Ээлжит бус чуулган нээлээ
УИХ-ын ээлжит бус чуулган 10 цагт 56,6 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Чуулганыг нээн УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Эдийн засгийн хүндрэлтэй бэрхшээлийг даван туулах, тавьсан зорилтоо хэрэгжүүлэх зорилгоор ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буураад байна.
Гадаадын хөрөнгө оруулалт буурахад дэлхийн эдийн засгийн байдал, Оюутолгойн эхний ээлжийн хөрөнгө оруулалт зогссон зэрэг хүчин зүйл мөн өмнөх парламентын баталсан төлөвлөлт муутай хууль шалтгаалсан. Гадаадын хөрөнгө оруулалтын дагаж мөрдөх журмыг оройтуулсан нь гадаадын хөрөнгө оруулалт дайжих шалтгаан болжээ. УИХ 2009 оны долдугаар сард Урт нэртэй хуулийг баталсан.
Хуулийн үзэл санаа зөв ч гэсэн хууль батлахын өмнө үйл ажиллагаагаа явуулж байсан А лицензтэй компаниудыг зохицуулаагүй. Эдгээр компани хууль мөрдөж эхэлсний дараагаар нууцаар алт олборлох зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тиймээс ээлжит бус хуралдаанаар дээрх асуудлыг зохицуулсан хуулийн төслийг өргөн барьсан.
Өргөн барьсан хуулиудыг хэлэлцэн баталснаар бизнесийг орчныг сайжруулан, алтны хөдөлгөөний бүртгэл тооцоог Монголбанкинд хамааруулах, хөрөнгө оруулалтын харьцааг тусгай хуулиар зохицуулах зэрэг таатай орчин бүрдэнэ” гэлээ. Одоо УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.