Барилгын салбарын бодлого, төлөвлөлтөд ухаалаг шинэчлэл үгүйлэгдсээр ...
УИХ-ын гишүүн, доктор Ж.Батсуурь
2014.02.10

Барилгын салбарын бодлого, төлөвлөлтөд ухаалаг шинэчлэл үгүйлэгдсээр ...

УИХ-ын гишүүн,  доктор Ж.Батсуурь

 2014.01.28  Эх сурвалж: Монголын үнэн сонин № 018 /22531/

 Нэг. Бодлого, төлөвлөлтийн шинэчлэлийг том хүрээнд, өргөн сүлжээнд харах ёстой.

            Монголын их барилгын салбар гайхамшигт түүхтэй. Түүхийнхээ аль ч үед төрийн ухаалаг бодлого, төлөвлөлтөөр хөгжиж ирсэн уламжлалтай. Тэр уламжлал тасраагүй, тасрах ч ёсгүй.  Их барилгын салбарын бодлого их өвөрмөц, чухамдаа маш олон салбарын бодлогын зангилаа, уялдааны илэрхийлэл байдаг.

            Их барилгад яагаад төрийн бодлого, төлөвлөлт хоёр чухал, бас аль салбарын  бодлоготой  ямар холбоотой байдаг вэ?  гэдэг асуудлын хариулт  бол энэ салбарын бодлого төлөвлөлтийг  олон салбарыг хамарсан өргөн хүрээнд харах шаардлагатайг нотлох болно.

            Нэгд, айлын жижиг амбаараас эхлээд бүхэл бүтэн хот хүртэл ямар ч барилга гагцхүү газар дээр л босно. Газар бол нийтийн өмнөөс төр өмчилдөг онцгой өмч. Тэнд бодлого байхгүй бол улс байхын учир утга алдагдана. Иймээс газрын талаархи бодлого бол барилгын салбарын бодлого төлөвлөлтийн суурь нь мөн.   

            Хоёрт,улсын нийслэлээс эхлээд захын жижиг суурин хүртэл хот байгуулалтын гол үйлдвэрэл нь барилга байдаг. Бодлогогүй, төлөвлөлтгүй явбал юунд хүргэдгийг өнөөгийн Улаанбаатар бидэнд тодорхой харуулж байна. Эндээс хот байгуулалтын бодлогын цөм нь барилгын салбарын бодлого, төлөвлөлт болох нь харагдана.

            Гуравт, бүх барилга эцсийн дүндээ байгалийн баялагаас бүтсэн материал, түүхий эдээр босно. Энэ тухайд бодлого, төлөвлөлт үгүй бол эх орны байгаль сүйрнэ. Тэгэхлээр байгаль орчины талаархи бодлогын амин судал нь барилгын салбарын бодлого, төлөвлөлт  болох нь бас тодорхой. 

            Дөрөвт, хүн байшинд амьдрана,  барилгаас бүтсэн орчиндажиллана.  Хүний ажил, амьдралын анхдагч орчиныг бий болгон бүтээдэг утгаараа барилга бол иргэний аюулгүй, эрүүл орчинд амьдрах, хөдөлмөрлөх гол эрхийг хангах материаллаг нөхцөлийг бүрдүүлэх бодлогын гол ноён нуруу нь барилгын салбарын  бодлого, төлөвлөлт гэдгийг харуулж байна. Төрийн бодлого, хууль, төсөл хөтөлбөрт их барилгын салбарт холбогдох  шийдвэр гаргахад наад зах нь дээр дурьдсан 4 том бодлогын  холбоо, огтлолцолыг зөв хийх нь чухал гэх үүднээс үүнийг хэллээ

            Салбарын бодлого, төлөвлөлтөд ухаалаг шинэчлэл хийхийн тулд УИХ-аас тухайлсан шийдвэр гаргаж, энд хэлээд буй 4 хүрээгээр суурь хийсэн бодлого, эрх зүйн ерөнхий шинжилгээ хийж бий болсон дүр зурагаа бүтнээр нь, байгаагаар нь нэг сайн харж аваад цэгцтэйхэн шинэчлэлийг зоригтойхон  хийх цаг болсон гэж үзэж байна.

 Хоёр. Өвөрмөц байдал, хүндрэлтэй асуудлаа онож оношлох хэрэгтэй  байна.

