Нийгмийн хамгааллын ажилтнууд байрны түлхүүрээ гардан авлаа
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2014.02.07

Нийгмийн хамгааллын ажилтнууд байрны түлхүүрээ гардан авлаа

ХАХНХЯ-наас салбарын ажилт­нуудынхаа нийгмийн асууд­лыг шийдвэрлэх зорилгоор зо­хион байгуулж байгаа орон сууцжуулах хөтөлбөр Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас амжилттай гараагаа  эхэллээ.

Тус аймгийн нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын амьдрах орон сууцны нээлтийн ажиллагаа хаврын эхэн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт сайн өдөр буюу өнгөрсөн лхагва гарагт Хэнтий аймгийн Чингис хотод ёслол төгөлдөр болж өндөрлөсөн юм.

Нээлтийн ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хэнтий аймгийн За­саг дарга Ж.Оюунбаатар, Нийг­мийн халамж үйлчилгээний ерөн­хий газрын дарга Д.Баяр­сайхан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга Э.Одбаяр  болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Улиран одож буй 2013 онд нийгмийн хамгааллын салбарт орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх ажлын  хүрээнд бид 280 гаруй ажилтан, албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрууллаа. Өнөөдөр /өн­гөрсөн лхагва гараг/ хамгийн эхний орон сууц ашиглалтад орж нийгмийн хамгааллын салбарын ажилтнууд түлхүүрээ гардан авч байна.

Төрөөс төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хариуцаж, ажиллах тогтоомжийн дагуу хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийг өнгөрсөн онд хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн үр дүн ийнхүү богино хугацаанд амжилттай гарч байгаад үнэхээр баяртай байна” гэлээ.

2013 онд орон сууцжуулах хөтөлбөрт 280 хүн хамрагджээ

Хөдөө орон нутгийг орон сууцжуулах гэдэг тийм амар ажил биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Засгийн газрын энэхүү хөтөлбөрийн хүрээнд 10 аймаг, таван дүүргийн нийгмийн хамгааллын салбарын ажилт­нуудыг шинэхэн орон сууцтай болох ажлын гараа ийнхүү амжилттай эхэлсэн юм.

Нэг аймаг, дүүрэг бүрт нийг­мийн хамгааллын салбарын 16-20 хүн орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Өнгөрсөн онд монголын 21 аймаг, есөн дүүрэг бүрт ажилладаг хүүхэд, гэр бүл хөгжил, нийгмийн даатгал, нийгмийн халамж үйлчилгээний гэсэн хэлтсүүдийн тодорхой хэсэг буюу 280 гаруй албан хаагч байртай болох юм билээ. Эхний ээлжинд орон нутаг руу энэхүү хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлэх бодлого барим­талж ажилласны үр дүнд хө­дөө орон нутагт ажилладаг 200 гаруй хүний асуудлыг шийдсэн байна.

Хэнтий аймгийн хувьд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хамгааллын салбарын 18 ажилтан орон сууцтай болж байгаа аж.

Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар “Шинэчлэлийн Засгийн газраас аймаг бүрт “1000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймагт өнгөрсөн жил 240 айлын орон сууц ашиглалтад орсон. Өнгөрсөн оны тавдугаар сард манай аймагт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хүрэлцэн ирж нийгмийн хамгааллын салба­рын ажилтнуудынхаа орон сууц­ны асуудлыг шийдвэрлэ­хээр уг орон сууцны шавийг та­виад явсан.

Улмаар өнөөдөр тэрхүү орон сууцны нээлтийг хийгээд тууз хайчлаад зогсч байна. Тиймээс Хэнтий амгийн Засаг даргын зүгээс болон тус аймгийн Тамгын газрын хамт олны өмнөөс С.Эрдэнэ сайддаа үнэхээр баярлаж байгаа илэрхийлж байна. Учир нь нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын төлөө итгэл, зүтгэл гаргаж, орон нутаг руу анхаарал хандуулан, хөрөнгө оруулалтыг хийж энэхүү орон сууцыг ашиглалтад оруулахад үнэхээр их хувь нэмэр оруулсан” гэлээ.

Үнэхээр ч олон жил улсад үр бүтээлтэй ажилсан ажилтан, албан хаагчид хөнгөлөлттэй үнээр тохилог орон сууцтай болж байгаадаа баярлаж байгаагаа С.Эрдэнэ сайдад уламжилж байсан.

Хэнтий амгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Хэрлэн сумын мэргэжилтэн М.Энхчимэг “ХАХНХЯ-наас салбарынхаа нийгмийн ажилтнуудын нийгмийн асууд­лыг шийдвэрлэх зорилгоор орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Би төрийн албанд 30 гаруй жил ажиллаж, хөдөлмөрлөж байна.

Миний энэхүү хөдөлмөрийг үнэлж, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулаад тохилог сайхан байртай болгож байгаад үнэхээр их баяртай байгаа. Манай байр хоёр өрөө 46 м/вк хэмжээтэй. Тиймээс “Капитал” банктай 20 жилийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийтдээ 59 сая 800 мянган төгрөг төлнө. Бидэнд ХАХНХЯ-наас маш том хөнгөлөлт олгож өгсөн. Тодруулбал, урьдчилгаа мөнгө 30 хувийг төлөхгүйгээр шууд байрандаа орцгоож байгаа” гэлээ.

Нийгмийн хамгааллын салбарын 600 ажилтан байртай болно

Өнгөрсөн онд орон сууц­жуулах хөтөлбөрт хамрагдсан нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчид ийнхүү эхнээсээ байртай болж байгаа бол энэ онд ч олон айлыг тохилог орон сууцтай болгох төлөвлөгөөтэй байгаагаа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нээлтийн үеэр дуулгасан юм.

Тодруулбал, энэ онд үлдсэн 11 аймаг, дөрвөн дүүргийн нийт 300 гаруй ажилтан, албан хаагчийг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Хэрэв уг асуудлыг шийдэж чадвал нийгмийн хамгаалын салбарын нийт 600 гаруй ажилтан орон сууцтай болно гэсэн үг. Энэ мэт жил бүр уг хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Үнэхээр төрийн албан хаагчдын хувьд амьдрах орчин нөхцөл буюу орон сууцны асуудал нэн тэргүүнд тавигддаг. Тиймээс ажилчдын энэхүү эрэлт хэрэгцээ, шаардлагагын дагуу орон сууцжуулах хөтөлбөрийг ийнхүү үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдэг бол нүдээ олсон ажил гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Уг нь Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдыг нийгмийн асуудлыг төр хариуцах үүрэгтэй гэж заасан байдаг.

Гэтэл хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод уг хуулийн хэрэгжилт тэр бүр хангалттай хэрэгжиж чаддаггүй. Харин ХАХНХЯ ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх үүргээ онц биелүүлэн нийгмийн хамгааллын салбарын олон ажилтан, албан хаагч өөрийн гэсэн шинэхэн орон сууцтай санаа зовох зүйлгүйгээр ажиллаж, амьдрах боломж бүрдлээ.