Д.Ганбаяр: Мэргэшсэн ТУЗ-ийг бий болгомоор байна
СЗХ-ны гишүүн Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяртай ярилцлаа. Компаний засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр нь Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд хэрэгждэг ажээ.
-Монгол улсын Засгийн газраас 2011 онд “Компаний засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ.
Төрийн өмчит компаниудын хувьд 90,5 хувь нь засаглалын сургалтад суусан. Харин Хувьцаат компаниудыг сургалтад хамруулах ажлыг Санхүүгийн зохицуулах хороо хийх ёстой ч хангалтгүй хийж байна. Хөтөлбөр 2016 он гэхэд дуусна. Уг нь журмаараа хөтөлбөрийн санхүүжилтийг олон улсын төслөөс эсвэл улсын төсвөөс шийднэ гэсэн. Харамсалтай нь 2011 онд улсын төсвөөс мөнгө суугаагүй. Харин энэ жилээс 300 сая төгрөгийг суулгалаа гэтэл СЗХ арван жилийнхээ ойд зарцуулна гээд өгөхгүй байгаа.
-Танай зүгээс яг ямар ажил хийж байгаа вэ?
Энэ жилээс эхлээд компаний ТУЗ-ийн гишүүд сургалтад суугаагүй хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүнээс нь чөлөөлөхөөр хуульд заасан байгаа. Уг асуудлыг СЗХ-оос бичиг явуулж, асуудлыг нь хурлаар гаргаж ирнэ.
Түүнчлэн бид компаний засаглалын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох үүднээс засаглалын үнэлгээг хийлгэхээр ярьж байна. Саяхан Олон улсын санхүүгийн корпорацийнхан манай топ 20 компанийг үнэлэхэд 25 хувь буюу маш доогуур үнэлгээ гарсан. Энэ нь СЗХ, Монголын хөрөнгийн бирж ажлаа хийхгүй байгааг харуулж байгаа юм.
-Компаний засаглалыг хөгжүүлэхээр хууль, хөтөлбөр гарсан ч олигтой хэрэгжихгүй байгаа нь ямар шалтгаантай гэж та бодож байна?
Юуны өмнө компаний удирдлагуудад засаглал ямар хэрэгтэйг ойлгуулах нь чухал. Ойлгохгүйгээс болоод ТУЗ-д байгаа нөхдүүд ТУЗ яг ямар үүрэгтэй
Гермес центр хувьцаат компаний засаглалын бүтэц
болоод хуралд хэрхэн оролцох тухайгаа эрх зүйн асуудлаа мэдэхгүй байдаг.
Тиймээс компаний мэргэшсэн ТУЗ-ийн гишүүдийг бий болгож, гүйцэтгэх удирдлагад таваих хяналтын механизм сайжирна. Үйл ажиллагаа нь улам сайжрах боломжтой. Нөгөө талаас жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах юм. Ногдол ашиг тарааж буй эсэхэд ТУЗ хяналт тавина. Гэтэл ТУЗ сул чадавхигүй, хангалттай цалин хөлстэй биш учраас гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцож чаддаггүй.
-Нэг талаас ТУЗ-ийн гишүүд өөрсдөө идэвхигүй байдаг юм биш үү?
Идэвхигүй, хүсэлгүй. Зарим талаар ТУЗ-ийн гишүүд нь томоохон хөрөнгө оруулагч бөгөөд компани нь өөрийнх нь хөрөнгө учраас жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироох хандлагатай.
-Монголчуудын 2,9 сая хүн Эрдэнэс МГЛ-ийн хувьцааг эзэмшдэг. Бид жижиг хувьцаа эзэмшигчид. Бидний эрх ашгийг ТУЗ төлөөлж байгаа юу?
