С.Эрдэнэ: Эрх зүйт засаглалаа улам бүр бэхжүүлэн хамгаална
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэндчилгээндээ
“Ардчилсан хувьсгалын хүндэт партизанууд аа
Ардчилсан нийгмийг бүтээн байгуулагчид аа!
Та бүхэндээ Монгол оронд ардчиллын галыг асааж ардчилсан хувьсгалын ялалтыг авч ирсэн тэртээх он жилүүдийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсье .
Энэ хувьсгалд та бүхэн шийдвэрлэх үүрэгтэй байж, гол баатрууд нь байсныг онцлон дурсахад нэн таатай байна.
Бид энэ хувьсгалын дүнд бүрэн эрхт улсаа тунхаглаж, гадаад ертөнцтэй нээлттэй харилцаж,, хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болж нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санааны эрх чөлөөгөө бүрэн утгаар нь олж авсан юм. Энэ эрх чөлөө амар хялбар, хямдхан байгаагүй. Манай партизанууд, эрх баригчдын хүчирхийлэл, дүн өвлийн хүйтэн, хахирган хаврын хавсрагаас айж эмээхгүйгээр цуглаан жагсаал зохион байгуулах, өлсгөлөн, суулт зарлах, шахалт шаардлага үзүүлэх зэрэг олон арга хэлбэрээр цөхрөлтгүй тэмцсний дүнд хүн бүрт тэгш боломж олгож эрх чөлөөт орчинд ажиллаж, амьдрах боломжийг бий болгосон юм.
Монгол оронд та бүхний “Хонхны дуу”-гаар эхлүүлж ард түмний төлөө бий болгосон засаглал олон түмнийхээ итгэлийг авч өөрсдийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь энэ тэмцэл ард иргэдийн хүсэл, зоригтой нийцэж байсны тод илэрхийлэл юм.
Одоо бид, эрх зүйт засаглалаа улам бүр бэхжүүлэн хамгаалж, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх их бүтээн байгуулалтыг өрнүүлж ард иргэдээ эрүүл саруул, боловсрол мэдлэгтэй, амар тайван, элбэг хангалуун амьдрах таатай орчныг бүрдүүлэх их зорилтын өмнө ирээд байна.
Энэ бүтээн байгуулалтад та бүхний мэдлэг, туршлага, ажилч хичээнгүй, тууштай чанар их чухал төдийгүй тэдгээрийг хүүхэд, залуустаа өвлүүлж, тэднийг үлгэрлэж, залж чиглүүлэх нь бид бүхний үүрэг болж байна.
Монгол эх орон, монголчуудынхаа сайн сайхны төлөө залуу халуун нас, бүтээлч хөдөлмөр, боловсрол, мэдлэгээ зориулж ирсэн ахмадууд, азай буурлууддаа эрүүл энх байж, урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе” гэсэн байв.
Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойд зориулсан арга хэмжээ энэ сарын 10-ныг дуустал үргэлжилнэ.