          Монголын барилгын салбар их өвөрмөц онцлогтой.  Манай барилгын салбарын суурь  онцлог бол  газар зүйн тогтоц, байгаль цаг уурын нөхцөлтэй холбоотой.  Үүнийг дагасан хүндрэл цөөн биш.  Төв Азийн өндөрлөг, дэлхийн усны хагалбарт оршдог, 4 улирал бүхий эрс тэс уур амьсгалтай учраас   барилгын ажил  улирлын нөлөөлөл ихтэй, үндсэн  үйлдвэрлэлийн хугацаа богино байдаг. Ийм учраас аль ч улс оронд барилгын норм, нормотив стандартыг тухайн улс орон, бүс нутгийн  уур амьсгалын геофизиктэй  нягт уялдуулан тогтоосон нарийн дүрмээр зохицуулдаг.

Манайд энэ дүрмийг 1970-аад оны хоёрдугаар хагасаас мөрдөж эхэлсэн байдаг. Өнөөдөр энэ дүрэм шинэчлэгдэн хэрэглэгдэж байх ёстой. Үүнийг орхигдуулбал барилгын бат бөх чанар, насжилт, ашиглалтын найдвартай үйл ажиллагаа алдагдах ноцтой уршиг гардаг. Гадны орны барилга үйлдвэрлэлийн  шинэ, дэвшилттэй технологийг шууд аваад хэрэглэх боломж хязгаарлагдмал, учраас үндэсний инженерийн сэтгэлгээг хөгжүүлж, барилгын үйлдвэрлэлийн үндэсний шинэ технологи,  ноу хау-г өөрсдөө бүтээхийг эрмэлзэх нь  энэ онцлогтоо тохирсон үйлдвэрлэл явуулах,  хүндрэлийг даван туулах бодлогын тэргүүлэх чиглэл болно.

            Энэ салбарын дараагийн нэг онцлог, түүнийг дагаж үүсдэг томоохон хүндрэл бол  барилгын  үйлдвэрлэл бүхэлдээ  импор­тоос их хамааралтай байгаа явдал мөн.  Энэ хамаарал олон  чиглэлтэй байна.  Гол нэрийн барааны үнийг тогт­вор­жуу­лах хөтөлбөрийн хү­рээнд барилгын мате­риалын үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгөөр дэм­жихээр Засгийн газрын бодлого бол зайлшгүй гад­наас авдаг бүтээг­дэхүү­нийг оруулж ирдэг турш­лагатай импортлогчдыг  тодорхой хугацаанд, тодорхой нөхцөл бүрдэх хүртэл  хэрэгжих нэг удаагийн бодлого юм.  Энэ явцад  дотооддоо барил­гын материал үйлдвэр­лэх чадалтай компаниуд бий болж бэхжиж байх учиртай.  Асуудлын энэ тал орхигдвол  барилгын салбараа хэдхэн том импортлогчдын гарт өгөөд салбараа сульдуулах  аюул нүүрлэж болохыг анхаарахгүй байж болохгүй юм. 

            Манай эх оронд  ашигт малтмалын нөөц нь байгаа  элс хайрга, тоосго, цемент,  төмөр металл хийц, /түгээмэл тархацтай ашигт малтмал гэдэг/   зэргийг   гаднаас авах ямарч шаардлага байхгүй.  Энэ асуудлыг үнэ тогтворжуулах хөтөлбөр, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд шийдэж болно. Хамгийн гол нь энд зөв, шударга, нээлттэй зарчим маш чухал.

            Барилгын дотоод засал,  чимэглэлийн  материал, түүний үйлдвэрлэлийг дотооддоо зохион байгуулах боломж их бий.  Энэ бол үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн дизайнарууд  үндэсний онцлогоо тусгасан илүү гадныханд сонирхолтой, монгол хүний хэрэгцээ, үнэлэмжид нийцсэн байдлаар зохион байгуулах боломж, чадавхи нэгэнт бий болсон гэдэгт би эргэлзэхгүй байна. Засал, чимэглэлийн үйлдвэрлэл гаднаас хамааралгүй болсноор барилгын үнэ, чанарт ч эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ.  