Маргаан дагуулж байгаа. Тавантолгой өөрсдөө хууль зүйн үүднээс үзвэл албан ёсоор Санхүүгийн зохицуулах хороон дээр тэдэн мянган ширхэг хувьцаатай гэж бүртгүүлсэн, хувьцаат компани биш. Гэсэн мөртлөө Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төвд хүн болгоны нэр дээр 1072 ширхэг хувьцааг бүртгэсэн. Мэдээлэл бодитой бус байгаад байна. Уг нь албан ёсоор хөрөнгийн зах зээлийн MIT-г ажиллуулаад хувьцааг арилжаалж, цаашлаад Канад, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах шаардлагатай.
-Ер нь ТУЗ-ийг ямар шалгуураар сонгодог юм бэ?
ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хараат болон хараат бус гэсэн түвшинд хуваадаг. Хараат нь өмчийн эзэн. ТУЗ-ийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгоно.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП20 хувьцаат компани
Гэтэл тухайн компанид таваас дээш буюу жижиг хувьцаа эзэмшигч хэдийгээр мэдлэг чадвартай ч том хувьцаа эзэмшигчид дарагддаг. Компани ашигтай ажилласан мөртлөө ногдол ашиг тараахгүй байгаа тохиолдол их. Тухайлбал манайхаас гаргасан судалгаагаар өнгөрсөн жил манай улсын Топ 20 компанийн 11 нь ногдол ашгаа тараасан.
Гэхдээ мөнгөний хэмжээ нь асар бага. Тухайлбал Баянгол зочид буудал нийт олсон ашгаасаа нэгж хувьцаанд 9100 төгрөгийн ногдол тараахаар боломжтой атал 350 төгрөгөөр бодсон. Талх чихэр компани 1300 төгрөг байхад 90 төгрөгөөр бодсон байх жишээтэй.
-Энэ байдалд хариуцлага тооцдог механизм байгаа юу?
Компани өөрсдөө ТУЗ-ийн хурлаар шийдэж болно. ТУЗ нь компаний гол шийдвэрийг гаргах учраас тэднийг мэргэшүүлэх нь чухал гээд байгаа юм.
Хэрвээ компаний засаглалын кодексийг нэвтрүүлвэл компаниуд дотоод дүрэмдээ ногдол ашгаа хэрхэн тараах талаар заана. Зарим компаниуд тусгадаг. Жишээ нь Бидисек компани цэвэр ашгийнхаа 20-иос доошгүй хувьд жил болгон ногдол ашиг тараана гэж заасан. Ингээд тусгаад явбал хүмүүс тус компанид итгэж хувьцааг нь худалдаж авна шүү дээ.
Тэгэхгүй бол манай улсад хөрөнгийн зах зээл хөгжихгүй байсаар байна. Сэтгэлгээг өөрчилж, сургалтад суугаад хамтын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх цаг нь болсон. Зах зээл хөгжихгүй байгаа нь компаний удирдлагууд тайлангаа үнэн зөв гаргадаггүй, ногдол ашгаа тараадаггүй, татвараас зугтдаг хандлагаар 20 жил явсантай холбоотой. Ёс зүйтэй орчныг төлөвшүүлж, зөв удирдаж чадвал хөрөнгийн зах зээл хөгжинө.
-Хөрөнгийн биржийн өнөөгийн үйл ажиллагаа амьд бус гэдэгтэй санал нийлэх үү?
Сүүлийн үед тус газар шинээр захирлаа томилно, шинэ систем нэвтрүүлсэн гэж байгаа. Тэр систем асар үнэтэй. Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг сайжруулах үүднээс Үнэт цаасны тухай хуулийг баталж, журмуудыг гаргалаа. Нэлээн л олон ажлыг хэрэндээ хийсэн ч үндсэн удирдлагын толгойг цэнэглэхгүй бол хэцүү. Мөн хөрөнийн зах зээл дээр хичнээн сайн систем нэвтрүүлсэн ч компанийн засаглал сайжрахгүй бол хөгжихгүй.
