Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.02.14

Хэнтий аймагт 35 мегаваттын дулааны станц барина

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпилийг  Хэнтий аймагт очиход аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хүлээн авч уулзаж, аймаг орон нутгийнхаа  өвөлжилтийн байдлын тухай товч танилцуулж, эрчим хүчний салбарт хэрхэн яаж хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2014 онд найман аймагт ДЦС барих шийдвэр гаргаж эхний ээлжинд тус бүрт нь 3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Эдгээр найман аймгийн нэг нь Хэнтий аймаг юм. Хэнтий аймгийн хувьд  харьцангуй ойрхон буюу Чандганы уурхайгаас нүүрсээ татаж авдаг, усны хувьд эх үүсвэр сайтай, Хэрлэн голоос шууд татах боломжтой зэрэг давуу талууд нь ДЦС-ыг богино хугацаанд өртөг багатай барих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Засгийн газрын тогтоолоор төр, хувийн хэвшил, орон нутгийн оролцоотой концессийн зарчмаар шууд гэрээ байгуулах замаар эдгээр ДЦС-ыг барихаар шийдвэрлэсэн. Энэ нь тендерийн шалгаруулалтыг хүлээж цаг алдахгүй, өртөг бага, чанартай байгуулж барих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Хэнтий аймгийн удирдлагууд  Хасу мегаватт ХХК-тай шууд гэрээ байгуулах сонирхолтой байгаагаа Эрчим хүчний сайдад илэрхийллээ.

Үүнийг Эрчим  хүчний сайд бүрэн дүүрэн дэмжиж байна гээд эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтад идэвхитэй оролцож байгаа, ажлын арвин туршлагатай Хасу мегаватт компанийг сонгосонд талархаж байгаагаа илэрхийлээд энэ хоёрдугаар сардаа багтаагаад гэрээгээ байгуулж, ажилдаа шуурхай орохыг аймаг, орон нутгийн удирдлага, ЭХЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар, Хас мегаватт ХХК-ний удирдлагуудад үүрэг болголоо.

Үүнийг  Хас мегаватт ХХК-ний ерөнхий захирал, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш талархан хүлээн авч, шууд өнөөдрөөс ажлаа эхэлж, нэг жилийн дотор барьж байгуулж дуусгана гэж амлалт өглөө. Энэ бол Хэнтийчүүдийн хувьд баяртай мэдээ байлаа.  

Хэнтий аймгийн удирдлагууд  эхний ээлжинд ДЦС барих газрыг товлож 2 га газрын зөвшөөрөл өгөөд байгаа ажээ. Үүнийг тэлж 4 га болгох хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм байна. Аймгийн удирдлагууд  холбогдох шийдвэрийг удахгүй гаргана гэдгээ сайдад хэллээ.

Эрчим хүчний сайд М.Сономпилтэй хийсэн тодруулга ярилцлагыг бичлэгээс үзнэ үү.