Л.Энх-Амгалан: Д.Сүрэнжав багшийнхаа тухай би ийм бодолтой явдаг
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.03.17

Л.Энх-Амгалан: Д.Сүрэнжав багшийнхаа тухай би ийм бодолтой явдаг

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг чамгүй сайн эдийн засагч гэдгээс нь гадна хувийн бизнесээ амжилттай эхлүүлж, энэ замаар тун дардан урагшилж байгаа гэдгээр нь хүмүүс илүү сайн мэддэг.

Хөвсгөл нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хөрөнгө мөнгө чамгүй хаяж түүнээсээ болж “Хөвсгөлийн мөнгөний түрийвч” гэх цолыг авсан тэрбээр хүүхэд байхдаа шүлэг яруу найраг сонирхдог байжээ. ОХУ-д сэтгүүлч мэргэжил эзэмшсэн, сэтгүүлч хүн гэдгийг нь тэр болгон хүмүүс мэддэггүй бөгөөд аймгийнхаа “Эрх чөлөө” сонинд шүлгээ хэвлүүлж, “Хөвсгөл”, “Чингүнжав” найраглалын эзэн Д.Сүрэнжав багшаас зөвлөгөө авч явсан талаараа өөрийн цахим хуудаснаа дурссан байна.

Тэрбээр, чуулган завсарласан хугацаанд аймагтаа ажиллаж байгаа бөгөөд хуучны дурсамжаа сэдрээн хөрөг нийтлэл бичиж, хүүхэд ахуйн шүлгээ уншин их л зугаатай дурсамжтай тойрогтоо ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр, морин жилд МУСГЗ цолоо авсан Д.Сүрэнжав найрагчийн цолны найранд орж түүнд зориулан хөрөг нийтлэл бичжээ.

Л.Энх-Амгалан: Д.Сүрэнжав багшийнхаа тухай би ийм бодолтой явдаг:

Гийнгоон дуу хадсан Монгол нутгийн минь хоймороос хүлэг морины хийморлиг янцгаан цуурайтаж, өвгөд дээдсийн минь шүтээн морин хуурын төгс аялгуу төв сайхнаар эгшиглэлээ. Тархийн голын тунгалаг рашаанаар ундаалж, Дулаанхааны өвөр бэлд чулуу өрөн тоглож, ишиг хургатай хөөцөлдөж өссөн Далантай Сүрэнжав хэмээх нэгэн эрхэм бүтэн жарны турш ган үзэг үзэг атгаж, гандашгүй оюун ухаан, нөр их хөдөлмөрөөрөө хүний орчлонгийн гэрэл сүүдэр, байгаль эхийн ариун тансагийг сэтгэлийн урландаа бүтээн туурвижээ.

Олон сайхан шавь төрүүлж, сэтгүүлчийн хэцүү мөртлөө буянлаг ажлын амтанд оруулж, ахын оронд ах, аавын оронд аав нь болсон буянтан юм.

Нэгэн мянга есөн зуун гучин дөрөвдүгээр онд Малчин ард Далантайн хоёрдугаар хүү болон мэндэлсэн Сүрэнжав хүүгийн амьдралын зам нутгийнх нь их уулс, шүтээн тахилга шигээ өөдөө тэмүүлсэн зорилготой, эх байгалийн тансаг агаар мэт эедүү зөөлөн, рашаан ус шигээ ариун тунгалаг явах учиртай байжээ.

Үеийн хүүхдүүдийн нэгэн адил бага дунд сургууль дүүргэсэн хөдөөний бор хүү нэг л мэдэхэд Улсынхаа нийслэл Улаанбаатарын зүг хүлгийн жолоо залж буян заяагаа хайрласан Багшийн дээд сургуулийн ум зандан хаалгыг татаж, эрдэнийн тотгоор нь бөхийж, эрдэм номын амтанд эргэлтгүй орсон юм. Далантайн Сүрэнжав Түүхийн багш хэмээх эрхэм сайхан мэргэжил эзэмшиж, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр 10 жилийн сургуулиас ажил амьдралынхаа гарааг эхэлжээ.

