Б.Гарамгайбаатар: УИХ эрхээ бусдад алдчихаад байна
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.08.27

Б.Гарамгайбаатар: УИХ эрхээ бусдад алдчихаад байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг “Ярилцах танхим” булангийн энэ удаагийн дугаарт урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Чингис бондын хөрөн­гөөс сан­хүүжүүлсэн төслүүдийн үр ашиг болон зориулалтад Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Чингис бондын хөрөн­гийн хуваарилалтыг Бодлогын зөвлөл хийж байгаа. Энэ зөвлөлийг Засгийн газ­рын тэргүүн толгойлж, УИХ-аас Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо оролцон ажилладаг. Мөн холбогдох яам болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг албан тушаалтнууд энэ зөвлөлд багтаж байгаа.

Бондын мөнгө төслүүдэд хуваарилагдаад дууссан. Хөрөнгө оруулсан төслүүдийн явц ямар байна вэ гэдэг нь өөр асуудал шүү дээ. Чингис бондын хөрөнгийг цагаа олж босгосон гэдэгтэй маргах зүйл байхгүй. Хамгийн гол нь энэ хөрөнгийг богино хугацаанд үр дүнтэй зарцуулж чадаж байна уу гэдэг нь асуудал болж байгаа юм.

Бондын хөрөнгийг ашиглах гэж байгаа салбарын яамдууд энэ мөнгийг ямар салбарт оруулах вэ гэдэг шаардлага хангасан төслөө оруулж ирэхгүй удааж байна. Бонд буюу зээлийг зүгээр өгнө гэж байхгүй. Зээл авахын тулд тодорхой нөхцөл, шаардлага хангасан байх ёстой. Яамдууд энэ шаардлагыг биелүүлнэ гэж мөнгө авсан хэрнээ шаардлага хангасан төслөө өнөөдрийг хүртэл гаргаж чадахгүй байна.

-Бондын хөрөнгөөс зарцуулаагүй үлдсэн мөнгө бий юу?

-Одоогийн байдлаар хэдэн төгрөг үлдсэн гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бондоос үлдсэн хөрөнгийг хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам руу шилжүүлсэн.

-Зарим хүн зам барих, онгоц авахад энэ мөнгийг зарцуулахын оронд эргээд орлого оруулж чадах төслүүдэд дахин хуваарилах хэрэгтэй гэсэн санал гаргаад байгаа. Бондын хөрөнгийг нэгэнт хуваарилаад дуусчихсан учраас дахин хуваарилах боломжгүй юу?

-Ер нь бондын хөрөнгийн дийлэнх хэсгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих салбарт л хуваарилсан.Цементийн үйлд­вэр, бутлуурын үйлдвэр гэх мэт олон төсөлд энэ хөрөнгөөс хуваарилсан. Авто зам, төмөр зам, онгоц худалдаж авах зэрэгт мөнгө оруулсан нь буруу зүйл биш.

Ер нь төсөл хэрэгжүүлэгчдэд шаардлагатай байгаа мөнгийг 100 хувь бондын хөрөнгөөс гаргаагүй. 30 орчим хувийг нь л энэ хөрөнгөөс гаргаж байгаа. Үлдсэн хөрөнгийг тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдөө босгох үүрэгтэй.

-Монголбанкнаас шийдвэртэй арга хэмжээ авч, олон хөтөлбөр хэрэгжүүлээгүй, мөнгөний нийлүүлэлт хийгээгүй байсан бол манай улсын эдийн засгийн нөхцөл байдал одоогийнхоос ч дор түвшинд байх байсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг энэ жил анх удаа мөрдөж байгаа. Энэ оны хувьд долоон их наяд орчим төгрөгийн төсөв баталсан. Гэтэл 2013 оны төсөв төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй болж нэг их наяд орчим төгрөг дутах төлөвтэй байгааг эдийн засагчид хэлж байна.

Засгийн газар Монголбанктай хамтарч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд эдийн засаг тогтвортой байна.

Хэрэв Монголбанкнаас эдийн засагт мөнгө нийлүүлээгүй байсан бол төсвийн цоорхой үүсч эдийн засгийн нөхцөл байдал ямар түвшинд хүрэх байсан бэ гэдэг нь харагдаж байгаа болов уу.

Бүтээн байгуулалтын ажил энэ хэмжээгээр зогсох байсан шүү дээ. Засгийн газар Монголбанктай хамтарч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд эдийн засаг тогтвортой байна. Гэхдээ энэ бол төсвөөс гадуурх буюу нэмэлт эх үүсвэрээр хийсэн ажил.

