Нийгмийн хамгааллын салбарын 600 ажилтан байртай болно
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2014.02.17

Нийгмийн хамгааллын салбарын 600 ажилтан байртай болно

ХАХНХЯ-наас салбарын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж байгаа орон сууцжуулах хөтөлбөр Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас амжилттай гараагаа эхэллээ.

   Тус аймгийн нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын амьдрах орон сууцны нээлтийн ажиллагаа хаврын эхэн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт сайн өдөр буюу өнгөрсөн 2014-02-05 ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод ёслол төгөлдөр болж өндөрлөсөн юм.

   Нээлтийн ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Нийг¬мийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, тэргүүн дэд дарга Д.Золжаргал, Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга Э.Одбаяр болон бусад албаны хүмүүс оролцсон.

   Энэ үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Улиран одож буй 2013 онд нийгмийн хамгааллын салбарт орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх ажлын хүрээнд 280 гаруй ажилтан, албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулсан. Өнөөдөр /2014-02-05 / хамгийн эхний орон сууц ашиглалтад орж нийгмийн хамгааллын салбарын ажилтнууд түлхүүрээ гардан авч байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн.

Төрөөс төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хариуцаж, ажиллах тогтоомжийн дагуу хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийг өнгөрсөн онд хэрэгжүүлж эхэлсэн.

   Төрөөс төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хариуцаж, ажиллах тогтоомжийн дагуу хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийг өнгөрсөн онд хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газрын энэхүү хөтөлбөрийн хүрээнд 10 аймаг, таван дүүргийн нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудыг шинэхэн орон сууцтай болгох ажлын гараа ийнхүү Хэнтий аймгаас эхэлж нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын орон сууц сүндэрлэлээ. Тус аймгийн хувьд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хамгааллын салбарын 18 ажилтан орон сууцтай болж түлхүүрээ гардан авсан.

   Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар “Шинэчлэлийн Засгийн газраас аймаг бүрт “1000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймагт өнгөрсөн жил 240 айлын орон сууц ашиглалтад орсон. Өнгөрсөн оны тавдугаар сард манай аймагт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хүрэлцэн ирж нийгмийн хамгааллын салба¬рын ажилтнуудынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр уг орон сууцны шавийг тавиад явсан.

   Улмаар өнөөдөр тэрхүү орон сууцны нээлтийг хийгээд тууз хайчлаад зогсч байна. Тиймээс Хэнтий амгийн Засаг даргын зүгээс болон тус аймгийн Тамгын газрын хамт олны өмнөөс С.Эрдэнэ сайддаа үнэхээр баярлаж байгаа илэрхийлж байна. Учир нь нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын төлөө итгэл, зүтгэл гаргаж, орон нутаг руу анхаарал хандуулан, хөрөнгө оруулалтыг хийж энэхүү орон сууцыг ашиглалтад оруулахад үнэхээр их хувь нэмэр оруулсан” гэсэн юм.

Нийгмийн хамгааллын салбарын 600 ажилтан байртай болно

   Өнгөрсөн онд орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчид ийнхүү эхнээсээ байртай болж байгаа бол энэ онд ч олон айлыг тохилог орон сууцтай болгох төлөвлөгөөтэй байгаагаа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нээлтийн үеэр дуулгасан юм.

   Тодруулбал, энэ онд үлдсэн 11 аймаг, дөрвөн дүүргийн нийт 300 гаруй ажилтан, албан хаагчийг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Хэрэв уг асуудлыг шийдэж чадвал нийгмийн хамгаалын салбарын нийт 600 гаруй ажилтан орон сууцтай болно гэсэн үг. Энэ мэт жил бүр уг хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

   Үнэхээр төрийн албан хаагчдын хувьд амьдрах орчин нөхцөл буюу орон сууцны асуудал нэн тэргүүнд тавигддаг. Тиймээс ажилчдын энэхүү эрэлт хэрэгцээ, шаардлагагын дагуу орон сууцжуулах хөтөлбөрийг ийнхүү үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдэг бол нүдээ олсон ажил гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Уг нь Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдыг нийгмийн асуудлыг төр хариуцах үүрэгтэй гэж заасан байдаг.

   Гэтэл хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод уг хуулийн хэрэгжилт тэр бүр хангалттай хэрэгжиж чаддаггүй. Харин ХАХНХЯ ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх үүргээ онц биелүүлэн нийгмийн хамгааллын салбарын олон ажилтан, албан хаагч өөрийн гэсэн шинэхэн орон сууцтай санаа зовох зүйлгүйгээр ажиллаж, амьдрах боломж бүрдлээ.