1950-иад оны дунд үеэс утга, уран зохиолын яруу тансаг орон зайд Далантайн Сүрэнжав хэмээх авьяаслаг, хөдөлмөрч, нэгэн залуу Овог нэртэйгээ, Хөвсгөл сайхан нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, Далай ээжийнхээ гүн цэнхэр түрлэг, Баатарлаг дээдсийнхээ үүх түүхтэй хамт зоригтойхон орж ирсэн юм.

1960-аад оноос аймгийнхаа “Эрх чөлөө” сонины газарт сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгчээр 40 гаруй жил ажиллаж ард түмнийхээ оюун билгийн нүдийг нээж, сэтгүүлч хүний эзэмшиж болох бүхий л төрөл жанраар бичиж, туурвиж, эрэн сурвалжилж, асуудал дэвшүүлж, бурууг шүүмжилж, мэргэжил нөхдийнхөө хамт олон ч бэрхшээл саадыг шантралгүй давахдаа сэтгүүлч мэргэжилдээ даанч нэг үнэн ч бас хайртай явжээ. Олон сайхан шавь төрүүлж, сэтгүүлчийн хэцүү мөртлөө буянлаг ажлын амтанд оруулж, ахын оронд ах, аавын оронд аав нь болсон буянтан юм.

1960 онд “Сэтгэлд ассан гал” хэмээх анхны номоо уншигч түмэндээ өргөн барьснаас хойш бүхэл бүтэн нэгэн жарны турш бүтээл туурвилын нөр хөдөлмөрөөс нэг ч хором хөндийрсөнгүй, басхүү бүтээл туурвил бүрээс нь цаа урамдаж, дэлгэр мөрөн мяралзаж, дэлтэй цэнхэр янцгааж, домог амилж, одод асгарч байдаг нь хэмжээлшгүй сайхан.

Олон ч ном бүтээн хэвлүүлж, түүндээ олон сайхан бүтээлүүдээ эмхтгэжээ. Сэтгэл хөдлөм Хөвсгөл найраглалыг нь нутгийн хүн бүр, хүүхэд хөгшидгүй цээжилж, чухам л баярлаж хөөрөхдөө ч, алс газар явахдаа ч, нутгаа санасан үедээ ч доголон нулимстай уншиж байдаг юм. Уртын дууг дахин давтагдахгүй Монгол түмний соёлын их өв хэмээн үздэг бол Хөвсгөл найраглал бол нутгийн зон олныхоо сэтгэл зүрхэнд үеийн үед шингэсэн хэзээ ч үл мартагдах тодоос тод тамга нь билээ.

Далантайн Сүрэнжав зохиолчын Оюун их далайгаас Байгал эхээ хайрлах сэтгэлийг, Баатарлаг эх орончын сэтгэлд юу оршдогийг, Эх сайхан Монгол хэлний яруу тансаг зохицлыг мэдэрч, хойч үе уран бүтээлээр нь хүмүүжиж, суралцаж, зүрх сэтгэлд нь Монгол Монголоороо орших холч их ухааныг суулгажээ.

Д.Сүрэнжав зохиолчийн нэгэн насны хань Нансалмаагийн Нина Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул. Хоёул Хөвсгөл сайхан нутгаараа овоглож, хоймор сайхан нутгийнхаа уул усанд залбирч, амьдралынхаа зовлон жаргалыг хамтаа туулж, аагтай цайгаа хамтдаа амтлан жаргаж суунаа. Нина гуай Өргөө гэрийнхээ гал голомтыг өөдөө дээшээ бадрааж, хос баган мэт хорол тооноо тулж, халамжит ханийн ёсоор эр нөхрөө хайрлан жаргааж, Найман сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай сайхан ижий.

Хоёр сайхан буурлын үр ачис нь өнөр өтгөн болж, энэ гэр бүлээс инээд хөөр, хайр, сэтгэл, аз жаргалын мөнгөн мод цэцэглэн салаалжээ. Ач зээ нарынхаа хайртай өвөө, эмээ, хамт олон найз нөхдийнхээ эрхэм үнэнч анд , ахан дүүс төрөл садныхаа түшигтэй сайхан ах, эгч нь болсон эрхэм хоёр буурал маань өнөөдөр хүндэтгэл найрын хойморт золбаярын дээдийг гэрэлтүүлэн тухалжээ.