Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.07.04

Шударга ёсыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэтгэлийн талаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзаж хууль, шүүхийн салбарын шинэтгэлийг цаашид гүнзгийрүүлэх чиглэлээр ярилцлаа. Энэ үеэр Шударга ёсыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэтгэлд гол анхаарал хандуулсан юм. 

1. Орчин үеийн /шинэ төрлийн/ гэмт хэрэгтэй тэмцэнэ

Хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах, цахим гэмт хэрэг, эдийн засаг /цагаан захтнууд/, авлига, албан тушаалын болон соёлын өв, байгаль орчны эсрэг гэмт хэрэг зэрэг улс дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг нь Монгол Улсын хувьд шинэ асуудал, хууль шүүхийн байгууллагуудын хувьд шинэ сорилт болж байна.

Дэлхийн аль ч улс оронд энэ төрлийн гэмт хэрэг нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай гэмт хэрэг байдаг бөгөөд их хэмжээний мөнгө, эрх мэдэл, нарийн зохион байгуулалттай, далд үйлдэгддэг, энэ төрлийн гэмт хэргийг дагасан гэмт хэргүүд нь хэрцгий, хүч хэрэглэсэн байдаг байна. Ихэнх тохиолдолд энэ төрлийн гэмт хэрэг хохирогчгүй мэт харагддаг. Монгол Улсын Эрүүгийн хууль шинэ үеийн нийгмийн харилцаа, зах зээлийн эдийн засаг, орчин үеийн амьдралын хэв маягаасаа хоцорсон байна.  Хувь хүний эрх чөлөөг хамгаалдаг хуультай байхаас гадна, нийтийн эзэмшлийн зам, дэд бүтцэд хохирол учруулдаг үйлдэлд хариуцлага тооцох чадвартай хуультай болох шаардлагатай юм. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар ядарсан иргэнд очих ёстой нийгмийн халамж, үйлчилгээг хууль бусаар хүртэж байгаа этгээдэд хариуцлага хүлээлгэдэг хуультай болох шаардлага үүсээд байна.

2. Хохирол төлүүлнэ, хор уршгийг арилгуулна /Хохирсон нь хохирсноороо үлдэж, хохироосон нь шоронд орж, дундаас нь төр ашиг олдог хуулийн гажиг тогтолцоог хална/

Гэмт хэрэг гэдэг бол хаана ч байдаг зүйл. Өндөр хөгжилтэй, ядуу буурай, хүн ам ихтэй, том газар нутагтай, нэг, эсхүл олон шашинтай, огт шашингүй аль ч нийгэмд гэмт хэрэг гарч байдаг. Тэр гэмт хэргийн улмаас нэг нь хохирч, нөгөө нь хожиж байдаг. Энэ гэмт хэргийг багасгаж бууруулах, урьдчилан сэргийлэх нь төрийн үндсэн үүрэг юм.

Шинээр боловсруулж буй Гэмт хэргийн тухай хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хариуцлагыг нь хөнгөрүүлж харж үздэг хөшүүргийг бүрдүүлнэ. Ингэснээр одоогийн Эрүүгийн хуульд байгаа хүнд, онц гэмт хэрэг үйлдсэн хүн энэ гэмт хэргийнхээ улмаас учруулсан хохирлоо төлсөн байсан ч ялгаагүй ял авдаг учраас нэгэнт ял авахаас хойш гээд хохирогчид учруулсан хохирлоо төлөхгүй нүүр буруулан ялаа аваад явдаг, эцэстээ хохирогч хохирсон чигээрээ үлддэг гажуудлыг арилгана.

Торгуулийн ялын орлого төсөвт орж төрийн тансаглалын эх үүсвэр болдог тогтолцоог өөрчилж, хохирол барагдуулдаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг үйл ажиллагаанд зарцуулдаг болно. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулж олон нийтэд түшиглэсэн цагдаагийн байгууллагатай болно. Хүч хэрэглэсэн, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шууд хохирлыг төр хариуцан урьдчилан барагдуулж гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг тогтолцоонд шилжинэ.