            Барилгын машин мехнаизм, ялангуяа том оврын өөрсдөө ойрын үед хийж чадахааргүй техник, тоног төхөөрөмжийг гаднаас авахаас өөр аргагүй. Харин төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийн тухайд орчин үеийн өндөр хүчин чадалтай,  найдвартай ажиллагаатай, тэр нь бүх талаар баталгаажсан барилгын машин механизм, тоног төхөөрөмжийг гадаадаас оруулж  ирэхэд зээл, татварын бодлогоор дэмжих шаардлагатай.

Энэ бол өртөгөө богино хугацаанд нөхөх,  орлого бүтээх боломж сайн байдаг учир бондын хөрөнгийн тодорхой хэсгийг ч ийм зориулалтаар барилгын үйлдвэрлэлд ашиглах боломжтой.  Энд хамгийн гол нь  маш сайн төлөвлөгдсөн, хариуцлага,  үр ашгийг нь сайн  тооцсон төсөл, түүнийг сонгон шалгаруулах шударга, нээлттэй,  хяналттай сонгон шалгаруулалтын тогтолцоо чухал болно.

            Үндэсний мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүч дутагдалтай байдал бол манайд багагүй хүндрэл учруулдаг нэг өвөрмөц онцлог бий.  Үйлдвэрлэлийн хугацаа богино улирлын шинжтэйгээс шалтгаалж ажиллах хүч нь тогтвор суурьшилгүй болчихдог. Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд  “Өнөө жилийн тухайд гадаадаас авдаг ажилч­дын тоо буурсан. Дотоо­дын зах зээлээс арав гаруй мянган хүн ажилд орлоо. Тэгэхдээ хүний нөөцийн асуудал бол бас тогтвортой мөрдөгддөг цогц шинжтэй, ойлгомжтой бодлого, төлөвлөлтөөр цэгцэрдэг зүйл. Ийм цогц бодлогын ерөнхий концепци нь наад зах нь дараахь асуудлыг хамарсан байх шаардлагатай.

 А. МСҮТ-үүдээр дамжуулан бэлтгэж буй мэргэжлийн ажилтан бэлтгэх ажлын чанарыг эрс дээшлүүлэх ёстой.  Үүний тулд МСҮТ-үүд ба барилгын томоохон компаниудыг зөв менежментээр холбож өгөх,  цаашдаа томоохон компаниуд өөрсдөө МСҮТ-тэй болохыг төрөөс дэмжих нь чухал.

 Б. Барилгын  үйлдвэрлэлийг нэг цогц корпораци болгон хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх ажлыг төр зоригтойхон  эхэлмээр   байна.  Барилгын бүхиий л үйлдвэрлэлийг нэг том корпорацийн хэмжээнд нэгдсэн менежментээр удирдаад,  зөв төлөвлөөд явбал ажиллах хүчний дутагдал байхгүй болж, тогтвор суурьшилтай, нарийн мэрэгшсэн ажилчид буй болж хөгжих болно. Харамсалтай нь өнөөдөр барилгын дотоод материалын үнийн өсөлтийг зохицуулж шийдвэрлэх асуудал учир дутагдалтай байна. Харин үнийн энэ галзуурсан өсөлтийг барилгын гүйцэтгэгч компануудад үүрүүлж тэднийг нухчин дарж өсөлт хөгжилтийг нь боймолж байна. Энэ бол төр засгийн шийдвэрлэх хамгийн тулгамдсан асуудал мөн.

 В. Нэгдсэн  корпорацийн зарчимд орж, ажлын  зохион байгуулалт,  үйлдвэрийн менежмент,  хяналтын тогтолцоо оновчтой хийгдээд ирвэл хөдөл­мө­рийн аюулгүй байдал хан­гагдах нөхцөл бүрдэнэ.  Барилгын үйлдвэрлэлд  нэг хоёр хүний хувийн жижиг байшин барьдаг шиг сэтгэлгээ, арга барилаар хандаж таарахгүй.  Зураг төсөл хийх, анхны хүрз шороо авах ажлаас  эхлээд барилга барьж дуусгах, улмаар уг барилгыг хэдэн арван жил ашиглах  бүх хугацааны туршид  түүнтэй  хүний амгалан тайван амьдрал, амь нас, аюулгүй байдал нь холбогдож байдаг учраас хариуцлага тодорхой байх ёстой.

