Хотын захиргааны шинэ барилга ийм байна
Хотын захиргааны шинэ барилга
2014.02.28

Хотын захиргааны шинэ барилга ийм байна

Нийслэлийн ЗДТГ-ын ‘Хангарьд” ордныг бариад удаагүй байгаа. Гэтэл нийслэлийн ЗДТГ хотын баруун хэсэгт дахин шинэ байр барих болсон.

Уг ажлыг нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материал орчмын есөн га газарт барихаар шийдээд байгаа.           

 Яагаад Сонгинохайрханыг сонгов

 Шинэ Улаанбаатарын дүр төрхийг илэрхийлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хөвөрсөөр байна. Бид ойрын дөрвөн жилийн дотор гэр хорооллыг амины тохилог орон сууц бүхий хороолол, хотхон болгон хөгжүүлэх зорилт тавьсан.

Ирээдүйд олимпийн хот болох шинэ Улаанбаатарын төвийг бид нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт барихаар төлөвлөсөн нь санамсаргүй хэрэг биш. Баянхошууг бид 200 мянган хүн амьдрах хотын дэд төв болгон хөгжүүлж, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр зорьж байгаа” гэж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл барилгын шав тавих үеэр хэлж байв.

Манай улсын төр, захиргааны бүх албан байгууллага Бага тойрог орчимд төвлөрсөн. Энэ нь замын түгжрэл, хотын төв дэх нягтралын гол шалтгаан болоод байгаа” гэж нийслэлийн удирдлагууд үзээд, хотын захиргааг гэр хороолол руу шилжүүлэх санаачилга гаргасан нь хотын шинэ төв барих ажлын эхлэл байв.

Хотын захиргааг нүүлгэх байршлыг судлах Ажлын хэсгийг 2012 онд байгуулсан. Ажлын хэсэг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, алслагдсан таван газрыг сонгон, хотын захиргааны шинэ цогцолборыг барьж болох, эсэхийг судалсны эцэст Ханын материалыг сонгосон байна. Дулааны эх үүсвэр зэрэг дэд бүтцийн асуудлаас эхлэн, нийслэл хотын ирээдүйн төлөвлөлт зэрэг хэд хэдэн хүчин зүйл уг газрыг сонгоход нөлөөлжээ.