Ж.Мөнхбат: Сүүний бизнес дэндүү задгай байна
Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн импортын хуурай сүү болон хүүхдийн сүүн тэжээлийн найрлагаас аюултай бактери илэрч томоохон хэрэглэгч болох ОХУ, БНХАУ тус бүтээгдэхүүнээ зах зээлээс эргүүлэн татаж байна.
Тэгвэл манай улсын импортын хуурай сүүний хэрэглээний 90 хувь нь Шинэ Зеландаас ирдэг болохыг албаныхан мэдэгдсэн. Ялангуяа нийслэлчүүдийн хэрэглэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний 80 хувийг хуурай сүү, 20 хувийг үнээний цэвэр сүү эзэлж байгааг Монголын сүүний нэгдсэн холбооноос мэдэгдэж, эсэргүүцлийн жагсаал хийж байсан билээ.
“Зууны мэдээ” сонин “Эх орны сүү” сэдвийн дор цуврал ярилцлага, нийтлэлүүдийг хүргэхээр ажиллаж эхэллээ. Энэ удаагийн “Ярилцах цаг” булангийн зочноор Монголын залуу фермерүүдийн холбооны тэргүүн Ж.Мөнхбатыг урьсан юм.
-Импортын хуурай сүүнээс аюултай бактери илэрч, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүүхдийн тэжээл үйлдвэрлэж, хэрэглэдэг улс орнууд бүгд сандралдаж байна. Манай улсын хувьд импортын хуурай сүүнээс хараат амьдарч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Тиймээс монгол сүүгээ ууж чаддаг болохын тулд бид яах ёстой талаар ярилцлагаа эхэлье?
-Монгол сүүг айл өрх бүрт хүргэх оновчтой систем байхгүй учраас бид импортын хуурай сүүгээр хэрэгцээгээ хангаж байгаа. Монгол сүүгээ уухын тулд малчдын сүүг авдаг зохицуулалтыг зөв болгох, фермерүүдээ дэмжих зэрэг олон арга бий. Фермерүүд нийслэлээ дагаж хөгждөг. Бусад орны жишиг ч тийм. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны судалгаагаар 2012 онд 1200 фермер байсан.
Тэдний 90 гаруй хувь нь сүүний чиглэлийн үхрийн фермер байгаа. Бусад нь мах, ноолуурын чиглэлийнх. Фермерүүдийн хөгжих хамгийн гол боломж нь хууль эрх зүйн орчин. Төрөөс тэдний статусыг бүрэн тодорхойлж, эрхзүйн зохицуулалтыг нь хийж өгөх л хэрэгтэй байна.
-Фермер гэхээр надад лав нарийн ойлголт алга. Олон үхэртэй малчин айлыг фермер гээд байна уу. Эсвэл малын үүлдэр угсааг сайжруулахад анхаарч ажилладаг нь фермер үү?
Статистик мэдээ
-Хууль, эрхзүйн орчин хэрэгтэй гэдгийн учир энэ. Тэдэнд зориулсан тодорхой хууль хэрэгтэй. Ихэнх фермерүүд икс тайлан гаргаад явж байна, ашиг байхгүй дампуурч байна. Занданшатар сайдын үед фермерүүдэд зориулсан хуулийн төсөл боловсруулаад яаманд өгч байсан.
Тэр хуулийн төсөлд өрхийн, хамтын, компанийн фермерийн аж ахуй ийм байна гээд тодорхойлоод өгчихсөн байсан. Харамсалтай нь хуулийн төслийг өдийг хүртэл сайжруулах, хэлэлцэх асуудал удаашралтай байна. Хамгийн түрүүнд фермерийн аж ахуйн тоог бодитоор гаргах нь чухал.
Таны хэлдгээр хэдэн үхэр модон саравчинд тэжээж байгааг нь хэлээд байна уу, эсвэл үүлдэр угсааны тал дээр анхаарч ажиллаж байгааг нь фермер гэх үү гэдэг нь өнөөдрийн хувьд бүрхэг. Дэлхийн хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улс нь мал аж ахуй, газар тариалан хослуулсан аж ахуйг хөгжүүлэх нь ашигтай гэсэн дүгнэлт гаргаж байсан.
-Манай сүүний фермерүүд ойролцоогоор хэдэн үхэртэй байдаг бол?
