Ц.Эрдэнэбилэг: Үйлдвэрлэгчид хүндрэлийг ярих ёсгүй
АПУ ХК-гийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хэрэгжилт ямар байдалтай байна вэ. Үйлдвэрлэгчид ирж байгаа хариуцлагыг хэрхэн бүрдүүлж байна?
Стандартуудыг бий болгох асуудал бий. Манай үйлдвэрийн гадна ISO 2002 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, нөгөөх нь ICO 14001 байгаль орчинд ээлтэй үйлдвэр гэсэн утгатай стандартууд байдаг. Энэ хоёр стандартыг монголд хэрэгжүүлсэн хамгийн анхны компани бол АПУ. Хэрэгжүүлнэ гэдэг нь зөвхөн цаас хийгээд цаасаа хэн нэгнээр аудитлана гэсэн үг биш.
Хэрэгжүүлнэ гэдэг амьдрал дээр хэрэгжүүлэх нь маш чухал. Бид амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Үйл ажиллагаанд нэвтрүүлж, ягштал биелүүлэх ажил байсан.
- Хүнсний аюулгүй байдлын тогтолцоог хэрхэн зөв хангаж байна вэ. Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдэд учирдаг нэг саад бэрхшээл нь нийгэм дэх худал мэдээлэл байсан. Энэ талаар юу хэлэх вэ?
Бид нар Швейцарийн “SGS” компаниар аудитийг хийлгэдэг. Үүнээс хүнсний аюулгүй байдлын тогтолцоог хэрхэн зөв хангах вэ гэдэг асуудал гарна. Ганцхан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал гэж харахаас илүү үйлдвэрлэгч, түүхий эд туслах материал үйлдвэрт орж байгаа тэр цагаас эхлээд бүх зүйл хянагдах ёстой гэдгийг ойлгоорой.
АПУ цэвэр ус гэхэд бөглөөн дээрээ үйлдвэрлэсэн он сар, цаг минут байдаг. Энэ нь хаана үйлдвэрлэсэн бөглөө, шошго вэ, лабораторийн шинжилгээ нь юу вэ гэх мэдээллийг агуулдаг. Мөшгилтийн мэдээлэл нь байгаа.
-Хэрэглэгчээс ямар нэгэн гомдол ирвэл яаж шийддэг вэ?
Хэрэглэгч дээр асуудал гарахад хэрэглэгчээс чанарт нийцэхгүй барааг ямар хугацаанд эргүүлэн татах вэ гэсэн стандарт байдаг. Бүх тогтолцоо ажиллах ёстой. Магадгүй дотор нь асуудал гарч болох эрсдлүүд бий. Хэрэглэгчид сонголтоо хариуцлагатай хийдэг байх хэрэгтэй. Үйлдвэрлэгчид өөрийгөө магтах бус хяналт, мөшгилтийн тогтцолоо, лаборатори нь зөв ажиллаж байна уу, стандарт нь ямар байна гэдгийг анхаарах ёстой.
Өнөөдрийн өрсөлдөөн маш нууц, нарийн болсон.
Тэр тогтолцоо алдагдаснаас болж зүгээр л брэнд бий болоод түүний цаана чанарын асуудал яригдахгүй байдаг талтай. Хариуцлагаа нэмэгдүүлэх тусам эрсдэл бага гардаг. Өөрөөр хэлбэл бид өнгөрсөн жил буцаагдсан бараагаа шалгаад үзэхэд том үлт хохирол байхгүй байсан. Жижиг үлт хохирол нь шошгоны дутуу наалт гэх мэт зөрчил байсан. Жилээс жилд үүнийг багасгахаар ажиллана.
-Хяналтын тогтолцоог сайжруулсан нь шинэчлэгдсэн хуулийн гол ач холбогдол. Та хуулийн хэрэгжилтийн талаар ямар саналтай байна?
Маш хатуу мөрдөх ёстой. Энэ бол үүрэг. Тэгвэл хариуцлагагүй, чанаргүй гээд байгаа зүйлс арилна. Бид үүргийнхээ төлөө явах ёстой. Өртөгтэй биш, өртөгтэй хууль. Хяналтын тогтолцоо бол өртөг өсгөдөг тогтолцоо. Сайн бэлдэж байж орох ёстой.
Сайн хууль болсон. Үйлдвэрлэгчид өөрсдөө хөрөнгөө оруулах ёстой, ажиллах ёстой, хүндрэлийг ярих ёсгүй. Ер нь компаниуд өртөг, тоног төхөөрөмж, технологийн шийдэл, хөрөнгө оруулалтаараа өрсөлддөг. Өнөөдрийн өрсөлдөөн маш нууц, нарийн болсон.