Ц.Эрдэнэбилэг: Засаглал сайтай компанийн ажилчин гэртээ инээсээр орно
“АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгтэй компанийн засаглалыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар ярилцлаа.
-Хэзээнээс компанийн засаглалыг хэрэгжүүлэх болсон бэ. Засаглалын ач холбогдлыг юу гэж ойлгодог вэ. Хууль эрх зүйн орчин хэр тааламжтай байна?
Социализмын үеэс тодорхой ойлголт явж ирсэн. Манай компани 2001 оноос 100 хувь хувийн хэвшилд шилжиж, хүмүүс хувьцааг нь эзэмшсэн. Тэрнээс хойш компанийн стратегийг боловсруулж, ямар бүтэц зохион байгуулалт, ямар засаглалаар явах вэ, ямар хөрөнгө оруулалтыг хийх вэ, хувь нийлүүлэгчдээ яаж үйлчлэх вэ гээд маш олон ажлыг шат дараалан хийсний үр дүнд өнөөдөр хөрөнгийн бирж дээрх ТОП 20-д байнга орох боллоо.
Хоёр жилийн өмнө шинэчлэгдсэн Компанийн тухай хууль нэлээн сайн өөрчлөлт орсон байсан. Хуулиа биелүүлээд явахад компани дахь хувь нийлүүлэгчдийн эрх ашиг сайн хангагдах боломжтой. Нөгөө талдаа хуулинд хараат бус гишүүдийн асуудлыг сайн тусгасан байсан учраас бид хяналтын гэхээсээ гадна компанийн ирээдүйд хувь нэмрээ оруулахуйц гадны болон дотоодын мэргэжилтнүүдийг ТУЗ-дөө хараат бусаар сонгох бодлогыг барьсан.
Манай гурван хараат гишүүний хоёр нь гадных. Нэг нь Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах талаар ажилладаг, нөгөөх нь Австралийн Фостерс хэмээх хамгийн том шар айрагны компаний захирлаар ажиллаж байсан хүн бий. Гурав дах нь монголдоо банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсан, компанийн засаглалын талаар нэлээд мэдлэгтэй гишүүн.
-Ашиг сонирхлын зөрчлүүдийг хэрхэн тэнцвэржүүлдэг вэ. Хараат бусууд үнэхээр хараат бус байж чаддаг болов уу?
Дээрх гурван хараат бус гишүүд мэргэжлийн чиг баримжаагаар удирдахаас гадна компанийн санхүүгийн эрсдлийг багасгахад бодитой саналуудыг гаргадаг. Нөгөө талдаа багц хувьцаа эзэмшигчдийн өөрсдийн талд шийдвэр гаргах сонирхол аль ч орны ямар ч компанид байдаг.
Гэхдээ үүнийг хараат бус гишүүний үүргээр хязгаарлаж болдог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд АПУ компани үүнийг сайн хэрэгжүүлсэн. Бүхий л үйл ажиллагаа ил тод. Бид дэлхийн дөрвөн том аудиторын нэг компаниар аудитаа хийлгэдэг. Тийм учраас манай санхүүгийн үйл ажиллагаа ил тод. Нэг хувь нийлүүлэгчид, багц хувь нийлүүлэгчид өгч байгаа мэдээлэл нь яг адилхан.
-Засаглалыг сайжруулсанаар гарах гол үр дүнг та юу гэж хэлэх бол?
ТУЗ болон гүйцэтгэх захирал хоёрын хоорондын эрх үүргийн харилцааг маш тодорхой болгох ёстой. Гүйцэтгэх захирал нь ямар эрх мэдэл, үүрэгтэй вэ, ямар хариуцлага үүрэх вэ. Харин ТУЗ ямар эрх мэдэлтэй вэ. Өдөр тутмын ямар ажил руу нь орж болох юм, болохгүй юм бэ гэдгийг тодорхойлдог.
Энэ бол байнгын жигд урагшилж байх л асуудал.