-18-50 үхэр гэж ойлгож болно. Ихэнх нь 25 орчим үхэртэй байдаг. Фермерүүдийн хувьд малын тоо толгой маш чухал. Учир нь фермер бол ашгийн төл өө байгууллага. Анхнаасаа зөв төлөвлөхгүй бол 20 үнээний байр барьчихаад дахиад өргөтгөнө гэдэг бөөн зардал шүү дээ.
Тэгэхээр фермер хүн сайн эдийн засагч, менежер, нягтлан бодогч, малын эмч байх ёстой. Ямар үхэр авахаа бас бодно. Нэг фермерт байх малын зохист тоо толгойг тогтоогоод гаргачихсан судалгаа байдаггүй.
“Монгол мал” хөтөлбөр, малын үүлдэр угсааг сайжруулах хөтөлбөр, фермерүүдийг дэмжих хөтөлбөр гээд хөрөнгө зарсан олон ажил өрнөдөг. Гэвч өнөөдрийг хүртэл сүүний нийлүүлэлт сайжрахгүй, бид дотоодын биш импортын сүү ууж байгаа нь эдгээр хөтөлбөр үр дүн муутай байгааг харуулж байна.
-Малчдын гарт нийслэлчүүдийн хүсээд байдаг монгол үнээний сүү, цагаан идээ хангалттай байна. Бас түүхий эд боломжийн үнээр нийлүүлэх хүсэлтэй фермер ч олон байна. Ийм байтал бид сүү ууж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Боловсруулах үйлдвэр фермер, малчдын сүүг нэг бол очиж авна. Тухайн нийлүүлэгч тэр бүр үйлдвэрлэгчид авчирч өгч чадахгүй. Энэ хооронд маш их зардал чирэгдэл гарна. Дээрээс нь сүү гэдэг эмзэг түүхий эд. Эдгээрийг холбох чухал зүйл нь сүү цуглуулах цэг байх ёстой.
Малчид, фермерүүдийн дунд сүү цуглуулах цэг байдаггүй. Саяхан орон нутагт цуглуулах цэг хоёр, гурвыг байгуулсан. Сүүгээ дундаа цуглуулаад тест хийгээд, ариутгаад, эрүүл мэндийн шаардлага хангахуйц нийлүүлэгч, үйлдвэрлэгчдээ аль алинд нь ашигтай. Ингэхээр сүүг дамлан наймаалдаг завсрын ченжүүд ч байхгүй болно. Боловсруулах үйлдвэрийн хувьд айл болгоноос сүүг нь очиж авахад хүндрэлтэй байгаа нь ойлгомжтой.
Тиймээс үнэ хямд үе буюу зундаа их хэмжээгээр шингэн сүү худалдаж авдаг. Түүнийгээ хадгалах арга нь хуурай сүү болгох. Тэгээд үлдсэнийг нь импортын хуурай сүүгээр л зохицуулж байна. Сүүний нийлүүлэлтийг сайжруулах, фермерүүдийг дэмжихийн тулд тэжээл, борлуулалт гээд бүх зүйлсийг нь нарийн бодлогоор зохицуулах хэрэгтэй. Одоо бол ихэнх фермер шаараар үхрээ тэжээж байна. Учир нь хямдхан.
-Манай орны хувьд энэ асуудлаа шийдвэрлэх боломж нь их. Харамсалтай нь чадахгүй байгаагаас импортын сүү ууж байна. Нөгөө сүүнээс нь аюултай бактери илрэнгүүт бид чинь юу хэрэглэж байгаа билээ гэж бодож эхэллээ. Ер нь манай орны хуурай сүүний хэрэглээ ямар байдаг бол?
Сүү боловсруулалт
-Ерөнхийдөө сүүгээр 200-250 нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Мэдээж эдгээрт хуурай сүү орно. Тэр дундаа эрүүл мэндийн шаардлага хангахгүй хуурай сүү их байгаа нь ойрын өдрүүдэд болсон үйл явдлаар нотлогдсон. Тэгэхээр бид эхлээд хүнсний аюулгүй байдлаа хангах нь маш чухал.
Хоёрдугаарт өсвөр үеийнхний сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэх шаардлагатай байна. Харамсалтай нь энэ хэрэгцээг хангах фермерүүд өдөр ирэх тусам багасч байна. Борлуулалт, тэжээлийн асуудал гээд зах зээлийн нийгэмд шалгуураа давж чадах нь ховор болчихож.
