Харахад жижиг бизнес боловч ажиллагаа ихтэй үйлдвэрлэл
Хүнсний салбарт тулгамдаж буй асуудал сэдвийн дор гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тулгамдаж байгаа асуудлыг хөндөн “Жүр Үр” ХХК-ийн удирдлага, хүний нөөцийн захирал Б.Мөнхзултай ярилцлаа.
“Жүр үр” ХХК байгуулагдаад 15 жил болж байгаа. Гурил, гурилан 100 гаруй нэр төрлийн, бялууны 60 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм.
- Хүнсний салбар тэр дундаа гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тулгамдаж байгаа асуудал юу байна бэ?
Сүүлийн жилүүдэд төрөөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, дотоодын үйлдвэрлэлд нилээн анхаарал тавьж байгаа. Хяналтын болон мэргэжлийн байгууллага торгох, хянах гэхээсээ илүүтэй туслах, зөвлөгөө өгөх зэрэг мэргэжлийн үүднээс дэмжин үйлдвэрлэгчдийн чадавхийг дээшлүүлэх тал дээр анхаарч байгаад баяртай байна.
Цаашдаа ч улам сайн сайхан болно гэсэн итгэлтэй байгаа. Мэдээж ажлын явцад асуудал хүндрэл зөндөө л гардаг. Тэр дундаа хууль эрх зүйн орчин, татварын бодлого гээд тулгамдаж байгаа асуудал бишгүй.
-Түүхий эдийн олдоц хэр байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлд гарч байгаа хүндрэл байна уу?
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж ажилласны дүнд компани өсдөг хөгжлийн чиглэл бий. Дотоодын үйлдвэрлэгчдээс аль болох бараа бүтээгдэхүүн түүхий эдээ худалдан авахыг эрмэлздэг боловч манай үйлдвэрлэлийн түвшин, бизнесийн соёл бүрэн төлөвшөөгүй зэрэг асуудлаас шалтгаалаад дотоодоос зарим түүхий эдийг авах боломжгүй байдаг.
Үндэсний үйлдвэрлэлийг чадавхижуулж, сүүлийн үеийн жишиг стандартад нийцсэн үйлдвэрлэл явуулдаг болоход дэмжлэг хэрэгтэй байна. Манай улсад өндөгний үйлдвэрлэл нилээн хөгжиж байгаа ч яг стандартын түвшинд хүрээгүй учир гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах боломжгүй байдаг.
Өндөгний ерөнхий масс, гр барьдаг хэдий ч үйлдвэрлэлийн нарийн агууламж уураг, тослог дутагдалтай. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл нарийн стандарт хэмжээ шаарддаг шүү дээ. Дотоодын түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Монгол хүний эрүүл ахуйд таарсан байдгаараа давуу талтай юм.
Харамсалтай нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зээлийн стандарт төсөлд тухайн үеийн инфляцийн түвшин ханшийн дүнгээс хамаарч 1.5 тэрбум төгрөгөөс дотогш бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гээд заачихсан. Манайх том компани биш хэрнээ жижиг дунд үйлдвэрлэлд багтдаггүй. Энэ мэт завсрын компаниуд зөндөө байгаа учир энэ хуулийг одоо эргэн харах цаг нь болсон гэж боддог.
-Үйлдвэрлэл явуулахад эргэлтийн хөрөнгө их чухал байдаг бүтээгдэхүүнээ өргөжүүлэх компани дэмжихэд зээлийн тусламж авах боломж хэр байна?
Арилжааны банкнаас барьцаа хөрөнгө тавиад зээл авах боломж байгаа ч бага ашигтай манайх шиг компанийн хувьд зээлийн хүү их өндөр төлж чаддаггүй. Хамгийн бага хүүтэй зээл бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл боловч хамрагдаж чадахгүй л байна. Сарын нэг хувиас дээш болоод ирэхэд гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бол боломжгүй.
