудал бол давхар дээлтнүүдийн асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлыг засгийн газрын нөхцөл байдал ийм байгаа үед дэвэргээд, дээр нь УИХ-ын, Засгийн газрын, цаашлаад Үндсэн хуулийнхаа зүйл, заалтыг өөрчлөх ийм нөхцөл байдал тулчихаад байна. Давхар дээлтэй та нар ажлаа хийж чадахгүй байна уу. Энэ тухай?
Тэгэхээр аливаа улс оронд Үндсэн хууль буюу суурь эцэг хууль гэж ярьдаг. 2000 онд сөрөг хүчин олонх байхдаа тухайн үед дордуулсан долоон өөрчлөлт буюу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болох тухай хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж батлуулсан. Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн ийм л ажил шүү дээ. Тэгээд өнөөдөр энэ заалтаа өөрчлөөгүй, Үндсэн хуульд ямар нэгэн зөрчил байхгүй ийм асуудлыг салбар хуулиар зохицуулах гээд, эсвэл улс төрийн зорилгоор зориуд улс төрийн тогтворгүй байдлыг алдагдуулах улс төрийн ашиг хонжоо харсан байдлаар асуудлыг дэвэргэж байгаад харамсалтай байгаа.
Төр засгийнхаа өндөр албан тушаал, хариуцлагын асуудлыг ямар нэгэн дээл хувцастай хольж хутгаж ярьж болохгүй.
Миний хувьд өнөөдөр яриад байгаа давхар дээлийг заавал үүрээд байх шаардлага байхгүй. Шаардлагатай гэж үзвэл засгийн газрын ажлыг хүлээлгэж өгөөд нэгэнт олон түмнээс сонгогдсон төрийн эрх барих парламентын гишүүний хувьд үүрэгт ажлаа гүйцэтгээд явах боломж надад бий.
Өмнөх парламентын үед ч гэсэн би засгийн газрынхаа үйл ажиллагааг нь шүүмжлэх үедээ шүүмжилж, дэмжих үед нь дэмжиж, УИХ-ын гишүүний хувьд үүрэгт ажлаа хийж ажиллаж ирсэн. Цаашдаа энэ асуудлыг хэлэлцэхдээ нэр хоч өгч төр засгийнхаа өндөр албан тушаал, хариуцлагын асуудлыг ямар нэгэн дээл хувцастай хольж хутгаж ярьж болохгүй.
Ер нь төрөө аль болох гутаах, муулах хандлага сүүлийн үед хэвийн наад мэт болчихсон. Тэгэхээр ямарваа нэг юманд хүндэтгэл гэж байдаг. Төрөө дээдэлдэг ард түмэн бол Монголчууд. Монголчууд ямар ч үед төрөө дээдэлдэг, сүсэлдэг ард түмэн шүү дээ. Дээдэлдэг, хүндэлдэг, сүсэлдэг тэр юмаа өнөөдөр дуртайдаа нулимж, дургүйгээ хүрэхээр янз бүрээр хэлж байдаг.
Ийм байдлаасаа одоо болимоор байна. Мэдээж шүүмжлэх юм байгаа бол шүүмжлэх нь зүй ёсны асуудал. Хариуцлага тооцох шаардлагатай бол хариуцлага тооцоод явах нь зүй ёсны асуудал юм. Тэрнээс биш хэн нэгнийг юм уу, эсвэл төрийн албан тушаал, төрийн байгууллагыг янз бүрээр нэрлэж, доромжлох нь зүй зохистой асуудал биш байх.