![“Төгс ургац” ХХК -30 хэмийн хүйтэнд хүлэмжнээсээ шинэ ургацын өргөст хэмх хураан авч байна](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/07/11f69099492787b984c488e061a47a5d.jpg)
“Төгс ургац” ХХК -30 хэмийн хүйтэнд хүлэмжнээсээ шинэ ургацын өргөст хэмх хураан авч байна
“Төгс ургац” компани Олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий дөрвөн улирлын гидропоник хүлэмж байгуулан -30 хэмийн хүйтэнд шинэхэн өргөст хэмх хураан авч нийслэлчүүдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Өвлийн тэсгим хүйтэнд зуныг санагдуулам тав тухыг тэд бүрдүүлж чадсан байх аж.
Хаалганы цаана -30 хэм давсан хүйтэн жавар хацар хайрч байхад, хаалганы наана футболктой залуус хүлэмжиндээ ажиллаж байгааг харах нэн таатай байсан юм. Ийм л орчин нөхцлийг бүрдүүлсэн “Төгс ургац” компанийн дөрвөн улирлын хүлэмжтэй танилцахаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар хүрэлцэн ирлээ.
Уяруухан өвөл аядуухан үргэлжилж байсан ч хэд хоногийн өмнөөс таван ес жавар тачигнуулан өвөл гэдэг чинь ийм л байдаг гэсэн шиг хүйтний эрч эрс нэмэгдсэн. Уур манан савсуулан хүлэмжийн хаалгаар ороход зуны дэлгэр цагт ирсэн мэт нэн таатай сэтгэгдэл төрүүлнэ.
Салбарын сайд тус компанийн хамт олонд “Хамгийн хүйтэн өдөр зориуд та бүхнийг зорин ирлээ. Хатуу ширүүн уур амьсгалтай монгол оронд дөрвөн улирлын хүлэмж зуны дэлгэр өдөр мэт ургац авч чадаж байна. Энэ бол үнэхээр бахархалтай байна” гэсэн юм.
“Төгс ургац” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрдэнэчимэг Монгол Улсын 3.5 сая иргэнээ дотоодод тарьж, ургуулсан эрүүл, аюулгүй хүнсээр хангах эрхэм зорилгыг тээн хүлэмжийн аж ахуйгаа байгуулахаар зориг шулуудсан хэмээн хэлж байв. 2016 онд хүлэмжээ ашиглалтад оруулан импортын ижил төрлийн чанаргүй ногоог бууруулах, дотоодын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн байх юм.
Тус компани Олон улсын стандартын шаардлага хангасан дөрвөн улирлын гидропоник хүлэмжийг Голланд улсаас оруулж иржээ. Орчин үеийн дэвшилтэт, ухаалаг технологийн бүрэн автоматжсан хүлэмжээс өдөрт хоёр тонн өргөст хэмх хураан авдаг байна. Бүрэн автомат хүлэмжийн онцлог нь орчин үеийн технологийн тусламжтайгаар өргөст хэмхийг ургуулах таатай нөхцөлийг бүрдүүлэн дотор орчны температурыг жигд байлгадаг аж.