Монголбанк Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу эдийн засагт мөнгө нийлүүлсэн. Гэхдээ энэ санхүүжилтийг авсан яамдууд ажлаа сайн хийж чадаагүй. Монголбанкнаас дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр мөнгө гаргасан боловч зарим яам төлөвлөсөн ажлаа хийж чадалгүй буцсан тохиолдол гарсан.

Яамд үндсэн ажлаа хийж чадаж байна уу, тэнд байгаа мэргэжилтэн, ажилтнууд ажиллаж буй чиглэлээрээ мэргэшиж чадсан уу гэдэг нь бодох хэрэгтэй л зүйл.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг “Жижиг хөрөнгө оруулагчдыг түлхсэн хууль болсон. Хөрөнгө оруулалтад эхний алхам нь бага хэмжээний хөрөнгө оруулалт байдаг атал үүнийг үгүй хийснээр гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулсан” гэж зарим эдийн засагч дүгнэж байгаа. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль эрх зүйн орчныг хэрхэн өөрчлөх ёстой юм бэ?

-Эдийн засгийн байнгын хорооноос УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж цаашид ямар алхам хийх вэ гэдэг судалгааг гаргасан байгаа. Судалгааны үр дүнг Засгийн газарт өргөн барьсан.

Энэ ажлын хэсэг эрдэмтэн судлаачид, яамдын мэргэжилтнүүд, үйлдвэрлэл эрхлэгчидтэй ярилцаж цаашид ямар хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах вэ, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг судалж, дүн шинжилгээ хийсэн юм.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой элдэв хэл ам, маргаан хөрөнгө оруулалтад нөлөөлсөн.

Өмнө нь гарсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль одоогийн  шаардлагыг хангахаа больсон учраас өөрчлөлт оруулах шаардлагатай болсон.

Мөн УИХ-ын өнгөрсөн сонгуулийн өмнө Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь тухайн үед сонгуульд зориулж гаргасан болон энэ хуулиа олон нийтэд таниулах, хэрэгжүүлэх журмууд нь гарахгүй байсаар олон нийтэд буруу хууль байна гэдэг ойлголт төрүүлсэн.

Дээр нь гадны хөрөнгө оруулагчдыг болгоомжлох байдалд шилжүүлснээс болж гадаадын хөрөнгө оруулалт зогсчихсон. Энэ нь улам даамжирсаар өнөөдрийг хүрлээ.

-Хөрөнгө оруулалт буурсан бас нэг шалтгаан нь Оюутолгойн ажил зогссонтой холбоотой байх?

-Тийм ээ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой элдэв хэл ам, маргаан хөрөнгө оруулалтад нөлөөлсөн. Энэ бүгдийг засч залруулах арга хэмжээг УИХ зайлшгүй авах хэрэгтэй. Иймээс Засгийн газрыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиа яаралтай УИХ-д оруул гэдэг шаардлага тавьсан.

Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэсэн хоёр хууль оруулж ирэх ёстой. Энэ хуулийг УИХ яаралтай батлах хэрэгтэй байна. Гэхдээ хэтэрхий яарвал дутуу дулимаг юм болох учраас ажиллах шаардлагатай.

Мөн хууль гарснаар хөрөнгө оруулагчдад ямар сайн талтай вэ, тэднийг хэрхэн хамгаалах вэ гэдэг тайлбаруудыг өгөхгүй бол болохгүй. Ер нь ойрын үед манай улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Учир нь ийм боломж нь хаагдаад байна.

Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчид биднийг Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг маш удаан ажигласан. Энэ хугацаанд өөрчлөлт орохгүй байснаас болоод тэдний итгэлийг алдчихлаа. Тиймээс бид энэ хуулийг ойрын хугацаанд батлах хэрэгтэй. Баталсан хуулиа маш сайн тайлбарлаж, тогтвортой болгох ёстой.

-Засгийн газраас энэ хуулийн төслийг хэзээ УИХ-д оруулж ирэх вэ?

-Засгийн газрын өнөөдөр /баасан гараг/-ийн хуралдаанаар энэ хуулийн төслийг эхний байдлаар хэлэлцэж байгаа байх гэж бодож байна. Гадаад, дотоодын гэж ялгахгүй манай улсад хөрөнгө оруулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг яаж дэмжиж, хамгаалах вэ, ажиллах нөхцөл бололцоог нь хэрхэн хангах вэ гэдгийг тодорхой болгох хууль юм.

Энэ хууль батлагдсанаар Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль зэрэг нь хүчингүй болно. Нэг үеэ бодвол дотоодын хөрөнгө оруулагчид бий болж байгаа учраас энэ хүмүүсийг дэмжсэн бодлого барих ёстой.