3. Иргэний эрхийг хамгаалдаг хуультай болно /иргэн ажил, амьдарлаа алдан цагдаа, прокурор, шүүхийн үүдэнд чулуу няслан суудаг, хуулийн байгууллага юм л бол барина, хорино, хүч хэрэглэнэ, тагнаж чагнана гэдэг байдлыг халж, хүний эрхийн мэдрэмжтэй хууль сахиулах, хүний эрхийг хамгаалах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай болно/

Хуулийг хуульчдын, хууль сахиулагчдын хувийн эрх ашгийнх нь хэрэгсэл биш иргэний эрх чөлөөний баталгаа болгоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа

Одоогийн манай хуулиудын үзэл баримтлал, улмаар үүндээ суурилаад бүхий л зохицуулалт нь төрийн тогтолцоог хамгаалсан, үүнээсээ уламжлаад төрийн албан хаагчийг дархлаажуулсан хуультай байгаа. Одоо бид шинээр боловсруулах гэмт хэргийн хуульдаа жирийн иргэнийг мөрдөж мөшгөсөн, тагнаж чагнасан, эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлийг хууль бусаар, зохих байгууллагын, тодруулбал, шүүх, прокурорын зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг болгож өөрчилнө. Энэ зарчмаар ер нь төрийн албан тушаалтаныг эрх ашгийг биш иргэний эрх, эрх чөлөөг, хууль ёсны үйл ажиллагааг хамгаалсан хуультай болгоно.

4. Авилгатай хийх тэмцлийг эрчимжүүлнэ

/Авилга өгсөн нь биш авсан нь шийтгүүлдэг тогтолцоог бүрдүүлнэ/

Авилгатай хийх тэмцэл дуусах болоогүй байна. Хэдийгээр авилгатай тэмцэх улс төрийн хүсэл зориг, хариуцсан байгууллага, албан тушаалтны идэвх санаачлага байвч яах аргагүй авилгатай тэмцэх эрх зүйн орчин дутагдаж байгаа юм. Эрх мэдлийг гартаа авч түүгээрээ дамжуулан иргэнд үйлчлэх учиртай төрийн үйлчилгээний тогтолцоог бүхэлд нь өөртөө үйлчлүүлж чадаж байгаа албан тушаалтнуудтай хариуцлага ярихын тулд бид уламжлалт хээл хахууль, албан тушаалаа урвуулах хэргээ яриад, цалингаасаа өөр орлогогүй албан тушаалтан илэрхий хөрөнгөжөөд байхад хууль зүйн нарийн онол ярьж толгой эргүүлээд суугаад байж болохгүй. Дэлхийн улсуудын сайн туршлагыг хүлээн авч мөнгө угаах, хууль бусаар хөрөнгөжих, эрх мэдэл, нөлөөгөө ашиглах гэх мэт авилгын үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо бүрдүүлнэ.

5.Эдийн засгийн шударга өрсөлдөөний орчин бүрдүүлнэ

Өмнө хэлсэн ёсоор манай Эрүүгийн хууль өнөө цагтаа тохирохгүй байна. Тухайлбал, зах зээлд хэн нэгэн монополь тогтоож, үнэ хөөрөгдөж, эсхүл үнэ унагаж бизнесийн салбарын өрсөлдөгчөө өөрийн хүчтэй байгаа, давуу байдлаа ашиглан дампууруулж авчихаад дараа нь ганцаараа, эсхүл бүлгээрээ үлдэж монополь байдлаа ашиглан иргэдэд зохиомлоор өсгөсөн үнэтэй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг шахаж байгаатай бид эрүүгийн хуулиар хариуцлага тооцохгүй байна. Тиймээс Гэмт хэргийн тухай хуулиар шударга бус өрсөлдөөн, монопольчлолын хууль бус үйлдэлд хариуцлага тооцдог болно. Нөгөөтэйгүүр бид хувийн хэвшлийн салбарын хэвийн үйл ажиллагааг хамгаалж албан тушаалтны нөлөөлөл, дарамтаас, хувийн хэвшлийн амжилтын гол түлхүүр болсон бизнесийн нууцад халдах аливаа халдлагаас гэмт хэргийн хуулиар хамгаалдаг эрх зүйн орчин бүрдүүлнэ.

6. Хууль зөрчсөн хүүхэдтэй ажиллах, хүүхдийг хууль зөрчигчдөөс хамгаалах тогтолцоо бүрдүүлнэ.

Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа

Хүүхдийг шоронд хорьдог биш сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад боловсрол олгодог, мэргэжил эзэмшүүлдэг, нийгэмшүүлдэг болно.

