Дулааны цахилгаан станцын ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ
"Амгалан" дулааны станц ирэх сарын 1-нээс эхэлнэ
2014.03.14

Дулааны цахилгаан станцын ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ

Улаанбаатар хотын баруун болон төвийн бүс хүн амын нягтрал хэт их байгаагаас хотыг зүүн тал руу нь өргөжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд зүүн бүсийн айл, өрхийн дулааны эрэлтийг хангахын тулд "Амгалан" дулааны станцыг барихаар болсон. Дээрх ажлын явцын талаар Эрчим хүчний яамны Хэвлэлийн төлөөлөгч С.Сосоржаваас тодрууллаа.

-"Амгалан" дулааны цахилгаан станцын ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Улаанбаатар хотын зүүн захад амьдарч байгаа иргэдийн дулааны доголдлыг арилгах, тус бүсэд шинээр суурьших 20 мянган айлын дулааны хэрэгцээг хангах шаардлага байгаа учраас дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлсэн. Нөгөөтэйгүүр, дулааны станц нь Баянзүрх дүүргийн VIII, X хорооны нутаг дэвсгэрт хийх дахин төлөвлөлтийн ажилд шийдвэрлэх ач холбогдолтой. Манай яамны хувьд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хятадын төрийн өмчийн Машин инженерийн корпорацитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 300 Гкал/цаг хүчин чадалтай станц барихаар болсон. Одоогоор ажил 30 орчим хувьтай байна.

-Станцын барилгын ажил бараг энэ жил дуусчихна гэсэн мэдээллийг албаныхан өнгөрсөн онд өгч байсан шүү дээ. Яагаад төлөвлөсөн хугацаандаа барилгын ажил эхэлсэнгүй вэ?

-Янз бүрийн шалтгааны улмаас барилгын ажил хугацаандаа эхэлж чадаагүй. Тиймээс барилга угсралтын ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд эхэлж, хүйтний улиралд буюу арваннэгдүгээр сард зогссон. Ирэх сарын 1-нээс гүйцэтгэлийн ажил үргэлжилнэ. Хятадаас ажиллах хүч болон тоног төхөөрөмж оруулах ажлууд эхнээсээ шийдэгдэж байна.

-Хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна?

-Барилгын суурийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, нийт станцын ажил 30 орчим хувьтай байна.

-Хэзээ дуусах вэ?

-Эхний ээлжийг есдүгээр сарын 15 гэхэд дулаанаар хангах төлөвлөгөөтэй байгаа. Бүрэн хэмжээгээрээ арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Ингэснээр 20 мянган өрх болон дахин төлөвлөлтийн дагуу баригдах орон сууцны дулааныг хангах бүрэн боломжтой болж байгаа.