Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.
2013.09.10

Өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 09-ний өдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн  өвөлжилтийн бэлтгэл, зам засварын ажлын явц болон өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар  холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер Г.Алтангэрэл “Зуны засварын батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн төв магистраль шугамд нийт 9 зогсолт хийж, төв шугамуудыг дүүргэж, залгалаа. Зуны их засварыг 5.0 тэрбум төгрөгт багтаан, 3350.7 м шугамын шинэчлэлийг 23 цэгт хийж, 100% гүйцэтгэсэн. Харин 6Д, 2ГД магистралийн өргөтгөл шинэчлэлийн ажил  96 хувьтай байгаа. 09 сарын 15 гэхэд нийт айл өрхийг дулаанаар бүрэн хангана” гэлээ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захирал С.Төмөрхүү “Урсгал засвар, их засвар, компанийн техник, зохион байгуулалтын ажлын явц төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 хувийн явцтай байна.  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 10-р сард бүрэн дуусгана” гэлээ.

Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Улс, нийслэлийн төсөв, нийслэлийн Замын сан, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар нийт 88 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа.

Эдгээрээс хэрэгжиж дууссан 4 зам, зорчих хэсгээ бүрэн нээсэн 15 зам, 1 гүүр,  ажил нь эхэлсэн  2 гүүр, 3 нүхэн гарц, ажил явагдаж байгаа 17 зам (3 ажил он дамжин хэрэгжинэ), тендер нь 2 удаа зарлагдаад хүчингүй болсон 1 зам, тендерийн явц  удаашралтай байгаа орон сууцны хороолол доторх 18 байршлын зам байна. Нийт ажлын явц 75 хувьтай байгаа” гэж мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга, дүүргүүд болон Хот тохижилтын газар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад хүндрэлтэй ямар асуудал байгаа талаар тодруулсан юм. “Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувь хангагдсан ч Дани улсын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн “Цэвэрлэх байгууламж”-ийн асуудал хүндрэлтэй байгаа” гэж Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар хэллээ.

Хот тохижилтын газар энэ өвөл замын цас цэвэрлэх, хальтиргаа гулгааг арилгахад зориулж, 120 гаруй хүн, 11 техник хэрэгсэл, зургаан портер машин гаргахаар төлөвлөжээ.

Харин СБД-ийн 116, 25-р сургуулийн дулааны шугамын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэхээр харъяа яаманд мэдэгдсэн ч шийдэгдээгүй байна. Тиймээс нийслэлээс энэ асуудалд анхаарал тавих шаардлагатай гэж  дүүргийн Засаг дарга Д.Бадарсан уламжиллаа.

Нийслэлийн Хот тохижилтын газар энэ өвөл замын цас цэвэрлэх, хальтиргаа гулгааг арилгахад зориулж, 120 гаруй хүн, 11 техник хэрэгсэл, зургаан портер машин гаргахаар төлөвлөжээ.  Үндсэндээ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна.

Бар, цэнгээний газрууд удаа дараа хууль зөрчвөл дулаан, цахилгааныг тасална

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал, нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Цагдаагийн газарт 695 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,8 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэргийн гаралтын тоо буурсан ч зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 38,4 хувиар нэмэгджээ.

Нийслэлийн Засаг дарга “Гэмт хэргийн гаралт өссөн шалтгааныг тогтоосон, эсэх, шөнийн цэнгээний газруудад баасан, бямба, ням гарагт 03 цаг хүртэл ажиллах эрх олгосон нь гэмт хэргийн гаралтад нөлөөлсөн, эсэх,  шөнийн цэнгээний газрууд хуулийн дагуу ажиллахад ямар хяналт тавьж байгаа” талаар холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.

00-03 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх журмыг зөрчсөн шөнийн цэнгээний газрыг хаах хүртэл арга хэмжээ авсан ч “Доргио”, “Faсе” зэрэг газрууд хуулийг үл тоон ажиллажээ.

НЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал “Гэмт хэргийн гаралт өссөн нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж үзэж байгаа. Долоо хоногийн гурван гарагт шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг сунгасан нь гэмт хэргийн гаралтад нөлөөлөөгүй” гэлээ.

Харин Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “07 сарын 25, 26-нд шөнийн цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтаар  00-03 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх журмыг зөрчсөн шөнийн цэнгээний газрыг хаах хүртэл арга хэмжээ авсан ч “Доргио”, “Faсе” зэрэг газрууд хуулийг үл тоон ажилласан. Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандаад байна” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, явган хүний болон автомашины замын хальтиргаа гулгааг арилгахад онцгой анхаарч,  хүн хүч, техник, хэрэгслээ сайтар бэлдэх шаардлагатай.

Гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан шөнийн цэнгээний газрууд хууль дүрмээ баримтлан ажиллах, удаа дараа хууль зөрчвөл дулаан, цахилгааны хэрэглээг нь хязгаарлах, гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцөлийг тодорхойлж, багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх"-ийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо.

Мөн нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр болсон 52 байршилд дур  мэдэн хашаа хатгасан, байрласан иргэдийг албадан нүүлгэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.