Тиймээс төслийн бага хүүтэй зээлд хамрагдах боломжийг хайдаг. Бас нэг удаа зээл авсан бол болоо гэх зүйл мэдрэгддэг. Гэтэл өмнөх зэлээ үр ашигтай зарцуулсан бол давуу тал гэж үзэн дахин зээл олгох арга ашиглах нь үр дүнтэй санагддаг. Тэрнээс биш хувь хишиг хүртээж байгаа мэт 2 сая, 5 саяар нь мөнгө өглөө гээд эцсийн үр дүнд хүрэхгүй.
Баярын өдрүүдэд зориулсан гурилан бүтээгдэхүүний үзэсгэлэн
Мөн нэг шүүмжлэлтэй зүйл бол төрөөс дэмжиж байгаа нь гээд хэсэг бүлгээр нь ангилж ялган татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг явдал. Анх гурилыг чөлөөлсөн гэтэл гурилын үнэ хямдарна гэж үйлдвэрлэгч нар хүлээж байсан боловч буугаагүй бүр нэмэгдсэн. Энэ нь гурилаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч нарт дарамт болсон. Хэрэв хөнгөлөлт үзүүлж байгаа бол тодорхой шаардлага тавих хэрэгтэй.
Одоо өндөг, сүү гэх мэт бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлчихсөн хэдий ч үйлдвэрлэлд ашигласан тохиолдолд НӨАТ-ыг үйлдвэрлэгч төлж байгаа нь хүндрэлтэй. Энэ бол шударга бус үйлдэл гэж боддог. Нэг хэсэг нь татвараас чөлөөлөгдөөд нөгөө хэсэг нь татварыг нь үүрээд явдаг баймааргүй байна.
Мөн НӨАТ төлөгч биш байгууллагын татварыг худалдан авагч бид л төлж байна. Би хувьдаа НӨАТ-ын босгыг нэмэх тал дээр санал нийлэхгүй байгаа. Засгийн газраас үйлдвэржилтийг сайжруулна гээд том том төсөл үйлдвэр байгуулах талаар ярьж байсан. Төрөөс шинэ үйлдвэр байгуулна гэхээс илүү аль хэдийн сууриа тавьсан байгууллагуудаа чадавхижуулж, өргөжүүлэх тал дээр анхаарах юм бол илүү үр дүнтэй санагддаг.
Яг үнэндээ гадны томоохон компаниуд орж ирээд үйлдвэрлэл эрхлэхэд бидний жижиг үйлдвэр ганхахаар байна. Тиймээс байгаа үйлдвэрээ тордох хэрэгтэй. Татварын талаар бас нэг бэрхшээл бол нийгмийн даатгал байдаг. Бизнесийн үйл ажиллагаа бүр өөрийн гэсэн онцлогтой. Манай бизнес 300 гаруй ажилтантай. Энэ нь манай бизнесийн онцлогтой холбоотой. Бялууг машинаар хийх боломжгүй. Хүний хүч хөдөлмөр, бүтээл байдаг.
Манай салбарт хүний оролцоо маш чухал үүрэгтэй. Олдог орлого нь бага хэрнээ их татвар төлдөг. Сардаа 20 гаруй сая төгрөгийг нийгмийн даатгалын татварт төлж байна. Ажлын байр нэмэгдэж байгааг бодолцон хөнгөлөлт дэмжлэг байж болдоггүйн болов уу гэж боддог юм.
- Хууль эрх зүйн хувьд хүндрэл байна уу? Өнгөрсөн гурван сараас хүнсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжээд эхэлж байна.
Хуулийг хэрэгжүүлэх нь үүрэг. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол эрүүл мэндийн чиглэлд өндөр хариуцлага хүлээж байгаа гэсэн үг. Гэтэл хуулийн заалт ашиглан хэрэглэгчийн зүгээс асуудал гаргах, үндэслэлгүй мэдээлэл цацах тохиолдол ихэссэн.
Хуульд үйлдвэрлэгчийн хариуцлагыг чангарсныг далимдуулах, ашиг хонжоо хайж нэр төрд халдах зүйл гарч байна. Үйлдвэрлэгч хариуцлага хүлээх нь ойлгомжтой хэдий ч нотлогдоогүй үндэслэлгүй тохиолдолд нэр төрд халдсан гэж мөн хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй.
