С.Ганбаатар: Том хувьцаа эзэмшигчдийн өмчийн эрхийг нь биш, засаглалын эрхийг нь хөндөж болно
УИХ-ын гишүүн С.Ганбаатараас компанийн хуулийн талаар тодрууллаа.
-Та өнгөрсөн оны таван сард Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг есөн гишүүний хамт өргөн барьсан. Одоо ажлын хэсэгт ажиллаж байгаа. Хуулийн өөрчлөлтийн талаар ярина уу?
Гол өөрчлөлт бол компанийн тухай хуулийн 57 дугаар заалт. 57.1 бол үндсэн хуулиас ч дээгүүр давж, хүний өмчлөх эрхэд халдсан. Миний тавьж байгаа асуудлыг их хурлын гишүүд маань олонхиороо дэмжих болов уу гэж найдаж байгаа. Гадны санхүүгийн луйварчид болон томоохон өрсөлдөгч компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийн малгай дор, ганц хоёр хувийн хувьцааг нь худалдаж аваад том хувьцаа эзэмшдэг компанийн өмчлөлийн эрхэд халдаж байгаа явдлыг зогсоох өөрчлөлтийг бид оруулахыг зорьж байна.
Ард иргэд, жижиг хувьцаа эзэмшигчид ямар ч мэдээлэлгүй байгаа.
Том хувьцаа эзэмшигчдийн өмчийн эрхийг нь биш, засаглалын эрхийг нь хөндөж болно. Томоохон хэлцэл, ТУЗ-ын албан тушаалд хэн нэгнийг томилох, их хэмжээний худалдан авалт хийх зэрэг ажилд оролцохгүй байна гэдэг нь том хувьцаа эзэмшигчдийг их хохироож байна гэсэн үг.
-Өөрчлөлтийг оруулсанаар ямар үр ашигтай вэ?
Компанийн хяналтын багц эзэмшигчийн санал гаргах үүргийг хэрэгжүүлэх процессыг тодорхой, хуулийг зөв хэрэглэхэд дөхөм болгоно. Түүнчлэн компанийн хяналтын багц эзэмшигчийн хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгоно.
Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчид үзэмжээрээ хяналтын багц эзэмшигчийн эрхийг зөрчих тохиолдолыг хааж, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий СЗХ нь хувьцаат компанийн хяналтын багцыг эзэмшигч хуульд заасан санал гаргах үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс тэдний шаардах эрхийг хэрэгжүүлэх боломж бүрдэх, СЗХ хуулийн зохицуулалтаас давсан хуульчилсан акт баталж, бизнес эрхлэгчид дарамт учруулсан үйл ажиллагааг хаах зэрэг ач холбогдолтой болно.
- Компанийн засаглалыг хэрэгжүүлэх байдалд компаниуд ямар байна гэж дүгнэдэг вэ?
Маш муу. Ард иргэд, жижиг хувьцаа эзэмшигчид ямар ч мэдээлэлгүй байгаа. Дээр нь энэ хуулийн цоорхойг ашиглаж маш олон луйврын үйл ажиллагаа явуулж буй гадаадын томоохон нөхдүүдийг таслан зогсоох бодлого барих хэрэгтэй. Бид цаашид энэ асуудлыг чуулганы хурлаар хүчтэй ярих болно.