2013.08.23

Оюу Толгой компани монгол ажилчиддаа эрс ялгаатай цалин хөлс олгож байгаа

Монголчууд бид Оюу Толгой компанийг Монгол Улсын болон Олон улсын хууль тогтоомж, гэрээ конвенц, стандарт хэм хэмжээг дагаж мөрдөж ажиллахыг шаардаж байна. Оюу Толгой компани нь хүнийг арьс өнгөөр, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үндэс суурийг Монгол Улсад төлөвшүүлж байна гэж үзэх хүн олон байна. Үүний нэг тод жишээ нь Монгол ажилчиддаа эрс ялгаатай цалин хөлс олгож байгааг Монгол Улсын Хөдөлмөрийн яам хяналт шалгалтаараа тогтоосон.

Монгол ажилчдаа шударгаар үнэлж, шударга цалинг нэн даруй тогтоож өгөхийг шаардаж байна.

Иймд Оюу Толгой компанийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө Оруулалтын Гэрээний 8.1 дэх заалтаа биелүүлэх цаг болсныг анхааруулж, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100-р конвенцийн дагуу бүх Монгол ажилчдаа шударгаар үнэлж, шударга цалинг нэн даруй тогтоож өгөхийг шаардаж байна.

Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсноороо Олон улсын өмнө түүнийг хэрэгжүүлэх хариуцлага хүлээх үүрэг ногдож байдаг мөн Монголын Улсын Засгийн газартай Хөрөнгө Оруулалтын Гэрээ байгуулснаараа Оюу Толгой компани нь Олон улсын болон Монгол Улсын өмнө энэхүү үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх үүрэгтэй юм.