Өнөөгийн манай Эрүүгийн хууль тогтоомж алдаа гаргасан хүүхдэд дэндүү хорон бөгөөд харгис хандаж байна. Ингэж хэлэх учир юу вэ гэвэл эхний удаад алдсан хүүхдийг хорих ял өгөөд тэнсэх, эсхүл хойшлуулаад тэр хүүхэдтэй огт ажиллахгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болохгүйг нь ойлгуулалгүй орхидог. Тэгээд болдог юм байна, яадаг ч үгүй юм байна гэж ойлгосон хүүхэд дахин гэмт хэрэг үйлдэхээр нь ял өгдөг. Гэхдээ давтан үйлдсэн учраас гээд өмнө үйлдсэн хэргийг нь сөхөж түүн дээр нь нэмж ял өгч олон жилээр шоронд явуулдаг тогтолцоо үйлчилж байна.

Хүүхэд гэмт хэрэг үйлдэхийн шалтгаан нь түүний хүүхэд нас нь өөрөө байдаг, хүүхэд учраас алддаг, бидний хэн ч хүүхэд насандаа алдаж л байсан. Болохгүй гэдгийг ойлгоогүй учраас хүүхэд болохгүй зүйлийг хийдэг. Тийм учраас хууль зөрчсөн хүүхэдтэй ажиллах хуулийн тогтолцоо болох болохгүйн учрыг ухаарчихсан насанд хүрсэн хүнтэй хариуцлага ярихаас өөр байх учиртай. Алдсан хүүхэдтэй ажиллаж, ойлгуулж, хүмүүжүүлж, муу нөлөөтэй хүмүүсээс нь холдуулж засаж хүмүүжүүлдэг орчинг бид бүрдүүлэх ёстой. Ингэхийн тулд Эрүүгийн хуулийн одоогийн үзэл баримтлалд өөрчлөлт оруулж хууль зөрчсөн хүүхдэд эрс зөөлөн ханддаг, хорих ял өгөөд хойшлуулж, тэнсэж харж үзээд орхидог биш хүмүүжүүлж хяналт тавиад тун болохгүй бол нийгмээс тусгаарладаг хүүхдийн хариуцлагын тогтолцоотой болох шаардлагатай байна.

Гэр бүлийн хүчирхийллээс хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудыг хамгаалах чиглэлээр тусдаа бодлого гаргана.

7. Нийгмийг шоронжуулсан ялын бодлогыг өөрчилнө

Одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хууль батлагдаад 11 жилийн нүүр үзэхдээ  ерөнхий Өршөөлийн хууль хоёр (2006, 2009), татварын Өршөөлийн хууль нэг(2008)-ийг  баталж тухай бүр нь 2500-3000 гаруй хүнийг өршөөн суллаж мөн төдий тооны хүний ялаас өршөөн хасч удахгүй суллагдах нөхцөлийг бүрдүүлж байсан байх юм.

Үүний зэрэгцээ 2004, 2008 онд Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдээр мөн л тус бүртээ 1000 гаруй хүнийг хуулийн тэгшитгэлээр суллажээ. Социализмын үед 20 жилдээ нэг гардаг байсан Өршөөлийн хууль өнгөрсөн 10 жилд хоёр удаа гараад байхад гэмт хэрэг буурахгүй, давтан гэмт хэрэг өссөн байна. Одоо Улсын Их Хурлын зарим гишүүд Өршөөлийн хууль гаргах хэрэгтэй талаар яриад эхэллээ. Өнгөрсөн жилүүд бидэнд гэмт хэрэгтэй тэмцэж бидний арга, ялын бодлогоо эргэж харахийг шаардаж байгаа юм. Хэрэг төвөгт орсон, алдаж эндсэн хүмүүсийг нэгэнт шоронд суулгачихаар эргүүлж засаж залруулж авахад төвөгтэй болж байна.

Иймд бид олон жилээр хорих бодлогоо эргэж харах, хорихоос өөр төрлийн гэрийн хорио, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг хүнээ нийгэм, гэр бүл, ажил төрлөөс нь хөндийрүүлдэггүй, шоронд дасал болгодоггүй ялын тогтолцоотой болох шаардлагатай байгаа юм.

8. Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага

Өнөөгийн бидний амьдарч буй нийгэм бол чөлөөт, зах зээлийн эдийн засагтай нийгэм. Энэ нийгэмд хүмүүс хөрөнгө, ухаан, хүчээ нэгтгэн баялаг бүтээдэг. Тийм ч учраас хамтын зарчим, компани гэдэг бол бидний өнөөгийн нийгмийн чухал үнэт зүйл. Бас яг энэ хамтын зарчмаар хүмүүс гэмт хэргийг ч хийдэг. Бид одоо энэхүү нийгмийн гол баялгийг бүтээдэг компаниудаа хариуцлагатай болгож хамтын зарчмаар гаргасан шийдвэрийнх нь төлөө хариуцлага хүлээлгэдэг хуультай болохгүй бол хариуцлагагүй компаниудын хууль бус үйл ажиллагаанд олон зуун иргэний эрх ашиг, байгаль орчин, нийтийн эрх ашиг хохирч дуусч байна.

Бидний нүдэн дээр хэн буруутай нь мэдэхгүй болоод өнгөрсөн хадгаламж зээлийн хоршооны хэргүүд, уул уурхайн олборлолтын дараа нөхөн сэргээгдээгүй байгаль орчин, хүүхдийн тоглоомын талбай дээр хууль бусаар баригдсан барилгууд, олон барилгын, үйлдвэрийн ослууд нь үнэндээ хамтаараа шийдсэн учраас хэн нь буруутайг тогтоож болдоггүй, компанид нь хариуцлага тооцдогүй учраас хариуцлагагүй компаниудын буруутай үйл ажиллагаа юм. Одоо бид Гэмт хэргийн тухай хуулиараа энэ байдлын халж тэр компаниудын ашиг орлого, хэвийн үйл ажиллагаа, оршин тогтнох эсэхэд нь хүртэл нөлөөлөх хариуцлагын тогтолцоо бүрдүүлж компаниудыг өөрсдөө дотооддоо хяналттай, шийдвэр гаргахдаа хариуцлагатай, араа мэддэг болгож авах шаардлагатай.

Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа

1. Өнөөдөр манай иргэд хуулийн байгууллагатай уулзахаасаа зүршээж, төвөгшөөдөг. /Хуулийн байгууллага иргэний дайсан уу, эрх чөлөөнийх нь манаач уу/

Гэмт хэрэгт сэрдэгдэж шалгагдаж байгаа хүний хувьд ойлгомжтой гэж болох ч хохирогч нь хүртэл төвөгшөөдөг цагдаа, хуулийн байгууллагын ажлын арга барилыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Урьд адгийн зарга 10 гэдэг байсан бол одоо наад захын хэрэг цагдаа дээр дор хаяж гуч хоног шалгагдаж шүүхэд очоод гурван сар үргэлжилж байна. Хяслантай нь энэ бүх хугацаанд хэргээ шалгуулж байгаа хүн цагдаа, прокурор, шүүхийн үүдэнд яс сууж чулуу няслаж, эсхүл мөрдөнд хоригдон хүлээж байна.

Энэ байдлыг Хууль сахиулах хуулиар мөрдөгч аливаа хэргийг мөрдөж шалгахдаа хэрэгт сэрдэж байгаа хүнийг юуны өмнө сэжигтнээр тооцож зарлан дуудах эрх үүсдэггүй, барьж хорих боломж бүрддэггүй хэрэгт сэрдэж буй хүнд халдахгүйгээр нотлох баримтаа цуглуулчихаад буруутгаж шалгах хангалттай баримттай болсны дараа прокурор, шүүхэд хандаж хэрэг үүсгэн эрхэнд нь халддаг болгож өөрчилнө.

Мэдээж ингэж өөрчлөхийн тулд бичгийн машин, үзэг цааснаас өөр зэвсэггүй мөрдөгчөө хэрэг мөрдөх илрүүлэхэд шаардлагатай техник, технологитой, шаардлагатай баримт сэлтийг холбогдох газраас нь чөлөөтэй авах эрх мэдэлтэй болгож хуульчилна.

2. Хуулийн байгууллагад шалгуулна гэдэг эрүүдэн шүүлгэнэ гэсэн үг үү, шударгаар асуудлаа шийдүүлж, үнэнийг олно гэсэн үг үү.