Энэ бүхнийг тооцож судалж байгаа судлаач ч ховор байна. Малчдын хувьд өнөөдрийн байдлаар өөрсдийн хэрэгцээнд л сүүгээ ашиглаж байна. Тэднээс цөөхөн хэсэг нь нийслэлчүүдийн сүүний хэрэгцээий багахан хувийг хангаж байна. Өөрөөр хэлбэл юугаар ч орлуулашгүй нандин бүтээгдэхүүн хэдхэн өрхийн хэрэглээгээр дамжиж байна.
Тэгэхээр “Сүү хөтөлбөр”, “Цагаан хувьсгал” ч гэж нэрлэдэг юм уу сүү цуглуулах аяныг эхлүүлэх цаг болсон. Өглөө болгон хүүхэд залуучууд шинэхэн сүү уудаг бол ямар гоё вэ.
-Орон нутгаас ирдэг сүү, сүүн бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр зарагддаггүй нь эрүүл ахуйн асуудалтай холбоотой байх?
-Хөдөө орон нутгаас сүүгээ авчирч зардаг хүмүүс бий. Хэрэв тэдний авчирсан сүүг ариутгаад, эрүүл ахуйн шаардлагыг нь хангаад өгчихвөл дэлгүүрүүд лангуун дээрээ зарна шүү дээ. Тийм юм нь байхгүй учраас тетрапакаар савлачихсан гадны сүү лангуун дээрх сүүний ихэнх хувийг эзэлж байна.
Энэ бол аюулгүй нь батлагдсан монгол сүү шүү гээд баталгаажуулчихвал хэн ч гэсэн авч уухыг бодно. Орон нутгийнхны идэвхийг сайжруулахын тулд сүүг нь авдаг л болох хэрэгтэй.
Маргааш би танайхаас сүү авна шүү гээд ороод ирвэл хэн ч мөнгө олохыг бодно биз дээ. Малчид өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөдөг. Саасан сүүгээ муутгачихгүйн тулд аарц, ааруул, тараг болгоод л өөрсдөө хэрэглэчихэж байна.
-Өөрсдөө үнээнийхээ сүүг хэрэглээд, илүүг нь бүтээгдэхүүн болгон экспортод гаргах боломж бас бий?
-Мэдээж. Миний утсыг Төвдийн лам нар олж аваад таван тонн ээзгий олж өгөөч гэсэн. Би Нарантуулын хамаг ээзгийг түүгээд ганцхан тонныг цуглуулсан. Гэтэл дахиад авмаар байна, та залуу фермерүүдийн холбооны тэргүүн юм бол туслаач гэсэн. Та нар ээзгийгээр яадаг юм гэсэн чинь идье гэж байна.
Судлаад үзтэл сүүнээс уургийг ялгаж авч байгаа монгол арга нь ээзгий юм байна. Хүн уураг өөх тос, нүүрс ус авах ёстой. Бид уургийг голдуу махнаас авч байна. Гэтэл ээзгийнээс авч болохыг гадныхан мэдээд байна шүү дээ. Европод савлачихсан 70-хан грамм уураг ямар үнэтэй билээ дээ. Японууд гүүний хуурай саам ихээр худалдаж авч байна.
Энэ мэтээр хийх боломж их байна. Даанч өөрсдөө хэрэглэж ч чадахгүй байна. Бүгдийг төр засаг руу түлхэж болохгүй л дээ. Бодлогыг нь харин гаргаад өгөх хэрэгтэй. Зах зээлийг нь тодорхойлоод өгөх хэрэгтэй.
-Нийлүүлэгч, боловсруулагчид үнийн хувьд тохиролцож чаддаггүй?
-Боловсруулах үйлдвэрүүд хамгийн бага үнээр сүүг авдаг. Эсвэл бөөнөөр авдаг ченжүүдэд сүүгээ зарж болно. Эсвэл арай илүү үнээр өөрөө мухлагтаа зарж болно. Тэгэхээр хэн ч бага үнээр сүүгээ зарахыг бодохгүй. Сүүний нийлүүлэлт хомс байгаа нь үүнтэй холбоотой. Энэтхэг улс энэ тал дээр маш их туршлагатай.
Цуглуулах, борлуулах менежмент нь их сайн. Тэд сүүг хэмжээгээр биш чанараар нь үнэлдэг. Тослог, уургийн хэмжээнээс шалтгаалаад үнэ нь өөр байна. Манайхан энэ жишгээр явж болно. Одоогоор сүүний бизнес дэндүү задгай байна. Эхний ээлжинд хайрцаглах л хэрэгтэй. Сүүн зам дурайлгасан сайхан бизнес шүү дээ.