Ингэснээр гүйцэтгэх захирал жинхэнэ утгаараа ажиллах хууль эрх зүйн орчныг компани дотроо нээж өгсөн гэж бодож байгаа. Гүйцэтгэх захирал ямар нэгэн хүний нөлөөнд байж болохгүй. Эрх мэдлийн хариуцлагаа өөрөө хэрэгжүүлдэг байх ёстой. Манай компани ТУЗ, гүйцэтгэх захирал хоёрын харилцааг их сайн зохицуулсан. Хуулинд ч их сайн зааж өгсөн. Ер нь хуулиа сайн бариад явахад ил тод байдал, шийдвэр гаргалт нийтлэг эрх ашигт нийцсэн байх зэрэг олон зүйл шийдэгдэх боломжтой.
-Засаглалаас хэрэгжүүлэхэд хэцүү байсан зүйл ч юм уу, эсвэл удаан хугацаа шаардсан ажил байгаа болов уу?
Ямар ч орны компани засаглалыг төгс хэрэгжүүлээд дуусчихсан гэсэн ойлголт байхгүй. Энэ бол байнгын жигд урагшилж байх л асуудал. Өнөөдрийн хийж байгаа ажил өчигдрөөс илүү, маргаашийнх өнөөдрөөс илүү байх ёстой.
-ТУЗ гүйцэтгэх захирал, хувь нийлүүлэгчдийн хооронд ашиг сонирхлын зөрчил гарч хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл хэрхэн зохицуулдаг вэ?
Улирал бүр ТУЗ-ийнхөө хурлыг хийдэг. Өнөөдөр манай улсын эдийн засаг хямралтай байгаа учраас бид аль болох ээлжит хурлуудыг онлайнаар хийж байна. Тэр тохиолдолд санаа зөрөх асуудал гардаг. Манай компанийн хувьд гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн гишүүн биш. Тэгэхээр өөрийнхөө багийн санаа бодол, гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд ТУЗ-ийн гишүүдэд саналаа танилцуулах эрх үүрэг нь байгаа.
ТУЗ-тай санаа зөрөх асуудал ч байна, зөрөхгүй ч үе бий. Хэрвээ гүйцэтгэх захирлын саналыг хүлээж аваагүй нөхцөлд нэг эсвэл хэрэгжүүлэх боломжгүй гээд өргөдлөө өгөөд гарах эсвэл хамтарч ажиллах асуудал л байдаг. Хамгийн гол нь гаргаж буй шийдвэр хуулийн дагуу л байх ёстой. Тэгж байж гүйцэтгэх захирал хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Хэн хэнийх нь шийдвэр туйлын үнэн, туйлын худлаа гэж байхгүй учраас хамгийн гол нь компанийн ирээдүйд улс эх орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэх ёстой.
-Компанийн хууль сайжирсан ч компаниудын засаглал сул байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна?
Зарим компаниуд хэтэрхий цаасан дээр ТУЗ-тай, цаасан дээр үйл ажиллагаатай явдаг. Гэхдээ компанийн сайн засаглал нь ганц компанийн асуудал биш. Нөгөө талдаа монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, нийт улсын хэмжээнд засаглал, бодлого нь хэр байгаа гэдгээс хамаардаг. Татварын орчин нь зөв явж чадаж байна уу, бизнесийн орчин нь таатай байна уу гэдгээс шалтгаална. Өнөөдөр төрийн зүгээс хийх ёстой ажил нь булингартай байгаа учраас компаниудыг дагаад булингартуулдаг.
Төрийн орчин тогтвортой, татварын орчин тогтвортой байх ёстой. Нэг нам нь гарч ирээд хөрөнгө оруулалтаа үгүй хийгээд байвал хэцүү. Компаниудын хувьд санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй байж хажууд нь засаглалаа сайжруулна гэхэд хүндрэлтэй. Төр засаглалыг хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Нөгөө талаас засаглал сул байгаа нь дунд түвшний гүйцэтгэх, менежерүүдийн ур чадвартай холбоотой.
-Гол өөрчлөлтийг хүмүүс хийх нь дамжиггүй. Гэхдээ өнөөгийн хүмүүсийн хандлага булингартай байгааг харуулж байх шиг.