Дотоод гадаадын олон жижиг компанийг барилгын ажлын  янз бүрийн шатанд нь янз бүрийн байдлаар оролцуулаад барьчихсан томоохон барилгад осол, эндэгдэл  гарлаа гэхэд хариуцлага тооцож ярих бололцоо улам бүр бүрхэг болно.  Сүүлийн жилүүдэд барилга барих явцад хүний амь нас эрсдэх тохиолдол гарахад тэрхэн даруйдаа цагдаа, мэргэжлийн хяналтынхан,  сэтгүүлчид  тойрч жаахан шуугиж байгаад л мартчихаж байна. Зүй нь тодорхой эзэнтэй, тэр нь хариуцлагаа шууд хүлээх тийм л нөхцөлд барилгын бүх шатны ажил явж байх ёстой. 

           Барилгын ажлыг тойрсон байнга яригддаг нэг  хүндрэлтэй асуудал бол барилга барих зөвшөөрөл юм.   Барилгын  ажилд зөвшөөрлийн систем зайлшгүй.  Хэнд, ямар зөвшөөрлийг ямар шалгуураар олгож байх нь их ойлгомжтой, тодорхой байдаг бол энд асуудал байхгүй.  

            Би олон барилгачидтай уулздаг, тэдний дунд байдаг хүн.  Барилгачид зөвшөөрөлгүй барилга барих тийм тэнэг хүмүүс биш. Тэд юу хийх ёстойгоо,  хэнээс ямар зөвшөөрөл авах учиртайгаа мэднэ. Харин зөвшөөрөл өгдөг газар нь хөшүүн, тэнд ажилладаг хүмүүс нь мэргэжлийн биш, цааш нааш нь цаас дамжуулагч, дарга, даамлын үг хардаг хүмүүс байдаг, дээр нь барилга бариулж буй томоохон  захиалагчид нь мөнгөөр  бүхнийг шийдээд сурчихсан том улс төрийн ар талынхан байдаг нь  л  барилгачдыг “хадны завсар хавчуулсан халиуны зулзага”  болгож зовоодог юм билээ.  

            Зөвшөөрөл  өгөх шалгуур нь ойлгомжгүй,  олгодог арга механизм нь ихээхэн далдлагдсан авлигын сүлжээ болчихсон учраас  зөвшөөрөл авч өгөхөд асуудал үүсгээд байна. Түүнээс биш зөвшөөрлийн систем бол зохистой хэмжээнд байх ёстой зүйл. Бидний яриад байгаа зөвшөөрөл гээд буй зүйл бол чухамдаа улс орон, ард нийтийн  эрх ашгийн үүднээс барилгын   үйлдвэрлэлийг зохицуулж буй төрийн зохицуулалтын хэлбэр юм. Төрийн бодлого, барилгын салбарын төлөвлөлтийн хүрээнд ухаалаг хэмжээ хязгаарын дотор ойлгомжтой,   тодорхой, шуурхай зохицуулалтын хэлбэрээр зөвшөөрлийн тогтолцоо байхыг туйлшируулан үгүйсгэж болохгүй.         

            Энэ чиглэлээр хийгдэж буй  өөрчлөлтийн зарим эхлэл байгааг үгүйсгэх хэрэггүй. Барилгын  тус­гай зөвшөөрлийг Мэргэж­лийн хяналтын газар олгодог бай­сан бол одоо тухайн  аймаг, нийслэлийн Засаг дарга 30 хоногийн дотор барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгодог бол­лоо.  Энд шат дамжлаг цөөрч буй сайн тал бий.  Бас барилга бариулах гэж буй орон нутаг асуудлаа мэдэж шийдэх боломжтой болсон сайн хэрэг. Харин болгоомжилж анхаарах асуудал бас байна.

Ер нь  мэргэжлийн  болон ажил хэргийн биш шалгуураар боловсон хүчнийг шилж сонгох,  томилох явдал байж болохгүй. Тусгай зөвшөөрөл олгох эрх аймаг, нийслэлийн  Засаг даргад шилжиж буй өнөөгийн нөхцөлд энэ хариуцлагатай ажлыг мэргэжлийн хүнд хариуцуулахгүй улс төржүүлбэл урьдыхаасаа илүү уршиг тарина гэдгийг анхааруулахад илүүдэхгүй байх аа.

