Б.Амарсанаа: Компаниуд томрохыг хүсэвч, дугуйгаа хий эргүүлээд байна
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэд захирал, доктор Б.Амарсанаа
2014.02.24

Б.Амарсанаа: Компаниуд томрохыг хүсэвч, дугуйгаа хий эргүүлээд байна

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэд захирал, доктор Б.Амарсанаатай ярилцлаа. Тэрээр 2008 онд компанийн засаглал, компанийн хуулийн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан юм.

-Та монголд анх удаа энэ талаарх судалгаа хийсэн. Хэзээнээс компанийн засаглалыг хууль зүйн үүднээс нь судлах болсон бэ?

Компаний засаглал, компаний эрх зүйн үүднээс нь хамтад нь аваад үзвэл бүр 1999 оноос нарийвчлаад судалсан. Японы их сургуульд хууль зүйн ухааны доктор хамгаалж байхдаа эрдмийн зэрэг хамгаалахаар шийдсэн. Би компанийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан.

-1999 онд тухайн үед компаний тухай хууль батлагдах үеийн компаниудын нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдсөн нь ойлгомжтой. 15 жилийн дараах компаниудын байдал ямар байна вэ.

Ялгаатай зүйл нь компаниуд арай жоохон томорсон. Компани ямар байгаагаас шалтгаалж хуулийн үндсэн өгөгдөл гарна. 1999 оноос өмнөх байдлыг үзэхэд компаниуд хөрөнгийн хэмжээ, ажилчдын тоо, зээл авах чадвар,  эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг нь бага байсан. Улсын хэдхэн үйлдвэрийн газар “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр” бараг улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг.

Харин өнөөдөр компаниуд томорсон. Олон ажилчинтай, хөрөнгийн хэмжээ ихтэй гэх мэт. Компаниуд групп байдлаар ажиллах боллоо. Компаниуд эрсдлээс хамгаалахын тулд олон салбарт бизнес эрхэлж, бизнесээ төрөлжүүлж охин компаниудыг бий болгож байна.

-Компаниуд засаглалд хэрхэн нааштай хандаж байгаа вэ. Компанийн тухайн хуулийн хэрэгжилтэд ямар дүгнэлт хийдэг бол?

Ер нь компанийн тухай хуулийг эхлээд дагаж мөрдсөний дараа засаглалын асуудлыг ярьдаг. Учир хуулиа биелүүлж байж, хуулиас илүү стандарттай засаглалыг тогтооход чиглэнэ гэсэн үг.  2005 он хүртэл компаний засаглалын асуудал яригддагүй байсан. Учир нь компанийн хууль хэрэгждэггүй байсан.  Гэтэл удалгүй АПУ-гийн хувьчлалтай холбоотой

Анх 1924 онд засгийн газрын шийдвэрийн дагуу байгуулагдаж, 1992 онд хувьцаат компаний хэлбэрт шилжжээ.

маргаан гарч, тэр хэргийг Компанийн тухай хуулийн санал өгөх эрхтэй холбоотой заалтаар шийдэнгүүт компаниуд хуулиа эргэн харж эхэлсэн.

Хуулиа харахгүй бол арван жил, хорин жил зүтгэж бий болгосон хөрөнгө нь хууль зүйн эрсдэлд орох магадлалтай юм байна гэдгийг ойлгосон. Одоо зарим нь хуулиа боломжийн хэмжээнд мөрдөөд явж байгаа. Мөн хүссэн хүсээгүй компаниа томруулж, хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгож, хөрөнгө оруулагчдыг татья гэвэл засаглалын зарчмуудыг мөрдөх хэрэгтэйг ойлгож эхэллээ. Цаг үе өөрөө үүнийг шаардаж байна. Өсч дэвжихэд компаний засаглалын зарчмуудыг дагах ёстой. Компаний хувьд томрохыг хүсэвч засаглалаа сайжруулахгүй байгаа нь машины дугуй хий эргэхтэй адилхан.

-Компанийн тухай хуулинд хэд хэдэн өөрчлөлт яригдаад өнгөрсөн. Өөрчлөлт хийх гол асуудал нь юу юм бол?

Би хуулийг ойрхон өөрчлөхийн эсрэг байдаг. Компаниудад сөргөөр нөлөөлөх аливаа эрсдлийг тооцож, нарийн судалж байж өөрчлөх ёстой. 2011 оны хууль дээр монголчууд ажилласан. Түүнээс өмнөхд гадныхан оролцсон. Энэ удаагийн хуулийг монголчууд хийсэн гэдгээрээ бахархууштай. Гэхдээ магтлаа гээд бүх зүйл сайхан болохгүй. Хэд хэдэн анхаарах зүйл байна.

-Тухайлбал?

Компаний засаглал зөвхөн нээлттэй болон хөрөнгийн биржид бүртгэлтэй

Монголын хөрөнгийн бирж 2014 оны 2 сарын 21-ны мэдээллээс сонирхоно уу.

