Нөөцөө бүрэн ашиглах хэрэгтэй байна
ШУТИС-ын Хүнсний инженер, Био технологийн сургуулийн доктор, профессор Л.Дамдинсүрэн
2013.08.23

Нөөцөө бүрэн ашиглах хэрэгтэй байна

Хүнсний салбарт тулгамдаж буй асуудал сэдвээр ШУТИС-ынХүнсний инженер, Био технологийн сургуулийн доктор, профессор Л.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

- Манай улсын хүнсний салбар өнөөдөр хэр өргөжиж өсч байгаа бэ?

Хүнсийг хэрэглэгчдэд борлуулахын тулд үйлдвэрлэдэг. Хэрэглэгч аюулгүй, эрүүл хүнс хэрэглэх эрхтэй. Тэгэхээр үйлдвэрлэгчид хүнсний хуульд л захирагдах ёстой. Үр ашигтай орлоготой баймаар байвал хууль хэцүү байна гэж зовлон тоочих биш хуульд заасан заалтыг л хэрэгжүүлэх ёстой. Манай салбарын менежмент зохион байгуулалт нь маш муу, бүх зүйл нэг газраа төвлөрөөд байна.

Хөдөө орон нутгаа хөгжүүлээгүй цагт улс эх орон хөгжинө гэж байхгүй. Аймаг болгоны хүнсний хууль, хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг өөрчилмөөр санагдсан. Хэд хэдэн аймгийн төлөвлөгөөг үзэхэд маш өрөвдөлтэй харагдаж байна лээ. Өөрийн нутаг орны онцлогт тохируулан нөөцөө яаж хүн амынхаа эрүүл  хооллолтыг хангах үүднээс ашиглана гэдгийг бодолцон гаргах хэрэгтэй.

Ингээд ашиглаж чадвал орон нутагт ажлын байр бий болно. Гэтэл одоогоор Улаанбаатараас савлагаатай сүү зөөгөөд үнээгээ тугалтай нь тавиад, аймгийн төвийг тойруулж мал нядлаад гэдэс дотор толгой шийрийг нь гадаа хаяад байхаар яаж хөгжих бэ дээ. Хөдөө орон нутагт боорцог, талхаа Улаанбаатараас зөөсөн хэвээрээ, өөрсдөө үйлдвэрлэсэн юм алга.

Төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин зээл олгоод байгаа хэдий  орон нутагт өөрчлөгдсөн зүйл алга. Хууль муудаа биш, хуулиа хэрэгжүүлэх ажил нь хоцрогдоод, сурталчилгаа нь хийгдэхгүй байна. Зах зээлийн хоцрогдолд орчихлоо. Үнэндээ нөөцөө ашиглая, бүтээн байгуулалт өрнүүлье гэсэн сэтгэлгээ их дутагдалтай, хялбар аргаар орлого олох сонирхол нийтэд их байна. Мэдээж сайн ажиллаж байгаа газар байгааг үгүйсгэхгүй.

- Хүнсний аюулгүй байдлын тухай хууль хэр хэрэгжиж байгаа бэ?

Хүнсний аюулгүй байдлын тухай хууль хэцүү, дутагдалтай болсон гэх яриа импорт эрхлэгчдээс гарч байгаа. Хүнсний хуульд импортоор бүтээгдэхүүн оруулж ирэхдээ гэрээтэй, тухайн орондоо экспортлох эрх авсан байх гэх мэт шаардлага бий.

Хөдөө аж ахуйн нөөц ашиглалт их чухал

Хувь хүмүүс болгон цүнх савандаа нууж баталгаагүй хүнс зардгийг больё гээд хуульд заачихсан байгаа. Энэ бол бэрхшээл биш. Хуулиа хэрэгжүүлээд, явц дунд нь засаж залруулаад явах боломжтой. Гэтэл надад таалагдаж байгаа бол сайн, таалагдахгүй бол муу гэсэн хувилбар байж болохгүй.