Иргэний "нэр төр" гэдэг төрийн өмнө хүлээдэг үүрэг, хариуцлага биш. Харин эрх чөлөөт хүн өөрийнхөө төлөө хүлээдэг үүрэг, хариуцлага нөгөө талаас төрөөс тэр дундаа төрийн хүчирхийллээс ангид байх эрх чөлөөнийх нь хуяг дуулга байх ёстой. Тиймээс иргэний нэр төрд халддаггүй хууль сахиулах үйл ажиллагаатай болох гэдэг бол ардчилсан төрийн гол зорилго.

Өнөөдөр манайд хэрэгт шалгагдаж буй хүнийг яасныг бүү мэд шууд барьж хорьчихоод юунд сэрдэж хорив, яагаад хорьж мөрдөх болов гээд өмгөөлөгч, ар гэр нь асуухаар "тэр мөрдөн байцаалтын нууц" гэж амыг нь хаадаг. Гэтэл бид ямар хэрэгт сэрдэгдэж байгаагаа мэдэх эрхтэйг Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Гэмт хэргийг мөрдөж илрүүлэхийн тулд нууцлах шаардлага бий, гэхдээ үүнийг тэр хүний хэргийг шийдвэрлэхийн тулд яллаж буруутгадаг ажилтай хольж хутгаснаас болж хүний эрхийг дордуулж байгаа энэ байдлыг халахын тулд бид гэмт хэргийг мөрдөж илрүүлж нотолдог хууль сахиулагчийн ажил, гэмт хэрэг үйлдсэн болохыг нь хянаж, шалгаж, нотолдог хуульчийн ажлыг зааглан салгаж хуульчлах шаардлагатай. Үүний тулд мөрдөн шалгах болон хууль сахиулагчийн бусад ажлыг журамласан Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, үйлдсэн хэргийг нь ил тод, шударгаар шийдвэрлэх Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль гэсэн 2 хуулийг батлах шаардлагатай.

3. Иргэд шүүгчид загнуулж, шүүхээс айх биш, шүүгчид итгэж, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Шүүх гэм буруутайг нь нотлоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэх зарчимд үнэнч тууштай ажилладаг хуульчидтай байх нь “Хуулийн засаглал” тогтоох гол үндэс байна.

Иргэний хувийн мэдээллийг нууцалсан шиг нууцлаад мөрдөн шалгах хуулиа тусад нь гаргаад ажлаа хуулиар нь явуулж чадвал дараа нь эрхэнд нь халдаж барьж хорьсон хүндээ нууж хаалгүй Үндсэн хуулиар олгосон эрхийг нь эдлүүлж ямар хэрэгт яллаж буруутгаж байгаагаа тодорхой мэдэгдэж эрхэд нь халдаж хэргийг нь хянаж шалгах аливаа шийдвэрээ шалгуулж байгаа хүнээ өөрийг нь оролцуулан ил тод шүүх хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг хуультай болгох шаардлагатай. Ингэж байж бид иргэд маань шүүх миний хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэдэгт итгэх боломжтой болно.

Цэрэг, зэвсэгт хүчнээр дэг журам сахиулж, иргэнээ хянадаг тогтолцооноос мэргэшсэн боловсролтой хууль сахиулагчаар хууль сахиулж, иргэндээ үйлчилдэг тогтолцоонд шилжүүлнэ.

4. Өнөөдөр хуулийн байгууллагаар шалгуулсан хүмүүс тэр гэдэг мөрдөн байцаагч миний хэргийг ингээд буруу шалгачихлаа, энэ прокурор миний хүсэлтийг хангасангүй, энэ шүүгч миний хэрэгт нэг талыг бариад шийдвэр гаргалаа гэсэн гомдолтой хоцорч байна. Харин хуульчид хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж өөрийгөө зөвтгөөд суудаг. Хэргийн учир манайд хүний болон хэргийн хувь заяаг шийдвэрлэх аливаа шийдвэрийг ямагт нэг албан тушаалтан өрөөндөө сууж байгаад гаргадагт байна. Бас дээрээс нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг хэзээ ч тайлбарладаггүйгээс болоод хэргээ шийдүүлсэн иргэн тэр шийдвэр ямар үндэслэлээр гарав гэдгийг мэдэхгүй хоцордог, нэгэнт яаж гарсныг мэдэхгүй тул шударга шийдвэр гэдэгт итгэлгүй байдаг.