хувьцаат компаниудын асуудал биш. Томоохон ХХК-д хамаатай. Компанийн тухай хуулинд ХХК-ийн асуудлыг сайн бодолцгүй оруулсан юм уу гэж бодогддог. Уг нь төвөггүй байдлаар зохицуулах ёстой. Маш их тодорхойгүй зүйлүүд ихтэй болсон. Тухайлбал нэгээс хоёр хувьцаа эзэмшигчтэй компаниудад шаардлагагүй зохицуулалтууд орсон. Ингээд харахаар хууль маань хувьцаат компаниа хэтэрхий барьсан юм шиг санагддаг.

-Компанийн засаглалыг хэрэгжүүлэхдээ зарим компаниуд хойрго хандаад байгаа. Та энэ талаар юу гэж бодож байна?

Компанийн тухай хууль, компанийн засаглалыг хэрэгжүүлэх сонирхол гурван бүлгээс гардаг.

Нэгдүгээрт  төр болон түүний байгууллага. Төр нь макро эдийн засгийг зохицуулагч. Компани бол микро эдийн засгийн асуудал. Гэтэл яагаад оролцдог вэ гэхээр компаниуд макро эдийн засагт нөлөөлөхөөр хэмжээний том болчихсонтой холбоотой. Тэгэхээр төрийн хувьд макрогоо зөв удирдахын тулд компаниуд руу анхаарал хандуулдаг.

Компаниуд нь засаглалаа хэрэгжүүлвэл санаа зоволт багасна.

Хоёрдугаарт хувьцаа эзэмшигчид, ирээдүй хувьцаа эзэмшигч болох хөрөнгө оруулагч. Хувьцаа эзэмшигч хөрөнгөдөө санаа зовох нь ойлгомжтой. Хөрөнгийг нь хэр сайн удирдаж байна, өсгөх нь үү, бууруулах нь уу, хуулиа мөрдөөд, дэг журамтай явж байна гэдгийг мэдэж байхын тулд компаний засаглалд найдаж болно гэж үздэг. Хэрвээ компани дотоод асуудалтайгаа л зууралдаад байвал бизнес хийх цаг нь багасна.

Хөрөнгө оруулагчдын хувьд компаний засаглалын зарчмуудыг муу хэрэгжүүлдэг бол хувьцааг нь авахгүй.

Гуравдугаарт компаний удирдлага. Онолын хувьд компанийн удирдлагын хөлс урамшуулал нь тухайн компанийн хэр сайн явж байгаатай уялддаг. Засаглалын дүрэм журмыг суулгах сонирхол тэндээс гардаг. Мөн зах зээл дээр бид мундаг гэдгээ харуулах маркетингийн ачаар хувьцаат компаний хувьцаа нь өсдөг.

Гүйцэтгэх удирдлагын хувьд ТУЗ. Арван мянган хүнтэй компани дотор гүйцэтгэх удирдлага гол юмаа л харахаас биш бүх асуудалд оролцож чадахгүй. Тэр голыг барихад компаний засаглалын зарчмууд тусалдаг.

-Хэрэгжүүлэхгүй байх сонирхолтой бүлэг байгаа юу?

Ер нь барууны ойлголтоор бол хүний мөн чанартай холбогдоно.  Хүн угаас муу, эсвэл угаас сайн байдаг. Угаас сайн байвал хүнд нэг их хууль дүрэм хэрэггүй. Гэхдээ хааяа буруу зүйл хийчихдэг. Харин угаас муу бол хэцүү.

Компанийн хуулинд үл итгэх хандлагаар тодорхой хэмжээгээр эдийн засгийн ашиг хонжоо хайдаг хүмүүс бий. Хувийн эрх ашгаа боддог гэсэн үг. Гэхдээ бизнесийн соёл харьцангуй тогтсон оронд ийм асуудал гарахгүй. Манайд бизнесийн соёл ямар байгаад би дүгнэлт хэлэх нь зохимжгүй. Тодорхой хэмжээгээр төлөвшиж байгаа.

-Ингэхэд Компанийн тухай хуулинд ТӨК-ийн талаар юу гэж тусгасан байдаг вэ. Өөрчлөх шаардлагатай зүйл бий юу?

 Гол тусгасан зүйлүүд нь төрийн төлөөлөн удирдах зөвлөл байх ёстой гэж заасан. Нийтийн өмч гэдэг нь нэг утгаараа эзэнгүй гэсэн үг. Тиймээс хяналт сайн байх ёстой.

Хэдий төрийн өмчит ч гэлээ бизнесийн зарчмаар нь явуулах хэрэгтэй. ТУЗ-д төрийн албан хаагчид биш, мэргэжлийн хүмүүс байх хэрэгтэй. Одоохондоо төрийн нэг хэсэг учраас бизнесийн агуулгаар явахаас гадна төрийн бодлогыг илэрхийлэгч байх ёстой гэсэн сэтгэлгээ хүчтэй байна.

 Ярилцсанд баярлалаа.