Мөрөн хотын шинэ ДЦС 9 сард бүрэн ашиглалтад орно
2014.04.09

Мөрөн хотын шинэ ДЦС 9 сард бүрэн ашиглалтад орно

Хөвсгөл аймгийн төвд ДЦС барих ажил удааширалтай байна. Гэхдээ энэ жил наадмаас өмнө станцыг ашиглалтад чадвал Мөрөн хотын иргэдийг орон сууцжуулах,гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох боломж бүрдэх юм.

Хөвсгөл аймагт өнгөрсөн онд ашиглалтад орох учиртай байсан ДЦС одоо болтол хугацаандаа ашиглалтад орж чадаагүй байна.  Гэхдээ одоо гаднах барилгын ажил нь бүрэн дуусч дотоод тоноглолын ажил хийж байна.

Хэрвээ 3 тогоот энэ ДЦС ашиглалтад орвол зөвхөн 2 тогоо нь л гэхэд Мөрөн хотын иргэдийг халаалт, дулаанаар бүрэн хангаж энд орон сууцны олон давхар барилга барих, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг шуурхайлах ач холбогдолтой юм.  Гүйцэтгэгч компанийхан наадмаас өмнө ДЦС-ын үйл ажиллагааг эхлүүлж 9-р сар гэхэд бүрэн хүлээлгэж өгнө гэсэн амлалтыг өгч байна.

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод одоогийн байдлаар 10800 өрхийн 42 мянга гаран иргэн амьдарч байна. Сүүлийн үед шилжилт хөдөлгөөн эрчимжиж хот тэлсээр байгаа юм. Энэ хэвээрээ Мөрөн хотын хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд ДЦС, мянган айлын орон сууцны хороолол барьж, басхүү гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбож цэвэр, бохир усны шугам тавих ажлыг хийж дуусгах юм.

ДЦС-тай болсноор Мөрөн хотод одоо байгаа 9 уурын зуухыг ашиглалтаас гаргана. Ингэснээр зардал хэмнэж,басхүү агаарын бохирдол буурч Хөвсгөл аймгийн төвийн иргэд тохилог орон сууцад амьдрах, амины орон сууцын жишиг хороололтой болох боломжтой юм.