-Хөрөнгийн биржийг чадавхижуулах шаардлага бас байгаа бололтой. Энэ талаар олон төсөл хэрэгжиж байгаа гэж сонссон?
Санхүүгийн зохицуулах хороонд нэлээн томоохон төслүүд хэрэгжсэн. 2010-2014 он хүртэл Люксембургийн 2 сая еврогийн төсөл хэрэгжсэн ч бодитой үр дүн алга.
2010-2014 он хүртэл Люксембургийн 2 сая еврогийн төсөл хэрэгжсэн ч бодитой үр дүн алга.
Хэдэн дарга нар гадаад руу томилтоор явсан төдий. Одоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх Жайкагийн төсөл эхэлнэ. Олон төслүүдийг авч үзвэл нийтдээ 5 сая долларын төсөл явж байна. Гэхдээ дээдэх нь суудлаа олохгүй болохоор доод нь гүйдлээ олохгүй гэдгийн үлгэр болоод байна.
-Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд компаний засаглалын сургалтад суусан уу. Ер нь төрийн өмчит компаниуд болон төрийн байгууллагууд өөрсдийнх нь хандлага тийм сайжирсан уу?
Суухгүй байж байгаад гадны төслийн сургалтад эрх бүхий албан тушаалтнууд суусан. Ойлголттой болгох гээд үзээд л байна. Харин Төрийн өмчийн хорооны зүгээс засаглалыг их дэмжиж байгаа бөгөөд 2014 оны компаний засаглалыг дэмжих жил болгон зарласан. ТӨК-иуд ч сургалтад суусан.
- Танай тайлангаас харахад ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүд нь төрийн байгууллагын яам агентлагийн дарга, мэргэжилтнүүд байна. Мөн нэг дарга нэлээн олон компаний ТУЗ байгаа нь ямар учиртай юм бол?
Төрийн өмчийн хорооны даргын захирамжаар нэг төрийн албан тушаалтан 2-иос дээш компанид ТУЗ байж болохгүй гэж заасан. Хараат гэдэг утгаараа ТӨК-иудын өмчийн эзэн нь төр учраас төрийн жинхэнэ албан хаагч, төрийн захиргааны байгууллагын хүмүүс ордог. Гэхдээ тэд хараат гишүүн гэдгээр орно. Харин төрд төрд ажилладаггүй, компаний удирлагатай хамаатан бус нь хараат бус байх ёстой. Үүнийг бид ажиглаж байгаа.
-Компаний тухай хууль 2011 онд батлагдсан. Өнгөрсөн намрын чуулганаар хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдаад намжсан. Чухам юуг өөрчлөх шаардлагатай болсон бэ?
Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтад: Компаний хяналтын багцийг эзэмшиж байгаа /хувьцааны 34 хувиас дээш хувьцаа эзэмшиж байгаа/ эзэмшигч бусдынхаа хувьцааг худалдаж авах ҮҮРЭГТЭЙ гээд заачихсан. Заавал авах ёстой болчихож байгаа юм. Гэтэл тэр хүнд хувьцаа худалдаж авах хангалттай мөнгө байхгүй бол яах вэ. Харин 63 дугаар зүйлд хэрвээ хувьцаа худалдах авах тухайгаа зарлахгүй бол хувьцаа эзэмшигчийн эрх нь хүчингүй болно гэсэн. Энэ юу гэсэн үг вэ.
Үндсэн хуульд хүн өмчтэй байх хэрэгтэй гэж заасан. Дээрх заалт бол хуулийн цоорхой бөгөөд өмчийг хувьдаа авах гэсэн хэдэн хүний сонирхол.
Ер нь хуулиуд өргөн баригдаж байна. Гэтэл цаанаа үндэслэл судалгаа байдаггүй. Хуулийн ажлын хэсэгт орсон хүмүүс өөрсдийн сонирхол, лоббигоо оруулдаг.