Д.Оюунхоролд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.01.09

Д.Оюунхоролд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал болно.

Уг хурлаар өнгөрсөн хугацаанд НАМЭХ-ны хийсэн ажлын тайлан болон холбооны тэргүүний асуудлыг хэлэлцэхээр болж. Үндсэндээ одоогийн удирдлага УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд итгэл хүлээлгэх үү гэдгийг ярилцах юм байна.

НАМЭХ-ны Удирдах зөвлөлд 20 орчим гишүүн байдаг бөгөөд тэдний хүсэлтээр хурал зарлажээ. Сүүлийн үед тус холбооны ажил хангалтгүй явж байгаа болон ээлжит чуулган хуралдах хугацаа нь аль хэдийнэ болсон гэнэ. Мөн дарга Д.Оюунхорол холбооныхоо ажилд санаа тавихгүй байна гэсэн гомдол санал нэлээд гарсан төдийгүй намынхаа шинэ даргад эмэгтэй гишүүдээс нь энэ тухай хүсэлт ихээр ирж.

УИХ-ын сонгуулиар тойргоос нэг, жагсаалтаар нэг л эмэгтэй сонгогдон ажилладаг болон сүүлийн үед унтаа байдалд орсон, эмэгтэйчүүдийн квотын асуудалд анхаарахгүй байгаа гэхчлэн одоогийн даргын талаар шүүмжлэл нэлээн бий.

Тиймээс маргааш 14:00 цагт Тусгаар тогтнолын ордонд НАМЭХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, асуудлыг авч хэлэлцэхээр товлоод байгаа нь энэ. Энэ хурлыг МАН-ын дарга М.Энхболдын дэмжлэгтэйгээр хийх болсон гэх нь ч байна. Сонгогдоод удаагүй намын шинэ дарга нь багаа бүрдүүлэхдээ шинэ залуучуудыг удирдлагад цөөнгүй оруулж ирсэн. Тэгэхдээ тус холбооны бүтэц, удирдлагад ямар нэг байдлаар гар хүрээгүй байсан юм.

Маргаашийн хурлаас олон асуултын хариулт тодорхой болно. Ардын намын эмэгтэйчүүд ойрын үед чуулганы товыг Удирдах зөвлөлөөр гаргуулж, бүтцийн өөрчлөлт хийж чадвал дараагийн асуудал гарч ирнэ. Хэрэв Удирдах зөвлөл чуулганы тов тогтоож чадах юм бол дараагийн тэргүүнд нэр дэвшүүлэх, хэнийг өрсөлдүүлэх, ямар даргатай болох гээд ажил ар араасаа ундарна. МАН-д НАМЭХ-ны дараагийн даргын төлөөх өрсөлдөөн нууцхан эхэлсэн гэх мессэж ч байгаа.

2011 оны зургадугаар сард НАМЭХ-ны ээлжит бус чуулганаар Удирдах зөвлөлөөс Д.Оюунхорол, Г.Идэрмаа, Ц.Цогзолмаа нарыг нэр дэвшүүлсэн. Ц.Цогзолмаа нэрээ татсанаар нууц санал хураалтаас 71 хувийн саналаар Д.Оюунхорол тэргүүнээр сонгогдож байсан билээ. Мөн зургаан дэд ерөнхийлөгч сонгож байсан. Тэгэхээр хурлаас даргыг өөрчлөх шийдвэр гарвал намын Удирдах зөвлөлд оруулж, бүтцийн өөрчлөлт ч давхар орж ирэх нь.