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бизнесээ өргөжүүлье гэвэл чанар, эрүүл ахуйн асуудлаа хариуцах ёстой. Гэтэл иргэд, үйлдвэрлэгч нар хуулиа мэдэхгүй байна. Хууль сурталчлах дээр маш тааруу байна. Нутаг дэвсгэрийн засаг захиргаа хүнсний хуулийг хэрэгжүүлэх, хүнсний нөөцийг ашиглах, эрүүл ахуй аюулгүй байдлыг хангах шинэ хоол тэжээлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй.

Хууль муу болсон гэж хэн нэгэн дүгнэхгүй харин хэрэгжүүлж байж дүгнэдэг. Хүнсний тухай хуулийг шүүмжлэх биш хэрэгжүүлэхэд л анхаарах хэрэгтэй. Бид 10 гаруй жил хуулийн төсөлд ажилласан шүү дээ.

- Таны бодлоор салбарын хамгийн тулгамдаж байгаа, засч залруулмаар зүйл юу бэ?

Хүнсний салбарт тулгамдаж байгаа асуудал бол нөөц ашиглалт. Өнөөдөр малынхаа 95 хувийг гадаа нядалж байна. Эмээлтийн эргэн тойронд малын гэдэс дотор, толгой шийр овоолттой шувуу нохойны хоол болоод дуусдаг. Уг нь тэр чинь хоол шүү дээ. Төвийн болон хангайн бүсийн 20 гаруй аймаг сумдаар саяхан яваад ирлээ. Бүр тарвагатайн нуруу хүрсэн.

Алслагдсан төвөөс 1000 орчим км цаана гэхэд л сүүгээ борлуулж чадахгүй, зах зээл нь байхгүй, сүүний нөөц ихтэй ч жижиг тугалаа эхтэй нь тавиад явуулж байгаатай зөндөө таарлаа.  Монголчууд хонь, ямаагаа саахаа байчихсан. Төвөөр л гүү барьж байгаагаас уулархаг нутгаар гүү барихаа ч больж энэ бол нөөцөө ашиглахгүй байна гэсэн үг. Нөөцөө ашиглахгүй байгаа орон зайг импортын бараа бүтээгдэхүүн эзэлж байна шүү дээ.

Нөөц ашиглан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байна

Гэхдээ мэдээж бүгд биш. Зүүн хараад нядалгааны газар байгуулан гадаа мал нядлахаа больчихсон. Үүнд заавал төр оролцох хэрэг байхгүй хүмүүс санаачлаад хийж болно. Хүнсний аюулгүй байдал хангамж гэдэг иргэнээс өөрөөс нь хамаардаг шүү дээ. Хүн өөрөө нөөц ашиглаж сурах хэрэгтэй. Гадаа мал нядлахад дор хаяж 18 мянган тонн цус хаядаг. Цус бол төмрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн үүнийг хаяад байгаа хэрнээ иргэд төмрийн дутагдалд орсоор байна.  

- Яаж нөөц ашиглалтаа нэмэгдүүлэх бэ?

Махыг бол нядлаад хөргөгчинд хадгалан холоос тээвэрлэх боломжтой. Сүү цагаан идээг боловсруулаад бүтээгдэхүүн болгон зөөх хэрэгтэй. Сүү цуглуулах цэг гаргаад хөргөөд үйлдвэртээ нийлүүлэх ажлыг “Сүү” компани, “Монфрэш” хоёр үйлдвэр маш сайн хийж байгаа. Энэ жишгээр ажиллах хэрэгтэй. Сүү цагаан идээ нь дэргэдээ байгааг ашиглан аймаг бүр боловсруулах үйлдвэртэй байж болно.

Монголын хамгийн их үхэртэй Архангай аймгийн хувьд төвөө тойроод дүүрэн сүү байгаа хэрнээ дэлгүүрт нь импортын сүү худалдаалагдаж байгаа нь харамсмаар. Төр засгаас хөрөнгө мөнгө, дэд бүтцийн шинэчлэлд нь тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ санаачилга хөдөө аж ахуйн яам, төр засгаас бус орон нутгийн засаг захиргаанаас гарах хэрэгтэй.

Яах гэж аймгийн дарга томилдог билээ дээ. Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын алба нь хоол хүнснийхээ асуудалд анхаарал хандуулахгүй байна. Засгийн газарт бүх хариуцлага үүрүүлээд гэтэл үнэндээ нийслэлийн хийх ажил шүү дээ.