УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.04.06

Малчид насжих хандлага нилээд түгээмэл байна

МУ-ын засгийн газраас 2014 онд 16 аймгаас тус бүр нэг сумыг онцлон сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд жишиг сум төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төсөлд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум хамрагдаж 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон байна.

Хот хөдөөгийн ялгааг арилгах нийслэл рүү чиглэсэн их нүүдлийг зогсооход шинэчлэлийн засгийн газрын нэг бодлого чиглэгдэж байна. Энэ хүрээнд төрсөн нутагтаа тохь тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг алслагдсан сумдад байгуулахыг зорьж байгаа юм.

Тэгвэл жишиг сум төслийн үр дүнд хөдөөгийн сумдын төрийн албан байгууллагуудыг нэгдсэн халаалттай болгох, ашиглалт дуусаж эрүүл ахуйн шаардлага хангахаа байсан төрийн үйлчилгээний байгууллагуудын  орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээг сайжруулахаар болжээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: "Шинэ сум хөтөлбөрийн зорилго нь өнөөдөр хот руу шилжиж байгаа  нүүдлийг зогсооход чиглэж байгаа. Өнөөдөр залуу малчдын тоо цөөрч байна. Малчид насжих хандлага нилээд түгээмэл байгаа учраас цаашдаа бидний хөгжлийн гол эх үүсвэр ирээдүйн гол орлого болох ХАА-гаа авч үлдэхэд бид анхаарах ёстой.  Тэгэхийн тулд тэнд мал, малчин байх ёстой.  Тэр агуулгаар нь бид холбогдох арга хэмжээг авч юу тэднийг хот руу татаад байна гэдэг талаас нь хандаж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа."

Цэцэрлэг сумын хувьд хүн ам ихтэй. Аймгийн төвөөсөө 209 км, нийслэл хотоосоо 900 орчим км алслагдсан. Мөн тус сумын төвөөс 20 орчим км-т Могойн гол гэсэн нүүрсний орд оршдог нь иргэдийг ажлын байраар хангах баруун бүсийг эрчим хүчээр хангах гол эх үүсвэр болно.  Цэцэрлэг сум ойрын хугацаанд жишиг сум болсноор иргэдийн ахуй амьдралд эрс өөрчлөлт орж амьдрах орчин, нөхцөл сайжирна гэдэгт тус сумын иргэд итгэлтэй байгаа юм.