Малчин түмэндээ туслаач
Шадар сайд Д.Тэрбишдагва 18 аймгийн 91 суманд өвөлжилт хүндэрсэн талаар танилцууллаа. Ялангуяа Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор аймгийн ихэнх сум зудын байдалтай байгаа аж. Энэ өвлийн тухайд цас их орсон. Цаг агаар дулаарч, хүйтрэх зэрэг тогтворгүй байгаагаас үүдэж цас хатуурч мал ундаалах аргагүй болжээ. 20 см-ээс илүү зузаан цастай байгаа учраас малын туурай, хошуу халцарч байгаа. Тиймээс малын эм дөхүүлэхэд бас анхаарч байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэлсэн.
Өнгөрсөн хоёр жил өнтэй өвөлжсөн учраас нөөцийн өвс, тэжээл хангалттай байгаа аж. Улсын нөөцөд байгаа 5.1 мянган тонн өвсийг малчдад буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэжээ. Мөн 11 мянган тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр зарахаар болжээ. Гэхдээ өвс, тэжээлийг малчдын хотонд хүргэхэд багагүй зардал гарна. Мөн отроор явж байгаа жирэмсэн эх, ахмад настнууд өвдөх хандлага их байгаа. Малчдынхаа эрүүл мэндэд анхаарах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс зарим сумын эмнэлэгт УАЗ-469 автомашин хүргүүлжээ.
Онцгой байдлын ерөнхий газрын тухайд бүрэлдэхүүнээрээ бэлэн байдалд ажиллаж байгаа. Орон нутгийн удирдлагуудын хариуцлагыг сайжруулахын тулд видео хурал хийж байгаа аж. Мөн улсын чанартай даваануудыг нээлттэй байлгахын тулд 219 сая төгрөгийн тоног төхөөрөмж түрээслэжээ. Гэвч орон нутгийн даваа, гүвээ хаагдаж байгаа учраас аймгийн Засаг дарга нарт санхүүгийн эрх мэдэл өгч байгааг Шадар сайд тайлбарласан.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд зам, гүвээг хаахгүйн тулд 460 сая төгрөгийн шатахууны асуудлыг Засгийн газар шийдсэнийг мэдээлсэн.
Зуд нүүрлэснээр 32700 мал хорогдоод байгаа таагүй мэдээг Ерөнхийлөгчид дуулгасан юм.
Тэдний мэдээллийг сонссоны дараа Ерөнхийлөгч "Бид мал хэдийд хорогддогийг сайн мэднэ шүү дээ. Бэлчээрт гарах боломжгүй болоод гурав, ихэдлээ гээд долоо хоноод хорогддог. Одоо өвс тэжээлгүй байгаа малын хорогдол улам ихсэнэ. Арай боломжтой нь малаа аваад отор нүүдэл гээд явчихсан байгаа. Ард нь гэрээ сахиад үлдсэн чадал тэнхээ муухан хүмүүс хоол хүнсгүй болох, өвчин зовлон гээд асуудлууд тулгардаг. Монголчууд бид зудтай олон удаа тулгарсан хүмүүс. Тиймээс зудын үед хэрхэн ажиллах талаар байнгын бэлэн төлөвлөгөөтэй болмоор байна.
Хавар гэж хүнд улирал хүлээж байна. Хаврын цас, хавсраганаас гадна нялх ногоо үнэрлэсэн мал мууддаг. Тэгэхээр малын хорогдол зургадугаар сар хүртэл үргэлжилнэ гэсэн үг. Цас зуд хүндрээд ирэхээрээ нэг айлын боломж чадавхиас давдаг. Тэр битгий хэл тухайн сум, аймгийн хүчин чадлаас давдаг шүү дээ. Улс хүртэл сандардаг үе бий. Ийм нөхцөлд бид малчдадаа туслахаас өөр аргагүй. Нөгөөтэйгүүр энэ хүнд үед нь монголчууд бид нэг нэгэндээ туслан сэтгэлийн дэм үзүүлэх хэрэгтэй.
Малчин хүний амьдрал бол монголчуудын маань амьдралын мөн чанарыг хадгалж явдаг суурь хэв маяг юм шүү гэдгийг бодох хэрэгтэй. Тэдэнд туслах төр засаг нь байна, ард иргэд нь байна, нутгийн зөвлөл нь байна, аж ахуйн нэгжүүд байна гэдгийг заавал мэдрүүлж, харуулж байх учиртай.
Та бүхний мэдээллийг сонсоод "Малчин түмэндээ туслаач" гэж иргэддээ уриалмаар байна. Гол нь тусламж малчдын хотонд очиход анхаарах учиртай. Онцгой байдлын газар, Улаан загалмайн нийгэмлэг, Хүнс, хөдөө аж ахуйн яамныхны хувьд малчдад туслах хаяг, утас, данс тодорхой байх хэрэгтэй. Дээр нь тусламжийн бараа сумын төв ороод замхардаг. Тусламж малчны хотонд л очих ёстой. Хамгийн сайн тусламж бол мөнгө. Мөн сайн малчны туршлагыг бусдад харуулж баймаар байна" хэмээсэн юм.
Мөн Ерөнхийлөгч зудны үр дагаврыг арилгахад одооноос анхаарахыг санууллаа. Малын сэг зэмийг устгах, малгүй айлуудыг малжуулах гээд олон ажил байгааг хэллээ.