Компанийн эзэд өөрсдөө гүйцэтгэх засаглал руу их орж ажилладаг. Ингэснээр ашиг сонирхлыг хэтэрхий нэг сагсанд хийж байна гэсэн үг. АПУ компанийн хувьд гүйцэтгэх захирал нь цэвэр хөлсөөр ажиллах, компанийн сайн сайхан, хөгжлийн төлөө ажиллах хүн байх бодлогыг барьдаг. Нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Харьцангуй зөв тогтолцоо, зөв ойлголт руу явж байгаа. Энэ бол хөгжих зөв гарц.
-Танайх хичнээн хувьцаа эзэмшигчидтэй вэ. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараасан уу?
4000 орчим хувь нийлүүлэгчидтэй. Жижиг ч бай, том ч бай хувь нийлүүлэгчдийн эрх ашиг бол адилхан. ТУЗ шийдэж байгаад 2013 онд ашгийн түвшин татварын байдлаас болж “0” зэрэгт очсон ч гэсэн ногдол ашгаа тараахдаа нэгж хувьцаанд 20-30 төгрөгөөр илүү бодож өгсөн. Алдагдалтай ч гэсэн 90 жилийн ойн бэлгэдлээ бодсон. Монголын компаниудын түүхэнд байдаггүй ойлголт.
-Яагаад тийм шийдвэр гаргасан юм бэ?
90 жилээ бэлгэдэж, нөгөө талаас эдийн засаг үргэлж ийм хямралтай байхгүй гэдэгт итгэсэн. 2013 онд АПУ компани 172 тэрбумын татвар төлсөн. Сайндаа ч биш, монгол улс татвараа хоёр дахин нэмсэнтэй холбоотой. Монгол банк болон Засгийн газрын буянаар долларын ханшийг гучин хувийн хэлбэлзэлд оруулсан нь үүнд нөлөөлсөн. Том татварыг төлсөн нь сайхан ч нөгөө талаар компанийн ашигт ажиллагаанд нөлөөлж ирсэн.
-Засаглал сайжрах нь жирийн ажилчин хүнд ямар байдлаар нөлөөлдөг вэ. Та энэ талаар ярина уу?
Маш чухал. Засаглал сайжирснаар ганц гүйцэтгэх захирал, хувь нийлүүлэгч биш гэлтгүй, ажилчид, ажилчдын ар гэр, эргээд нийгэмдээ олон сайн үр дүнг авчирдаг. Монгол улс урагшаа хөгжье гэвэл засаглалаа сайжруулах ёстой.
Засаглалын ачаар ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг нь зөв болгож, эрх үүрэг нь ойлгомжтой болсон. Ингэхээр тухайн ажилчин бусдын дарамтгүйгээр ажлаа хийх боломж бүрддэг. Бусдын дарамтгүйгээр сэтгэл хангалуун ажил хийнэ гэдэг нь маш их аз жаргал.
Ажил дээрээ аз жаргалтай байж байгаад гэртээ инээгээд орно гэсэн үг. Засаглал сайжирсний том ач холбогдол нь цагаа зөв хуваарилж, зөв зарцуулсны дүнд гэр бүлдээ, нийгэмдээ зарцуулах цагийг нь нэмж өгсөн гэж ойлгож болно. Компанийн засаглалын зарчмуудад энэ талаар сүйдтэй тусгаагүй ч, амьдрал дээр хэрэглэгдэж байна.
Засаглалгүй газар ажилчид нь илүү цагаар сунаж ажилладаг. Сайн газар бол цагтаа, цагаас нь өмнө ажлаа хийгээд таскаа бичээд явж болно.
Хүмүүс компанийн засаглал гэхээр сайн ойлгодоггүй. Сайн захиралтай байхыг хэлээд байгаа юм уу гэж асуудаг.
Зүгээр л миний бодлоор сайн хөгжил байх ёстой. Энэ хөгжил дөрвөн зарчим дээр тулгуурлах ёстой.