            Тусгай зөвшөөр­өл олгоход  зайлшгүй тавигдах шалгуур, ерөнхий нөхцөлүү­д гэж хаана ч бий.  Тийм нөхцөл шалгуур нь маш ойлгомжтой, тодорхой, бас цөөн байх шаардлагатай. Түүнийгээ дагаад тусгай зөвшөөрөл олгоход оролцогсод цомхон бас мэргэжлийн, чадварлаг хүмүүсээс бүрдсэн,  хамгийн гол нь хууль дээдэлдэг, төрийн албаны ёс зүйг чанд сахидаг тийм л  бүрэлдэхүүн байх  нь  чухал. Сүүлийн үед хийгдсэн өөрчлөлтийн үзэл санааг  энэ зарчимын дагуу шилэгдсэн боловсон хүчин хийж, хэрэгжүүлэх учиртай   гэж би ойлгодог. Одоогийн төрийн албанд хийгдэж буй халаа сэлгээнээс харахад энэ зарчим их зөрчигдөж буй  байдал ажиглагдаж байна. Харин бодит байдал дээр ажил төрөл   чухам яаж зохион байгуулагдаж байгааг ажлын үр дүн, амьдралын туршлага тун удахгүй харуулах биз ээ.

 Гурав. Одоогийн шинэчлэлд юу анхаарах ёстой вэ?

            Өнөөдөр барилгын салбар манай орны эдийн засгийн өсөлтийг хангаж буй цөөн салбарын нэг. Энэ жил гэхэд  л барилгын салбарын өсөлт 150 гаруй хувь болоод байна.   Мэдээжээр энд гол хүчин зүйл нь манай барилгачдын хөдөлмөр зүтгэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж буй. Дээр нь төрийн дэмжлэг бас нэмэр болж байгааг үгүйсгэх аргагүй.       

    Одоо хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогын гол агуулга нь: нэгдүгээрт, орон сууцны тухайд өмнө нь тодорхой зорилтот бүлгүүдээр дамжуулан эрэлтийг дэмжих бодлого хэрэгжиж байсныг өөрчилж эрэлт, нийлүүлэлтийг  хамтад  нь дэмжих  бодлого хэрэгжүүлж байна. Өмнөх бодлогын сайн тал нь төрийн албан хаагч, залуучууд,  анх удаа байр авч байгаа иргэд гэх мэт тодорхой зорилтод бүлэгт үр дүнгээ шууд өгч байсан.  Сул тал нь иргэн бүр энэ бодлогод хамрагдаж чадахгүй байсанд оршино. Харин одоогийн шинэ бодлого иргэдийг нийтэд нь хамарсан сайн талтай ч зорилтод бүлгүүдийн боломжийг хязгаарласан, бас орон сууцны үнийг огцом өсгөсөн сул талтай байна.  Эндээс анхаарвал зохих асуудал үүсч байна.

            Тухайлбал, мөнгөний боломжтой, зээлийн урьдчилгаа төлж чадах айл өрх  бол хэдэн ч орон сууц авах боломж бүрдсэн. Амьдрал дээр гадны иргэд монгол хүний нэрээр орон сууц авч өндөр үнээр түрээслэх, боломжтой хүн хэд хэдэн орон сууц авч боломжгүй иргэдэд түрээслэх явдал хавтгайрсан.  Энд хяналт алга.  Бодлогоос хүлээсэн бидний үр дүн энэ биш ээ. Дээр нь орон сууцны үнэ бага орлоготой, орон сууц үнэхээр аминд тулсан хэрэгцээ болсон тийм иргэд 8 хувийн хүүтэй зээлд тэр бүр хамрагдаж чадахгүй байна.

Гэр бүлийн 2 гишүүн  төсвийн байгууллагад ажилладаг сарын дундаж орлого нь 1 сая төгрөг. Тийм айл өрхөд 30 хувийн хуримтлал бий болж чадаагүй байгаа. Тэгээд ийм орлогоор 8 хувийн хүүтэй орон сууцны зээлээ төлөөд хэвийн амьдрах боломж тун хязгаарлагдмал байна. Засгийн газар олон сайхан тоо хэлдэг. Ерөнхий тоо, мөрөөдлийн тооцоогоор  амьдрал хэмжигдэхгүй. Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дунд давхрага, эгэл жирийн айл өрх, иргэд үр дүнг нь хүртэхгүй байгаа бодлогыг ерөнхий, дундаж тоогоор далдлаад хол явахгүй гэдгийг анхаарах шаардлгатай.

