Б.Жавхлан: “Номад” “Сенчири-2” бондыг төлөх өрийн зохицуулалт хийлээ
2025.02.21

Б.Жавхлан: “Номад” “Сенчири-2” бондыг төлөх өрийн зохицуулалт хийлээ

Монгол Улсын Засгийн газар 6.625 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 500.0 сая ам.долларын бонд олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалж, “Номад”, “Сенчири II” бондоос буцаан худалдан авах байдлаар өрийн зохицуулалтыг хийсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. 

Хөрөнгө оруулагчдаас “Сенчири IV” бондыг худалдан авах анхдагч захиалга арилжаалах хэмжээнээс 8.2 дахин давж, 4.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Тэрбээр хэлэхдээ “Энэ нь олон улсад Засгийн газрын бондын эрэлт өндөр байгаагаас гадна хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдсэнийг харуулж байна. 

Үүнтэй холбоотойгоор манай улсын бондын spread буюу эрсдэлийн нэмэгдэл 2.27 хувь болж,  түүхэн доод түвшинд хүрч буурсан бөгөөд бондын хүүг хоёрдогч зах зээлийн хүүгээс доогуур тогтоох боломжийг бий болголоо. 

“Сенчири  IV” бондыг арилжаалах үеэр манай улсаас өндөр зээлжих зэрэглэлтэй Узбекстан, Бразил, Доминикан зэрэг улс бонд гаргасан боловч манай улс эдгээр улсуудаас 0.1-0.4 нэгж хувиар бага хүүтэй бонд гаргалаа.

Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэр татах боломж нээгдэж байна. 

Засгийн газраас гадаад өрийн зохицуулалтыг ийнхүү амжилттай хийж, өрийн тогтвортой байдлыг сайжруулснаар 2026 оны "Номад" бондын үлдэгдэл төлбөрийг төсөв, эдийн засагт дарамтгүйгээр төлж барагдуулан гадаад өрийн хэмжээг бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг дахин ахиулах, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам боллоо” хэмээн онцлов.