Нийслэлчүүдийн хэрэгцээнд 11,4 мянган тн мах бэлтгэжээ
УИХ-ын Гишүүн, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд Х.Баттулга
2013.10.15

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 11,4 мянган тн мах бэлтгэжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.10.11/ үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Махны нөөц бүрдүүлэх, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонслоо.

Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд УБ, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мян.тн махны нөөц бэлтгэж, 87.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, хуваарийн дагуу 100 хувь буцаан төлүүлсэн хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга мэдээлэлдээ дурдсан.

Улаанбаатар хотод нөөцийн махны менежерээр “Жаст Агро” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Эй Эн Ди Эм”, “Саян-Уул” , “Монгол Мах Экспо” зэрэг 9 компани ажиллаж нийт 9421 тн мах нөөцлөн 424 цэгээр худалдаалсан аж. Дархан хотод “Баатарууд тэнгэр” ХХК 1025.1 тн мах нөөцлөн, 104 цэгээр, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1016.1 тн мах нөөцлөн, 36 цэгээр тус тус худалдан борлуулжээ.

Хэдийгээр нөөцөлсөн мах дээрх гурван хотын хүн амын 1-7 хүртэлх сарын махны хэрэгцээний зөвхөн 24 хувийг хангаж байсан боловч шинэлэг арга барилаар ажиллаж, хяналтыг олон талаас нь тавьсны үр дүнд, махны үнийн өсөлтийн хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 7 дугаар сарын хооронд өмнөх оны мөн үеэс 2 дахин бага байлаа гэж тэрбээр хэлсэн.

Мөн мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин 2013 оны 7 дугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өмнөх 5 жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага байгаа аж. Сайдын энэхүү мэдээллийн дараа гишүүд асуулт асууж хариулт авсан.

Өнгөрсөн жил махны үнэ түүний өмнөх жилийнхээс 2600 төгрөгөөр өсөж байсан бол үүнийг 1000 орчимд тогтоосноор махны өсөлтийг 2.5 дахин багаар барьж чадсан гэж тэрбээр тайлбарласан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар, үхрийн болон хонины мах өнгөрсөн оны мөн үеийнхээс 1000 орчим төгрөгөөр нэмэгджээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж 100-гаад тэрбум төгрөг зарцуулсан атал үнэ яагаад ингэж нэмэгдэв, Ирэх хавар дахиад махны үнэтэй холбоотой асуудал үүснэ. Энэ жил махаа яаж нөөцлөх вэ, хэдэн төгрөг зарцуулах вэ хэмээн лавласан.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын мэдээлснээр, махны үнийн өсөлтийг 1000 төгрөг дээр тогтоон барьж чадсан юм байна. Өнгөрсөн жил махны үнэ түүний өмнөх жилийнхээс 2600 төгрөгөөр өсөж байсан бол үүнийг 1000 орчимд тогтоосноор махны өсөлтийг 2.5 дахин багаар барьж чадсан гэж тэрбээр тайлбарласан.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд компаниудад зээл олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар бүх зээл буцаан төлөгдсөн аж. Энэ жил Дархан Эрдэнэтэд тус бүр 1000, Улаанбаатарт 12.000 тонн мах бэлтгэхээр төлөвлөсөн юм байна. Үнийг ч өнгөрсөн жилийн хэмжээнд барихаар төлөвлөж байна гэж Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, үнийг тогтвортой байлгах, үнийн өсөлтийн хурдыг бууруулах хоёр ялгаатай. Махны үнийг тогтвортой байлгана гэж 87 тэрбум төгрөг зарцуулсан атлаа 15 хувиар үнэ нь өссөн байна. Энэ мөнгийг махны үнийг тогтвортой байлгах гэж гаргасан биз дээ. Ирэх хавар махны үнэ өнөөдрийн түвшинд байж чадах уу гэж лавласан.

Сайд Х.Баттулга, 87 тэрбум төгрөгийг аваад махны үнийг тогтворжуулах гээд зүгээр тараагаад өгчихсөн юм шиг ойлгоод байна. Энэ мөнгийг арилжааны банкаар дамжуулан компаниудад зээл болгон олгоод буцаагаад авсан. Нөөцийн мах бэлтгээгүй бол махны үнэ тэнгэрт хадах байлаа. Цаашид ч махны үнийг барих гэж оролдоно. Хөтөлбөр ч хэрэгжүүлнэ гэж хариуллаа.