Барилгын салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд 70 гаруй хувиар өсчээ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.02.10

Барилгын салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд 70 гаруй хувиар өсчээ

“Бүтээн байгуулалтын цаг”-аар өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамнаас 2013 оны гол үр дүн, энэ оны зорилтоо танилцууллаа.

Барилгын салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд 70 гаруй хувиар өсч, нийслэлд 20, орон нутагт 7 мянган айлын орон сууц ашиглалтад оржээ. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн 2013.06.17-2014.02.06-ны өдрийг хүртэл 17105 иргэн өндөр хүүтэй зээлээс 8 хувьд шилжиж, шинээр 14685  иргэн зээл авчээ. Дуусаагүй орон сууцны барилгуудын санхүүжилтэд зориулж 97 компанид 430 тэрбум төгрөгийн зээл олгосны нэлээд хэсэг нь энэ жил ашиглалтад орно. Тиймээс 2014 онд орон сууцны нийлүүлэлт нэмэгдэнэ гэж БХБЯ-наас тооцоолж байна.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах 6 дэд хөтөлбөрийн нэг нь барилгын салбарт үргэлжилж байгаа. “Гэхдээ 2014 онд бид бодлогоо барилгын материалын үнэ тогтворжуулахад биш үйлдвэрлэлийг нь дэмжихэд чиглүүлнэ. 2015 он гэхэд Монгол Улс цемент, арматурыг гадаадаас авахаа больж, дотооддоо үйлдвэрлэдэг болно” гэж БХБ-ын сайд Ц.Баярсайхан хэллээ.

Социализмын ид бүтээн байгуулалтын үед нийслэлд томоохон хорооллууд босгосон “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-ийг сэргээсэн, барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжиж өнгөрсөн онд 260 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 2.9 тэрбум төгрөгийн гаалийн, 6.2 тэрбум төгрөгийн НӨАТ-аас чөлөөлсөн зэрэг нь эцсийн дүндээ барилгын үйлдвэрлэлийг улирлын болон импортын хамаарлаас гаргахад чиглэсэн ажлууд юм.

Энэ онд 8 хувийн хүүтэй зээлийн журамд зарим чухал өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. 80 м.кв-аас дээш талбайтай орон сууц болон амины орон сууц худалдан авахад зээлд хамрагдах боломж нээх, орон нутагт барилга орон сууц барихыг хөхиүлэн дэмжих зохицуулалтууд оруулна гэж яамныхан мэдээллээ.

Ирээдүйн бүтээн байгуулалтын дүр зургийг тодорхойлсон ерөнхий төлөвлөлт гаргахад тус яамныхан энэ жилүүдэд ихээхэн анхаарч байна. Бүх аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013-2014 онд бүрэн гаргаж дуусгахаар төлөвлөсний дагуу хэд хэдэн аймгийн төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчилж, тэнд барих 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд гаргажээ. Мөн  “Сумын төвийн шинэчлэл” төслөөр хөдөөд тав тухтай амьдарч болохыг жишиг болгож харуулна. Өнгөрсөн жил хоёр аймагт 3 сум, энэ онд нэмээд үлдсэн аймаг тус бүрийн нэг, нийт 19 сум төслийн хүрээнд иж бүрэн шинэчлэгдэж босно.

Энэ салбарт өнгөрсөн онд эрх зүйн суурь шинэчлэлийг эхлүүлсэн. Барилгын ажилтай холбоотой шат дамжлагыг цөөлж хөнгөн шуурхай болгосноор манай улсын үзүүлэлт 25 байр урагшилсан нь үр дүнг нь илтгэх үзүүлэлт болж байна. Норм стандартаа орчин үеийн шаардлагад нийцүүлэн өөрчилснөөс гадна бодлогын чухал баримт бичгүүд батлагдсан юм.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Хаягжуулалтын тухай хуулийг УИХ-аар, “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг Засгийн газрын тогтоолоор батлуулсан. Энэ онд Барилгын тухай, Газрын тухай, Хотыг дахин хөгжүүлэх тухай, аймгийн төвүүд болон 15000-аас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, Авто зогсоолын тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай гэх мэт чухал хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.