 Хоёрдугаарт, барилгын үйлдвэрлэл ерөнхий хандлагаараа зах зээлийн зарчимд шилжиж үйл ажиллагаа нь  зүгшрэх шинжийг олж байсан. Одоо энэ салбарт төрийн шууд оролцоо санхүүжилтээр дамжин  их хүчтэй болох бодлого явж байна. Төр бол хамгийн муу менежер учраас зах зээл рүү дураараа орох нь  осолтой зүйл.   Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг бодлого, зохицуулалт гэхээс илүү, ийм арга хэмжээг тодорхой хугацаанд, тодорхой үр дүнгийн төлөө нэг удаа хэрэглэж болдгийг дээр хэлсэн.  Гэтэл миний хэлээд байгаа “тодорхой”-нууд байхгүй 3 жил гэсэн баримжаагаар  бодлого үргэлжилсээр байна.

            Салбарын яамны мэдээгээр одоо  ба­рилгын материалын эргэлтийн хөрөнгийн зээ­лийг 60 гаруй компанид нийтдээ 140 гаруй тэрбум төгрөг олгочихоод байна. Энд бетон зуурмаг, элс хайрганы карьер, төмөр­лөгийн үйлдвэр, цемент шохой, нийтийн аж ахуйн барилгын компани, дайр­ганы үйлдвэр, арматурын үйлдвэрүүд хамрагджээ.  Ойрын үед  барилгын ажилд шаардлагатай 15 бүтээгдэхүүнийг  до­тооддоо бэлтгэн нийлүү­лэх боломж  бүрджээ. Энэ бол талархууштай эхлэл. Үүнийг зөв зарчмаар цааш үргэлжлүүлэх ёстой. 

            Анхаарах асуудал нь зээлийн бодлогыг тэгш, шударга, нээлттэй хэрэгжүүлэх явдал бөгөөд 140 тэрбум төгргөгийн ихэнхийг нь цөөхөн компани аваад өчүүхэн хэсгийг нь олон жижиг компанид олгосон нэр зүүгээд навчинд нар ургуулан   тоогоор тоглож, толгой эргүүлж болохгүйг л  анхааруулж буй хэрэг.

 Гуравдугаарт,  Орон нутагт бүтээн байгуулалт өрнөж бай­на, бүх аймаг орон сууц барьж байна. Аймаг бол­гонд 1000 орон сууц ба­рих хэсэгчилсэн төлөвлө­гөө гарч  байшин үйлдвэрлэх комбинатыг сэргээх юм байна. Тоо, төлөвлөгөө, уулзалт хэлэлцүүлэгт яригдаж байгаа зүйлүүдийг харахад эерэг сэтгэгдэл хэнд ч төрнө. Энэ сайн хэрэг. Гол нь ярьсан хэлсэн зүйл бодит ажил болж өгөөж нь ард түмэнд эерэг байх нь чухал.

            Чухам энэ үүднээс болгоомжлох  асуудал бас байна. Юуны өмнө орон нутагт барилгын үйлдвэрлэлийн чадавхи  байхгүй гэхэд хэлсдэхгүй. Гэтэл орон нутагт тэр чадавхийг бий болгох ойлгомжтой бодлого өнөөдөр харагдахгүй байна. Барилгыг төвөөс нэг компани очиж барьдаг, санхүүжилт болон бусад хүчин зүйлээс болоод зогсоно. Чанаргүй болно. Нөгөө компани төв рүүгээ алга болно. Ард нь орон нутаг хохирдог гашуун үнэн бүү давтагдаасай. 

Хоёрт,  зээл бол өр. Өртэй хүн төлдөг нь зах зээлийн ч амьдралын ч хууль. Засгийн газар Монгол банктай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр бол бүхэлдээ зээлийн хөтөлбөр. Тэр тусмаа моргежийн зээл бол иргэн бүрийг торлоод авдаг осолтой зээл. Нөгөө “Гөлгөө яалаа” гэдэг шиг саяхан “Америк ах нар яалаа” гэдгийг мартаж  боломгүй. Ийм учраас улс орноо, ард иргэдээ өр зээлийн дарамтанд хэт их оруулчих вий гэдгийг  “өглөө бүр эрх баригчдад сануулж” байхад илүүдэхгүй  гэж бодогдоно. Амьдрал сонгуулийн циклээр хэмжигдэхгүй шүү дээ.