Хөвсгөл аймгийн сумдыг нэгдсэн халаалтад холбохгүй бол ой мод устах аюул нүүрлээд байна
Хамгийн арвин ойн нөөцтэй Хөвсгөл аймгийн сумдыг нэгдсэн халаалтад холбохгүй бол ойрын жилүүдэд ой мод устах аюул нүүрлээд байгаа юм байна.
Хэдийгээр нүүрсний ордууд нь ойрхон байрлалтай ч ашиглах боломжгүй байдгаас зөвхөн нэг сумын төрийн захиргааны байгууллагууд өвлийн турш 500 машин мод түлдэг юм байна.
Жилийн жилд хөндөгддөг ч ажил хэрэг бололгүй явж ирсэн энэ асуудлыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг тойрогтоо ажиллах үеэр иргэд тавьсан байна.
Харин гарах гарц нь нүүрсний ордыг ашиглах явдал гэж үзсэн. Хөвсгөл аймаг 23 сум нэг тосгонтой. Эдгээрээ бүх сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн байгууллага өвөлдөө мод түлж үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Энэ нь ойн санг хамгаалах, ойн хортон шавьжтай тэмцэх, ойн түймрээс сэргийлэх, иргэд таримал ой тарьсан тохиолдолд төрөөс урамшуулах зэрэг өнгөрсөн 2013 онд УИХ-ын чуулганаар гишүүн Л.Энх-Амгалан болон нэр бүхий гишүүдийн батлуулсан “ойн тухай хууль”-тай бодит нөхцөл зөрчилдөж байгааг хууль санаачлагч нь хэлж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Улаан уул сумын зөвхөн нэг сум гэхэд жилдээ 200 машин мод түлдэг. Улаан уул сумын төрийн захиргааны байгууллагууд бүгд нэг жилийн турш 500 машин мод түлж байгаа. Энэ үзэгдэл олон суманд байгаа. Томоохон сумууд мод түлдэг. Төрийн байгууллага байгаль орчноо сүйтгэдэг энэ үзэгдлийг зогсоох ёстой гэж асуулга явуулсан. Шаардлагатай тогтоол гаргуулахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймаг гэлтгүй ойтой бүх аймгийн хувьд нойтон модоор түлш бэлтгэх үзэгдэл нийтлэг байдаг.
Зөвхөн Хөвсгөл аймаг гэлтгүй ойтой бүх аймгийн хувьд нойтон модоор түлш бэлтгэх үзэгдэл нийтлэг байдаг. Энэ байдлаас гарахын тулд төр ногоон бодлого баримтлах, гаргасан хуулиа хэрэгжүүлэх ажлыг өөрийн өмчийн байгууллагуудаас эхлэх нь иргэдийг ой руу ханцуй шамлан орохгүй байхад жишээ болох юм. Үүний тулд төрийн байгууллага нэгдсэн халаалтын горимд шилжүүлж, ойролцоох нүүрсний уурхайг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Дархадын хотгорт байдаг нүүрсний орд тусгай хамгаалалтын нутагт орчихсон. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутгийн хил хязгаарыг шинэчилж тогтоовол энэхүү нүүрсний ордыг зөвхөн сумдын нэгдсэн халаалтын зориулалтаар ашиглах нөхцөлтэй тусгай хамгаалалтаас гаргах шаардлагатай байна. Хамгийн гол залуу ой Дархадын хотгорт байгаа. Тиймээс Дархадын хотгорт байгаа сумдыг ойрын хугацаанд төрийн зүгээс шинэ сумын төв, жишиг сумын төвийн сүлжээнд хамруулж нэгдсэн халаалтын асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байгаа юм.
Нөгөө талаас иргэдийн шатсан, унасан модыг түлшиндээ ашигла гэдэг боловч уулын оройд байгаа шатсан модыг авахад хүндрэл учирдаг байна. Тиймээс ойн зам гаргахад төрөөс анхаарч, түлшинд ашиглах ойн судалгаа хийхэд хөрөнгө гаргах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Ингэснээр иргэд байгаль орчноо сүйтгэхгүй байх боломж бүрдэх юм.