Энэ байдлыг халж хэн нэгэн хуулийн эрх мэдэлтэн мөрдөн байцаагч, прокурор, шүүгч дангаараа шийдвэр гаргадаг бус харин өмгөөлөгч, прокурор, шүүгч нар тал талаас нь шүүн хэлэлцэн хуралдаж хэргээ шийдвэрлүүлж байгаа хүний өмнө шийдвэрээ гаргадаг, өөрөөр хэлбэл, хэн нэгэн албан тушаалтан эрх мэдэлтэй биш харин хэргийг шүүх шударга процессоор шийдвэр гардаг шүүх эрх мэдлийг Гэмт хэргийн тухай хуулиар тогтооно.

Энэ хууль батлагдвал гэмт хэргийг шалгаж тогтоохын тулд хүний эрхэд халдаж хязгаарласан аливаа шийдвэр, тухайлбал, баривчлах, хорих, эд хөрөнгийг нь хурааж авах, битүүмжлэх, орон гэрийг нь нэгжих зэрэг бүхий л ажиллагааг явуулахдаа шүүхээс зөвшөөрөл авдаг ингэхийн тулд шүүх өөрөө шууд шийдэх биш харин прокурор, өмгөөлөгчийг оролцуулан тал талын үндэслэлийг сонсоод хуралдаж шийдвэрлэдэг болж өөрчлөгдөнө. Яг үүнтэй холбоотойгоор гарцаагүй шүүхээс гаргах эцсийн шийдвэрийг хүртэл ил тод, иргэний хяналттай байлгахын тулд "Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан байгаа.

5. Өнөөдөр манайд гурван шатны шүүхээр хэргээ шийдүүлэх гэсэн ойлголт хэвшмэл болжээ. Хэргээ шийдвэрлүүлж буй хүний асар их цаг хугацаа, хөрөнгө, хүчийг барсан энэ хүнд сурталт тогтолцоог хална. Үүний тулд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч хэргийг хэрхэн шийдвэрлэсэн, өөрийг нь чухам ямар үндэслэлээр хэрхэн буруутгаж байгааг хэлэлцэх ажиллагаанд тухай бүрд нь биечлэн оролцсон, эцсийн дүндээ намайг цагаатгах ийм зүйлийг шалгасангүй, намайг зөвтгөх энэ асуудлыг хэлэлцсэнгүй гэх гомдол, эргэлзээ үлдээхгүй бүхнийг эцэслэсэн шүүх хуралдаан нэг удаа хийдэг болгож өөрчилнө.

Гурван шатны шүүхээр явж зардал чирэгдэл болдог биш анхан шатны шүүхэд асуудлаа тал бүрээс нь бүрэн дүүрэн шударгаар шийдвэрлэдэг тогтолцоог бүрдүүлнэ. Шүүх алдаа гаргадаггүй шударга ёсны тогтолцоо болох ёстой.

Хүний эрхийг хэн нэг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гэх хүн хувийн сэдлээрээ хязгаарлаж, халддаг биш хуулиар процессийн явцад иргэний оролцоотой шийдвэр гардаг тогтолцоонд шилжинэ

6. Иргэдтэй хамгийн түрүүнд уулздаг цагдаа, бусад хууль сахиулах ажилтнуудын эрх чөлөөнд нь халдсан, албадлага хүчирхийлэл хэрэглэсэн үйлдэл, ширүүн догшин авир, түрэмгий хандлагад иргэд ихээр гомддог. Хууль сахиулагчийн энэ бүх үйлдэл өөрөө ямар байх ёстой талаар хуулиар нарийвчлан зохицуулаагүйд байгаа юм. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүрэгтэйгээ ойлгосон цагдаагийн албан хаагчид гудамжинд иргэнийг саатуулаад хэрхэн харьцахаас аваад гэмт этгээдийн эсрэг галт зэвсэг хэрэглэх хүртэлх бүхий л үйл ажиллагааг нарийвчлан хуульчлах шаардлагатай байна.

Цэрэг, зэвсэгт хүчнээр дэг журам сахиулж, иргэнээ хянадаг тогтолцооноос мэргэшсэн боловсролтой хууль сахиулагчаар хууль сахиулж, иргэндээ үйлчилдэг тогтолцоонд шилжүүлнэ. Хууль сахиулагчдынхаа эрх зүйн байдал, эдийн засаг, нийгэм, баталгааг шинэ түвшинд гаргана.