-Оюутолгойн дараагийн хөрөнгө оруулалт зогсчихлоо. Гол асуудал нь гэрээнд заасан хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдчихээд байна. Та энэ асуудлыг юу гэж дүгнэж байна вэ?

-Нэгэнт хийчихсэн гэрээг өөрчлөх гээд байгаа учраас л гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрөөд байна. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэл амаа олох гэж маш их хугацаа алдлаа. Одоо бид өөрсдөө хөрөнгө оруулагчдын араас хөөцөлддөг боллоо шүү дээ.

Оюутолгойн ажлыг хурдан хугацаанд хэвийн үргэлжлүүлэх чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Засгийн газраас ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Харамсалтай нь энэ ажлын хэсэг ажлаа хийсэнгүй. Тиймээс Засгийн газар энэ асуудлаар маш яаралтай өөрчлөлт хийж эхэлж байх шиг байна. Үүний үр дүнд ажил урагшилж байна гэж ойлгож байгаа.

-“Риотинто” компанийн удирд­лагуудтай цаашид яаж ойлголцох ёстой вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээгээ л хүндэтгэх ёстой. Энэ гэрээнд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ хэдийд, ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Ямар ч байсан гэрээгээ л хүндэтгэх нь зөв. Мөн аль ч талаа бодсон Оюутолгой төслийн ажлыг урагшлуулах хэрэгтэй байна.

-Эдийн засгийн нөхцөл байдлын шинжээчид “Үндэсний үйлдвэрлэлээ  хамгийн түрүүнд хөгжүүлмээр байна” гэж буй. Засгийн газрыг энэ чиглэлээр хангалттай сайн ажиллаж байна гэж бодож байгаа юу?

-Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад үндэсний үйлдвэрлэгчид чухал нөлөөтэй учраас тэднийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг бий болгомоор байна. Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсгээс Засгийн газарт өргөн барьсан тогтоолын төсөлд энэ чиглэлээр цаашид хэрхэн ажиллах талаар санал орсон. Намрын чуулганы үеэр үндэсний үйлдвэрлэгчийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг бий болгох талаар хамгийн түрүүнд хэлэлцэх учиртай.

-Ардчилсан намд өрнөж буй үйл явдлаас болоод хүмүүс энэ нам дотроо хагаралдаж байна гэж дүгнэх боллоо. Үнэхээр танай намынхан учир зүйгээ ололцохгүй байна уу?

-Ардчилсан намд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүн олон бий. УИХ-аас байгуулагдсан Засгийн газрын ажил муу байгаа бол буруу нь УИХ-д хамаатай учраас энэ байгууллагын бүтэц, Засгийн газрын үйл ажиллагаанд манай намын олон гишүүн шүүмжлэлтэй хандаж байгаа.

Засгийн газар нь УИХ-ынхаа өгсөн үүргийг биелүүлдэг болсон цагт л зөв гольдрилоор явна.

Энэ нь иргэдэд Ардчилсан намынхан хоорондоо сөргөлдөж эхэллээ гэж ойлгогдож байж магадгүй. Жишээлбэл, УИХ ажлаа хийж чадахгүй байна. УИХ эрхээ бусдад алдчихсан учраас хийж байгаа ажил нь үр дүнгүй болж байгаа юм.

Тиймээс гишүүд УИХ-ыг жинхэнэ утгаар нь УИХ болгож үйл ажиллагаагаа хууль дүрмийн дагуу явуулдаг, Засгийн газраа хянадаг, чиглэл өгдөг, Засгийн газар нь УИХ-ынхаа өгсөн үүргийг биелүүлдэг болсон цагт л зөв гольдрилоор явна.

Үүнийг манай намын гишүүд ярьж байгаа учраас зарим хүнд ийм ойлголт төрсөн байх. Энэ бол хагарал гэхээс илүү үзэл бодлын ялгаа юм. УИХ-ын байнгын хорооны гаргасан шийдвэрийг биелүүлдэг сайд ховордсон байна. Энэ нь УИХ муу ажиллаж байгааг харуулж буй учраас үүнийг засч залруулах ёстой.

Ирэх намрын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Мөн засаглалыг хуваах талаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг яаралтай хэлэлцэж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх уу гэдгийг шийдмээр байна. Үүнээс гадна Засгийн газрын одоогийн бүтэц буруу байна. Засгийн газарт бодлогын яам байх ёстой.

Яамд бодлого боловсруулдаг. Үүнийг хэрэгжүүлэгчид нь агентлагууд юм. Гэтэл энэ бүтэц алдагдсанаас болж салбарын сайд, газрын дарга нар аж ахуйн ажилтай зууралдаж байна. Үүнээс болж бодлого боловсруулах ажил саатаж байгаа юм.