2010.12.20

Компани тухай хуулийн шинэчлсэн найруулгын төсөл

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва,  УИХ-ын гишүүн Д.Зоригт нар Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өргөн барилаа.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Компанийн засаглалыг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хэсгээс Компанийн засаглалын нийтлэг зарчмуудыг Монголд хэвшүүлэх чиглэлээр Дэлхийн банкны бүтэц болох Олон улсын санхүүгийн корпорацитай хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уг байгууллагын шинжээчдийн оролцоотой боловсруулсан аж.

Компанийн үйл ажиллагааг зохицуулсан анхны хууль 1991 онд батлагдаж байжээ. “Аж ахуйн нэгжийн тухай” энэ хууль улам боловсронгуй болж, 1999 онд Монгол Улс анх удаа Компанийн тухай бие даасан хуультай болсон юм.

Энэхүү хуулийн өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд нийгэмд үйлчилж ирсэн байдалд дүгнэлт хийвэл түүний зарим зүйл, заалтыг илүү тодорхой, ойлгомжтой, дэлгэрэнгүй болгох, өнөөгийн нөхцөл шаардлагын дагуу шинэ ойлголт, зохицуулалтыг нэмж оруулах, хоорондоо зөрчил бүхий зарим зүйл, заалтыг өөрчлөх, хэллэгийг нэг мөр болгох зэрэг шинэчлэн найруулах шаардлага гарч байгаа юм хэмээн хуулийн төслийг санаачилсан эрхэм гишүүд ярьж байв.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт өөрчлөлтүүд гарч, хэд хэдэн хямрал тохиосон. Энэ нь компанийн үйл ажиллагааны уламжлалт зохицуулалтад тодорхой өөрчлөлт оруулах нөхцөлийг бүрдүүлсэн аж. Олон улсын байгууллагууд, тухайлбал Дэлхийн банк, Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас энэ асуудалд ихээхэн анхаарч, олон улсын хэмжээнд нийтлэг мөрдөх зөвлөмжийн чанартай баримт бичгүүдийг гаргасан юм байна. Эдгээрийг үндэслэн дэлхийн улс орнууд компанийн хууль, эрх зүйн зохицуулалтыг түүнд нийцүүлэх чиглэлд тодорхой алхам хийж буй гэнэ. 'www.news.mn"

Хуулийн төслийг боловсруулахдаа өнгөрсөн хугацаанд хуулийг хэрэгжүүлэх явцад төрийн болон зохицуулах байгууллагууд, компаниудын үйл ажиллагаанд тулгамдаж байсан асуудлуудыг нэгтгэн дүгнэж, нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэл баримталсан аж.

Мөн түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохдоо хяналтын багц эзэмшигчид, компанийн удирдлага болон жижиг хувьцаа эзэмшигчдийн хооронд гардаг зөрчлүүд, Монголын компанийн засаглалын өнөөгийн байдалд олон улсын байгууллагуудаас хийсэн судалгааны тайлан, түүнд өгсөн дүгнэлт, зөвлөмж, баримт бичиг болон төр, төрийн бус байгууллагуудаас энэ талаар ирүүлсэн санал зэргийг харгалзан үзсэн хэмээн эрхэм гишүүд хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.