-Гурил, гурилан бүтээгдэхүүний онцлог юундаа байдаг юм бэ? Үйлдвэрлэлээ өргөжүүлж экспортлох боломж бий юу?
Манай бүтээгдэхүүний хувьд экспортлох боломжгүй. Учир нь богино хугацааны буюу 72 цагаас гурван сарын хугацаанд л хадгалагддаг. Бейкери бол халуун, шинээрээ хэрэглэгчдэд хүрэх ёстой учир химийн бодис, чанаржуулагч ашигладаггүй.
Дэлхийн томоохон брэнд болсон савлагаатай импортын бүтээгдэхүүн их байдаг ч шинэ дотоодын үйлдвэрлэлээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэдгийг хэрэглэгчид мэдэж байгаа.
-Бялуу үргэлж шинээр байх хэрэгтэй. Тэгэхээр буцаалт хэр хийгдэж байна.
Манай бялуу өдөр бүр хийгддэг. Өглөө борлуулалт хийнэ, хугацаа дууссан бол буцаалт хийж устгалд оруулдаг. Эрэлтээ мэдэрч үйлдвэрлэлээ цаг хугацаанд нь явуулах нь хамгийн чухал хариуцлага. Илүү үйлдвэрлэж алдагдал хүлээхгүй, дутуу байж хүлээлт үүсгэхгүй байхад анхаарч ажиллана.
Харахад жижиг бизнес боловч ажиллагаа ихтэй үйлдвэрлэл.
Харахад жижиг бизнес боловч ажиллагаа ихтэй үйлдвэрлэл. Цаг хугацаанд нь түгээлт хийх хэрэгтэй. Түгээлтэд машины хязгаарлалт их асуудал үүсгэсэн. Бүх дэлгүүрүүдэд түгээлт хийдэг байхаар унаагаа тохируулсан болохоор журам мөрдөхийн тулд гурван тээврийн хэрэгсэл худалдан авсан. Өдөрт 2-3 машин дэмий гражид зогсож байна.
-Гурилан бүтээгдэхүүний үнэ өсөхөд жинхэнэ өртгийн үнэ байна уу? Ченжүүдийн гар дамжин өндөр байна уу? Сүлжээ дэлгүүрийн хувь хэмжээ хэр байна.
Үйлдвэрлэгчдэд борлуулагч харилцагч их чухал. Бизнесийн ёс зүйгээ ухамсарладаггүй, зөвхөн нэг талын ашгийг харсан байгууллага ч бий. Манай бүтээгдэхүүн өдөртөө борлогддог байхад бүтэн сарын дараа тооцоог нь хийдэг тохиолдол ч бий. Бүтэн сар манай мөнгийг хүүгүй ашиглаж байна л гэсэн үг шүү дээ.
Ямар нэгэн худалдааны байгууллага өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээдэггүй. Үйлдвэрлэгчдэд л бурууг өгөх асуудал их гарна. Зарим байгууллага илүү өндөр хувь хэмжээ тогтоодог. Үйлдвэрлэгчээс өндөр ашгийг худалдааны байгууллага авдаг хэрнээ эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчид очих хүртэл бүх хариуцлагыг үйлдвэрлэгч үүрдэг.
Бид бүтээгдэхүүнээ өдөрт нь хүргэж өгдөг худалдааны байгууллагад агуулах сав, зөөж тээвэрлэх энэ тэр асуудал үүсэхгүй. Бас буцаалт авдаг эрсдэлээ өөрсдөө үүрдэг байхад өндөр хувь нэмэх шаардлагагүй санагддаг.
Бараа бүтээгдэхүүний үнийг нэмээд байх сонирхол байхгүй. Саяхан долларын ханш чангарсан ч үнэ нэмэхийг яараагүй. Гэтэл цахилгаан, усны үнэ нэмэгдэж бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөх зүйл гарвал үнээ нэмэхээ өөр аргагүй шүү дээ.