Шинэчлэлийн засгийн газар барилгын салбараар дамжуулан орон нутгийг хөгжүүлнэ
Аймгийн төвд дэд бүтцийн ажлыг хийж дуусгах зорилтыг засгийн газар тавиад байна. Улсын төсөвт гарах зардлыг нь суулгасан бөгөөд нийслэл рүү ирэх нүүдлийг зогсоож чадна хэмээн тооцоолж байгаа юм байна.
Барилгын хөгжлийн төвийн харьяанд барилгын үндэсний ассоциаци төрийн бус байгууллага мэргэжлийн байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотод хэдэн барилга ашиглалтад орох, орон сууцны эрэлт хэрэгцээ ямар байгаа, иргэд ямар орон сууцанд орох хүсэлтэй байгаа болон, хөдөө орон нутгийн иргэдийн судалгааг хийж эхэлжээ.
2013 онд 2232 орон сууц шинээр эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн. 2014 онд 35 мянган орон сууц шинээр ашиглалтад орно хэмээн яамныхан тооцоолж байна. Үүний багагүй хэсэг нь орон нутагт байх ёстой юм.
БХБ-ын сайд Ц.Баярсайхан: Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хэсэгчилсэн төлөвлөлтийг хийхэд шаардлагатай инженерийн дэд бүтцийн ихэнхийг барьсан. 2014 онд 2.7 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлыг хийнэ. Зарим нийгмийн барилгууд баригдаж эхэлсэн. 3760 айл амьдрах хороолол Өвөрхангайн төвд баригдаж байна.
Амины орон сууцаа бариад зээлд хамрагдах гэвэл тухайн орон сууцны хэмжээ 80 метр квадратаас ихгүй байх ёстой.
Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Орхон аймгуудад Азийн хөгжлийн банкны шугамаар дэд бүтцийн ажлыг хийж байна. Дархан, Говьсүмбэр, Даланзадгад, Зуунмод, Ховд, Өлгий хотуудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дууссан. Мөн ерөнхий төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай Сүхбаатар, Дундговь, Говь-Алтай, Хэнтий, Дорнод аймгуудын төлөвлөгөөг 2014 онд хийнэ.
Засгийн газрын ярьж байгаа хувилбараар амины орон сууц барих гэж байгаа иргэдэд зээл өгөөд барилга барьж дууссаны дараа найман хувийн зээлд шилжүүлэх хувилбарыг илүүд үзэж байна. Амины орон сууцаа бариад зээлд хамрагдах гэвэл тухайн орон сууцны хэмжээ 80 метр квадратаас ихгүй байх ёстой.
Шинэчлэлийн засгийн газар барилгын салбараар дамжуулан орон нутгийг хөгжүүлнэ хэмээн үзэж байна. Дэд бүтцийг нь татаж өгөөд амьдрах байраа өөрөө барих санхүүжилтээр туслаад өгвөл хот руу нүүдэллэх цуваа татарна хэмээн тооцоолж байгаа юм.